Эрчим хүчний форум болно

Москва хотод болдог олон улсын эрчим хүчний 11 дэх форумыг ирэх оны дөрөвдүгээр сарын 8-11-ний хооронд “Экспоцентр”-т зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумтай зэрэгцээ “Оросын түлш, эрчим хүч XXI зуунд” нэртэй үзэсгэлэн гарах аж.

Эрчим хүчний чуулга уулзалтыг ОХУ-ын “Эрчим хүчний яам” болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийх аж. Арга хэмжээний түншээр жил бүр "Газпром", "Роснефть", "ФСК ЕЭС", "Оросын төмөр зам" гэхчлэн эрчим хүчний томоохон компаниуд ордог уламжлал тогтоосон байна.

Түүнчлэн форумд үндэсний болон бүсийн албан хаагчид, томоохон компанийн менежерүүд, санхүүчид, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд оролцох аж. Мөн эрчим хүчний компанийн хоёр мянга гаруй удирдагч, бусад орны элчин сайдын яамдаас төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.Форумаар түлш, эрчим хүчний компаниудад нүүрлэсэн бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар түлхүү ярилцах аж. Түүнчлэн түлш, эрчим хүчний компаниудын Оросын нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг танилцуулах гэнэ.