Эрчим хүчний хомсдолоос гарах гарц бол цөмийн энергийг ашиглах

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр цөмийн энергийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарт ашиглах хандлага түгээмэл болсон. Энэ нь эдийн засаг, экологийн хувьд ч өндөр ашигтай гэж судлаачид сануулдаг. Тэгвэл Академич С.Энхбатаас цөмийн энергийн өнөөгийн хэрэглээ, дэлхий нийтийн чиг хандлага, манайд цөмийн энергийг ашиглах ямар боломж байгаа талаар тодрууллаа.

- Таны бодлоор манайд яагаад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай вэ?

-Юун түрүүнд манай улс цөмийн эрчим хүчний станцын түлш болох ураны нөөц ихтэй, нөгөө талаас хүн амын эрчимтэй өсөлт, эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг дагаад эрчим хүчний хэрэглээ ихээхэн нэмэгдэж байна. Гэвч манай цахилгаан станцууд энэ их эрэлт хэрэгцээг хангахад хүчин чадал мөхөстөж байгаа юм. Бидний судалж үзсэнээр одоогийн цахилгаан станцуудын хүчин чадал энэ оноос эрчим хүчний бодит хэрэгцээг хангах боломж суларна. Тэгэхээр төвийн халаалтын системд энергийн хомсдол үүсэх нь тодорхой болсон. Тиймээс Монгол Улс ирээдүйд цэвэр энергийн системийг хөгжүүлэхийн тулд цөмийн энергийг ашиглах шаардлага зайлшгүй урган гарч байна. Цөмийн эрчим хүч нь аюулгүй ажиллагаа өндөр, орчин үеийн дэвшилтэт технологитой, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, өртөг багатай эрчим хүч үйлдвэрлэдэгээрээ ихээхэн ач холбогдолтой. Тиймээс манай улс 2008 оноос Цөмийн эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд явж байна. Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд 2010-2011 онд “Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа – I, II” хэрэгжүүлсэн. Мөн “СМАРТ” реакторын хамтарсан ТЭЗҮ боловсруулах ажлыг ч хийсэн. Одоо ЭБЭХЯ, БОАЖЯ, Тагнуулын ерөнхий газар, Технологи төв болон Цөмийн судалгааны төв зэрэг байгууллага хамтран “Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Ер нь эрчим хүчний хомсдолоос гарах гарц бол цөмийн эрчим хүчний энергийг ашиглах гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа.

-“Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төсөл хэр үр дүнтэй хэрэгжиж байна?

-Бид төслийн хүрээнд эрчим хүчний бодлого болон төлөвлөсөн хэрэглээ хэрэгцээний үндсэн дээр Монгол Улсын 2035 он хүртэлх эрчим хүчний хангамж, хэрэгцээ, экспортлох боломж, цөмийн эрчим хүчний эзлэх хувь хэмжээг урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан. Түүнчлэн том оврын цөмийн эрчим хүчний станц барих боломжтой гурван байршлыг урьдчилсан байдлаар сонгосон байна. Үүнд, Говь сүмбэр аймгийн Баянтал, “Тэрэгтийн тал”, Төв аймгийн Баянжаргалан, “Баян–Эрхэт” уулын бэл, Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрийг эхний байдлаар төлөвлөж байна. Харин бага оврын цөмийн эрчим хүчний станцыг Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцын ойролцоо барьж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах саналыг дэвшүүлсэн.

-Манайд байгаа ураны нөөц ирээдүйд баригдах станцуудын хэрэгцээг хангах бүрэн боломжтой юу?

-Манайд ураны есөн орд, 100 орчим илрэл, 1000 орчим эрдэсжсэн цэг, гажил бийг тогтоосон. Үүнээс батлагдсан ураны нөөц нь 74 мянган тонн, таамаг нь 1.5 сая тонн байна. Манай улс ойрын гурван жилд Гурван булаг, Дорнод, Хайрхан, Хараат, Дулаан Уулын ураны ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, олборлохоор төлөвлөж байгаа.

- Цөмийн эрчим хүчний хэрэглээ дэлхий нийтэд ямар түвшинд байна вэ?

-Цөмийн гинжин урвалыг удирдлагатайгаар явуулдаг төхөөрөмжийг цөмийн реактор гэнэ. Цөмийн реакторыг Цөмийн эрчим хүчний станц, хөлөг онгоцны хөдөлгүүрийг ажиллуулахад ашигладаг. Энэ оны байдлаар дэлхийн 31 оронд 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 376 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 15 хувийг эзэлж байна. Дээр нь 200 гаруй цөмийн реакторыг 140 орчим усан онгоцны хөдөлгүүрт ашиглаж байгаа. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр дэлхий даяар шинээр 61 цөмийн эрчим хүчний реактор баригдаж байгаа бөгөөд түүний ихэнх нь хөгжиж буй орнуудад нээгдэх хандлагатай байгаа юм. Тэдний тооцоолж буйгаар 2025 онд хөгжиж байгаа 23 орон, 2050 онд 26 орон цөмийн эрчим хүчний реактортай болох аж. Тэгэхээр цаашдаа дэлхийн эрчим хүчний хэрэглээнд цөмийн эрчим хүчийг хэрэглэх чиглэл өсөх хандлагатай байгаа юм.

-Дэлхий нийтэд цөмийн энергийн хэрэглээний өнөөгийн чиг хандлага ямар байна вэ?

-ОХУ-д 1986 онд болсон Чернабелийн их ослоос хойш цөмийн энергийг ашиглах хэрэглэх чиглэлийн яриа багасаж, иргэд айдаст автаж эхэлсэн. Энэ үед цөмийн салбар зогсонги байдалд орсон. Үүнээс хойш бүх эрдэмтэн, судлаач цөмийн технологийг аюулгүй ажиллагааг судалж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд олон орон цөмийн технологийг сонирхож, 60 орчим орон цөмийн эрчим хүчийг өөрийн улсдаа нэвтрүүлэхээр зэхэж байна. Бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт цөмийн технологи нэвтэрсэн байдаг. Жишээ нь, ангаах ухааны салбарт яс болон үе мөчний бэртэл гэмтлийг оношлоход рентген цацрагаар, дотор эрхтний болоод шүдний рентген зураг авахад кобальт-60 болон бусад рентген цацрагийн үүсгүүрийг ашигладаг. Түүнчлэн эмчилгээнд иончлогч цацрагийг хавдрын эсийг устгахад ашиглахад үр дүнтэй. Мөн уул уурхайн хайгуул хийх, нөөцийг тогтоох, баяжуулж, олборлоход болон хүнс хөдөө аж ахуйн салбарт хүнсийг ариутгахаас эхлээд шинэ сортын буудай, төмс тариалахад цөмийн энергийг хэрэглэх боломж бүрэн бий. Түүнчлэн археологийн олдворын насыг тогтоох, элементийн анализ хийж, тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоох зэргээр ашиглаж байна.