Эрчим хүч өвөлд бэлэн

Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилж буй энэ үед өвөлжилтийн бэлтгэл ид хийгдэж буй. IV цахилгаан станц Төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувь, нийслэлийн хэрэглээний 65 орчим хувийг дангаараа хангадаг. Тэгвэл өвөлжилтийн бэлтэлийн талаар “IV цахилгаан станц” төрийн өмчит компанийн гүйцэтгэх Б.Цэвээн хэлэхдээ “ Манайх өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна. Тухайлбал, 100 МВт-ын хүчин чадалтай турбин шинээр нэмж суурилуулах, 210 МВт-ын хүчин чадал бүхий дэд станц барих, зуухнуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж байна” гэв. Тус станц нь жилдээ гурван сая тонн нүүрс хэрэглэж, 3.3 тэрбум кВ.ц цахилгаан эрчим хүч, 3.2 мян.Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг байна. Тэгвэл нийслэлчүүд төдийгүй төвийн бүсийнхэн чих тавин хүлээж буй цахилгаан эрчим хүчний шинэ, томоохон эх үүсвэр бол V ДЦС –ын ажлын явцын талаар ч албаныхан ярьсан.

V ДЦС тендерийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж буй. 2015 он хүртэлх үе шатанд 450 МВт чадалтай эхний барилга байгууламжийг ашиглалтад оруулах бол хоёрдугаар шатанд 370 МВт чадалтай байгууламжийг барих ажээ. Тэгвэл эхний шатны тендерийн ялагч Япон, БНСУ, Монголын хамтарсан консерциум буй. Тэдний бүтээн байгуулалт мэргэжлийн байгууллагуудын техникийн дүгнэлтээс үүдэж бага зэрэг саатаж байгаа ч шинэ цахилгаан станцын ажил арваннэгдүгээр сараас жигдэрнэ гэдгийг албаныхан онцоллоо.