Эрэлт ба нийлүүлэлтийн тавцан

Штефан А.Фишер нь Германы Мюнхен хот дахь “FV Messe” нэртэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг агентлагийн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр Швейцарийн Женев хотноо төрсөн бөгөөд Техно­логийн их сургуулийн инженерийн ангийг төгссөн байна. Фишер зөвлөх компани ажиллуулж, олон улсын биз­несийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр хожуу Швейцарийн үзэсгэлэн зохион байгуулах салбараас гарч өөрийн гэсэн бизнес эрхэлсэн байна. “FV Messe” нь дэлхий дахинд алдартай Германы үндэсний павилионыг зохион байгуулагч албан ёсны байгууллага юм. “Фьючюр Монголиа- 2012” үзэсгэлэн нь энэ оны тавдугаар сарын 16-19-нд Германы инженерийн холбоо (VDMA), “VF Messe” компани, дотоодын түнш Аммак МГЛ болон “Интеркансалтинг” ХХК-тай хамтарч Буянт Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дэргэдэх Спортын цогцолборт зохион байгуулагдана.

-Та өргөжин тэлж чадсан энэхүү бизнесийн санаагаа анх яаж олсон бэ?
-“FV Messe” aгентлаг нь 2000 онд Германд байгуулагдсан. Уг бизнесийг эрхлэх санаа анх Германд үзэсгэлэнд оролцохоор ирж буй компаниудад үйлчилгээ үзүүлэхээс эхэлсэн ба удалгүй хамтран ажиллаж эхэлсэн байгууллагууд ч сэтгэл хангалуун манай үйлчилгээг авах болсон юм. Хэрвээ би зах зээл дээр өөрийн авахыг хүссэн барааг олохгүй бол өөрөө түүнийг бий болгодог. Энэ бол миний зарчмын философи. Үйлчлүүлэгчдийн төлөө бид өөр агентлагаас түр ажилтан авах хэрэгцээ гардаг байсан. Гэвч чанарын хувьд миний санасан шиг байгаагүй. Тиймээс өөрийн агентлагийг нээсэн. Энэ нь удалгүй Мюнхен хотод үзэсгэлэн худалдааны гэрээт үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллагуудын нэг болж чадсан.
Бид Германы үзэсгэлэнг гадаадад албан ёсны байдлаар зохион бай­гуулагч болох зөвшөөрлийг холбогдох байгууллагаас өргөдөл гаргаж авсан. Ингэж бид Германы Эдийн засгийн яамны даалгавраар Германы аж үйлдвэрийн салбарыг олон улсын үзэсгэлэн худалдаанд төлөөлөн оролцох болсон билээ. Өдгөө Хятадаас Бразил хүртэл олон улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

-“Фьючюр Монголиа -2012” үзэсгэлэнг яагаад зохион байгуулах болсон, онцлог, ач холбогдлынх нь талаар ярихгүй юу?
-2010 оны есдүгээр сард Германы инженерийн холбоо, архитекторч Йюрген Фогел болон манай компани нь Германы талын үзэсгэлэн худалдааг “Дисковер Монголиа” дээр төлөөлөн зохион байгуулсан. Бид Германы Засгийн газартай хийсэн гэрээт ажлаа тун амжилттай гүйцэтгэсэн. Ер нь Монголын энэ их нөөц бололцоог харахгүй өнгөрөх нь харалган явдал болно. Мэдээж ганц уул уурхай биш, уул уурхайг дагалдан орж ирэх бусад салбар нь маш чухал. Тиймээс үүнийг хэрхэн хийх вэ гэдэг агуулгыг би боловсруулсан. Ингээд тусгайлан олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг дагнасан байгууллагын архитектор Фогелтэй хамтран байгуул­сан. Өнөөгийн FV үзэсгэлэн худалдаа агентлаг гэдэг нь өөрсдийн овог Фогел, Фишерээр нэрлэн байгуулсан түүхтэй юм.

-Хамгийн сүүлд хаана ямар үзэсгэлэн зохион байгуулсан бэ?
-Майамид аялал жуулчлалын компаниудыг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулсан. Герман улсаас 30 гаруй байгууллага тус арга хэмжээнд оролцсон. Тэрний өмнө Миннеаполист төмөр замын үзүүлбэр гаргасан. Өнгөрсөн жил Туркт барилгын үзэсгэлэн гаргасан. Ер нь үзэсгэлэн худалдаа гэдэг нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгчид болон худалдаж авах боломжит үйлчлүүлэгчид нарын уулзах тавцан гэж энгийнээр тодорхойлж болно. Бидний ажил бол энэхүү хоёр талын харилцааг аль болох ямар ч асуудалгүй явуулахын тулд газар дээр нь зохион байгуулах явдал юм. Эртний үгэнд “Та морио усны дэргэд авчирч болно гэхдээ морь өөрөө ундлах ёстой” гэдэг сайхан үг байдаг.

-Монголд хийх үзэсгэлэнд бусад газраас тусламж дэмжлэг авсан уу?
-Бид эхнээсээ л Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам болон Монголын Засгийн газраас маш их дэмжлэг авсаар ирсэн. Ер нь хаана ч үзэсгэлэн гаргасан тухайн оронд буй Элчин сайдын яамнаас жишээлбэл Москва, Лондоны Элчин сайдын яамд гээд үргэлж хамтран ажиллаж зөвлөгөө өгсөөр ирсэн. Үүний дараа бид түнш хайх эрэлд гарч, Аммак МГЛ гэдэг Монголд нэлээд өргөн сүлжээтэй ажилладаг Герман компанитай холбоо тогтоосон. Өнгөрсөн оны тавдугаар сард бид Монголд ирж нийгэм, эдийн засгийн томоохон төлөөлөгчидтэй уулзаж, зөв санаачлага гаргаж байгаагаа баталгаажуулсан юм.
Энэ үед бүгд л ийм үзэсгэлэн үнэхээр хэрэгтэй гэдэгт санал нэгтэй байсан. Гол асуудал бол хэрхэн үүнийг хийх вэ гэдэгт оршиж байв. Тиймээс дан ганц уул уурхай барилгын салбар биш харин дагалдан ирэх олон салбарыг татан оролцуулах хэрэгтэй гэсэн санааг бидний зүгээс гаргасан. Үзэсгэлэнд улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр болох бүх зүйлийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Тогтвортой хөгжил гэдэг нь улс орны хөгжлийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Хэрвээ хөдөө нутаг сүйрвэл нүүдэлчин ард түмэн хэрхэн аж төрөх вэ? Тогтвортой байдал нь хөгжил болоод аж үйлдвэрийн эсрэг зүйл биш ээ, харин шинэ ажлын байр, гарц, хөгжлийг л авчрах ёстой.

-Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагчийн хувьд биелүүлэх ёстой хамгийн гол журам юу вэ?
-Тэгэхээр үзэсгэлэн зохион байгуу­лагч нь эрэлт ба нийлүүлэлтэд үзүүлэх өөрийн үйлчилгээ үзүүлэг­чийнхээ үүргийг нэн түрүүн ухамсар­ласан байх хэрэгтэй. Бид тавцанг үүсгэж байгаа бөгөөд тэдэнд үйлчлэх ёстой. Хамгийн түрүүнд зохион байгуулагч нь тухайн мэргэжлийн сал­барын туршлага мэдлэг­гүй бол тухайн асуудлаар хэзээ ч бүү зөвлөгөө өгч, мэтгэлц. Үзэсгэлэн бол маш чухал учир үндэсний эдийн засагт нөлөөлөхийг оролдсон ямар нэг улс төрийн зэвсэг болох ёсгүй. Тэгээд ч тухайн үзэсгэлэн нь Засгийн газар ба орон нутагт үр өгөөжөө өгч тэднийг оролцуулах учраас бид бол зөвхөн үйлчилгээ үзүүлэх ёстой гэд­гийг маш сайн анхаарч, үүнийгээ мартаж болохгүй. Дунджаар арван үзэсгэлэнгээс гурав нь ирээдүйд ашиг олдог. Үүнээс долоо нь хэдэн жилийн дараа ор сураггүй алга болно. Үүний нэг шалтгаан нь зохион байгуулагчийн зүгээс гаргасан алдаа байдаг. Хэрэв зохион байгуулагч яг багш шиг зааж эхэлбэл үзэсгэлэн урт удаан наслахгүй. Энэ бол угаасаа бидний үүрэг биш харин бид зөвхөн тусалж дэмжих л ёстой гэдгийг санах ёстой.

-Таны бодлоор энэхүү үзэсгэлэн Монголд юу авчрах вэ?
-Монголд өндөр технологи, мэр­гэ­­­жилт­нүүд хэрэгтэй. Учир нь, нийлүү­лэлт нь эрэлтийг хангах нөхцөл тавигдаж, бизнесийн харилцааг хөн­гөвчилнө гэсэн үг. Үүгээр дамжуулан бид зах зээл дээр юу бэлэн байна мөн ямар шийдэл болон технологи нь тухайн улсын асуудлыг шийдэхэд хэрэгтэй гэдгийг харуулна. Тиймээс ийм төрлийн үзэсгэлэн байхгүй байсан бол шийдвэр гаргагчид зөв шийдвэр гаргахын тулд дэлхий даяар аялж, хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд маш их цаг хугацаа зарцуулах юм. Эрэлт ба нийлүүлэлтийг нэг дор авчрах гэдэг нь шийдлийг үйлдвэрлэж, нийлүүлдэг аж үйлдвэрийн салбартай нүүр тулан уулзахыг хэлж байна. Энэ нь Монголд ашигтай.

-Дэлхийн стандартад нийцсэн үзэсгэлэн хийхэд Монголд байр савны асуудал тун хүнд байдаг. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?
-Мэдээж нийслэл хотод өөрийн гэсэн зориулалтын үзэсгэлэн гаргах талбай хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн нь дараа нь чанарын өндөр түвшинд байгуулна гэдэгт итгэж байна. Гэхдээ эн түрүүнд хөгжлийн зүтгүүр болсон уул уурхайн үйлдвэрлэлийг өндөр технологиор хангах ёстой. Зах зээлийн нөөц бололцоо ихтэй учраас Улаанбаатар нь худалдааны үзэсгэлэн гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр Монгол Улс нь өндөр технологи худалдан авах бүрэн боломжтой болно. Энэ бол хэрэгцээ.

-Үзэсгэлэн зохион байгуулах төрлүүдийн талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Жишээ нь Америк болон Европт үзэсгэлэн гаргахад өөр өөр байдаг. Америкт үзэсгэлэнд оролцож талбай авч байгаа хүн тутамд есөн ам метр талбай олгодог. Европын хувьд бидний зүгээс үзүүлэх үйлчилгээнд тохируулан нэ­лээд уян хатан байдлаар ханддаг. Америкийн хувьд эрэлттэй хэсэг нь үзэсгэлэнг зохион байгуулж нийлүүлэлт талаа урьдаг. Харин Европт бол нийлүүлэлт талуудыг нэг дор цуглуулж, эрэлтийг дууддаг.

-Манай улсын хувьд та ямар төрлийн тоног төхөөрөмжийг санал болгох вэ?
-Танай орны усны хомсдол нь усны судалгаа хийх болон ашиглалтад хамгийн шилдэг технологийг шаардаж байна. Та бүхэн усаа дахин ашиглах хэрэгтэй. Ийм төрлийн технологи нь туйлын чухал. Үзэсгэлэнд оролцогчид ийм төрлийн технологи оруулж ирнэ гэдэгт найдаж байна. Хэрэв энэ удаа биш юм гэхэд дараагийн удаа болох юм. Бид “Фьючюр Монголиа” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг олж харах ёстой.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-“Фьючюр Монголиа-2012” үзэс­гэлэн нь үнэгүй байхаас гадна хотын төвөөс үзэсгэлэн болж байгаа газар луу автобусаар үйлчилнэ. Үүнээс гадна инженерийн чиглэлээр сурч байгаа монгол оюутнуудыг урьж оролцуулна. Ингэснээр тэд бодит байдалд улам илүү ойртон салбарын мэргэжилтнүүдтэй нүүр тулж уулзан бизнес гэж юу болохыг илүү сайн ойлгоно. Сурч байгаа хугацаанд онол илүү сурдаг боловч ажлын талбар дээр бизнес хийхэд ямар байдаг талаар өөрийн биеэр үзэх нь туйлын чухал. Тиймээс тэдэнд аж үйлдвэрийн үнэрийг үнэртүүлж, мэдрүүлэх хэрэгтэй байна.