Эрүүл мэндийн гадагшаа урсдаг мөнгийг дотооддоо аргамжих боломж

АНУ-ын Райт мужийн их сургуулийн “Бооншофт” Анагаах ухааны их сургуулийн тэнхимийн Патологийн ухааны клиникийн туслах профессор Пол М.Гиббс Монголд ирээд “Mongolian economy” сэтгүүлийн редакцид зочилсон юм. Энэ үеэр “ПИ-Эф-Ай” ХХК-ийн Монголд хэрэгжүүлж байгаа “Алсын зайн оношилгоог” нэвтрүүлэх хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Алсын зайн оношилгоо нь Монголын эрүүл мэндийн салбарт шинэхэн ойлголт. Тиймээс та энэ ойлголтын талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-Ихэнх эмгэг судлаачид шинжилгээ хийхдээ микроскопоор хардаг. Харин алсын зайны оношилгоо нь технологийн дэвшлийг илүү ашигладаг гэж хэлж болно. Өвчтөнөөс авсан дээжийг тусгай машинд хийгээд нарийвчлал бүхий зургийг бэлэн болгож, тухайн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлдэг. Уг зурган мэдээллийг дэлхийн хаа сайгүй байршсан тусгай мэргэжлийн эмч нарт цахим шуудангаар хүргүүлж, илүү нарийвчилсан онош авдаг юм. Энэ нь нэг талаар үйлчлүүлэгч өндөр чадвартай эмч, эмнэлэгт очихийн тулд гаднын аль нэг оронд очих биш өөрийн орноосоо дэлхийн хаа нэгтээ байгаа сайн эмчээр онош бичүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Түүнчлэн технологийн хувьд илүү нарийвчилсан мэдээлэл бий болгох боломжийг бүрдүүлдэг болохоор эмгэг судлаач эмчид онош тавихад илүү хялбар байдаг. Иргэдэд илүү ойлгомжтой байх үүднээс оношлогоо хийлгэх үе шатыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй байх. Хэрвээ иргэн та алсын зайны шинжилгээ өгөхийг хүсвэл энэ төрлийн шинжилгээ хийдэг эмнэлэгт ирж эсийн шинжилгээ өгнө. Тухайн эсийг эмнэлгийн ажилтан скайнердаад лабораторт өгнө. Эмгэг судлаач эмч тухайн мэдээллийг авсан даруй дүгнэлтээ бичээд оношийг өвчтөнд өгдөг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээд асуудал тулгамдсан байх.
-Бид 2011 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх орж ирэхдээ олон төрлийн судалгаа хийх шаардлагатай тулгарч байлаа. Тухайлбал, Монголд алсын зайны оношилгоо хөгжсөн эсэх. Эмч нар нь энэ талаар мэдлэгтэй болов уу. Ард иргэд нь алсын зайн оношилгооны талаар ойлголттой юу гээд хариулт авах асуулт олон байлаа. Мөн шийдэхэд хамгийн бэрхшээлтэй байсан асуудал бол улсын байгууллагатай хамтарч ажиллах уу эсвэл хувийн хэвшлийнхэнтэй хамтрах уу гэдэг байсан. Харин судалгааны дараа Монголын эрүүл мэндийн салбарт хувийн хэвшил нь илүү өрсөлдөх чадвартай гэсэн дүн гарсан. Тийм учраас бид Улаанбаатарт “Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. Ер нь эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нөгөө талдаа энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тул бизнесийн үр ашгийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр хувийн хэвшилтэй хамтрах нь илүү үр ашигтай байдаг.
-Эрүүл мэндийн асуудал нь иргэдийн хэтэвчтэй шууд холбоотой байдаг. Тиймээс энэ үйлчилгээ нь өрхийн эдийн засагт ямар эерэг нөлөөллийг авчрах вэ?
-Өрхийн төсөвөөс гадна эрүүл мэндийн салбар нь улс төрийн болоод эдийн засгийн олон ач холбогдолтой байдаг. Тухайлбал, алсын зайн оношилгоог дотооддоо хийдэг болсноор Засгийн газрын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний үнийг тодорхой түвшинд барих боломжтой болох юм. Энэ нь салбарын үйлчилгээг сайжруулах боломжийг нэмэгдүүлж, төрийн ард иргэддээ чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хөшүүрэг гэж хэлж болно. Мөн эрүүл мэндийн салбарынхан туршлага солилцохын тулд заавал гаднын эмчийг урьж эх орондоо авчрах шаардлагагүй болж байгаа хэрэг. Учир нь алсын зайн оношилгоо нь эмч нар хоорондоо онлайнаар туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг юм. Эдийн засгийн хувьд эрүүл мэндийн салбарт эргэлдэж байгаа хөрөнгийг дотоод эдийн засагт нь үлдээх боломж бүрдэнэ. Тухайлбал, өнөөдөр Монголын нэг иргэн хүндээр өвдлөө гэхэд үзлэгт хамрагдаж, оношилгоо хийлгэж, эмчлүүлэхийн тулд Хятад, Солонгос гээд хилийн чанадад гарч сэтгэлд хүрсэн үйлчилгээгээ авч байгаа нь олон хүндрэл, зардал чирэгдлийг араасаа дагуулдаг. Энэ нь нэг талаар дотоод эдийн засаг дахь мөнгө гадагшаа урсаж байгаа хэлбэр. Тэгвэл үйлчлүүлэгчдийн хилийн чанадаас аваад байгаа тэр үйлчилгээг дотооддоо бий болгох нь хөрөнгийн гадагшлах урсгалыг багасгана. Иргэдэд очдог олон хүндрэлийг арилгана. Адаглаад онгоцны тасалбарын мөнгөнд өгдөг мөнгөө эмчилгээндээ зарцуулах боломжтой болно шүү дээ. Энэ бүгдийн эхлэл нь өвчтөний оношийг дэлхийн жишигт нийцсэн хэмжээнд баталгаатай гаргаж өгөх явдал юм. Ингэж чадвал ядаж оношилгоо хийлгэх гэж гадагшаа урсдаг тэр мөнгийг дотооддоо үлдээнэ. Иргэдийн хувьд ч илүү амар хялбар үйлчилгээ авах анхан шатны боломж бүрдэнэ. Харин цаашдын том зорилго бол бүх төрлийн эмчилгээг Монголд хийдэг болгох юм.
-Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэдлэг боловсрол, шинэ технологи эзэмших чадвар ямар байна вэ?
-Хоёр төрлийн эмч нар байна. Нэг хэсэг нь дэлхий дахины мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхдаг, ажиллах арга барилдаа технологийн дэвшлийг тусгадаг нэг хэсэг байхад нөгөө талд нь олон жилийн өмнө боловсрол эзэмшсэн тэр болосвролдоо найдаад шинэ технологитой танилцдаггүй хэсэг бас байна. Энэ нь уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаах ухаан хоёрын дунд том зай үүсчихээд байгаа юм. Тэр зайны жаахан хэсгийг ч болов нөхөх хэрэгтэй. Тухайлбал, эмчлэгч эмч нарын хувьд эмгэг судлаач эмчийн тавьсан дүгнэлийн дагуу эмчилгээ хийдэг. Тэгэхээр эмчилгээ сайн байх эхний шат нь үзлэг, оношилгоо юм. Монголд ирээд судалгаа хийж үзэхэд нэг эмнэлэгт цөөн тооны л эмгэг судлаач эмч байсан. Гэтэл тэдгээр ажилчид өвдвөл яах вэ гэдэг асуудал байна. Тэгвэл алсын зайны оношилгоо нь хүний нөөцийн энэ алдагдлыг нөхөх боломж юм. Нөгөө талаар цахим хэлбэрээр олон улсын эмч нартай туршлага солилцох боломж бүрдэнэ. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх боломж юм. Мөн цахим мэдээлэл гэдэг нь тодорхой санах ойд хадгалгдаад үлддэг тул сургалтын бааз болдог.
-Нууц биш бол хэтийн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Хүнд сонголт үргэлж байдаг. Эрүүл мэндийн хувьд ч олон сонголт бий. Мөн сонголтыг нэмэгдүүлэх олон боломж бий. Тухайлбал, аливаа өвчнийг хүндрээгүй байхад нь эрт оношлуулж чадвал эмчилгээ хийлгэх, урдчилан сэргийлэх олон боломжоос өөртөө нэн түрүүнд хэрэгцээтэйг нь сонгох боломж бүрдэх юм. Яг хавдартай юу эсвэл хавдартай байж магадгүй гэх онош нь хүний амь настай холбоотой асуудал. Эмчилгээний анхан шат нь оношилгоо байдаг. Зөв оноштой бол зөв эмчлүүлж чадна шүү дээ. Тиймээс иргэд аль ч эмнэлэгт очсон зөв оношлуулж чадаж байна уу гэдгээс эмчилгээний үр дүн хамаарна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ та аль нэг эмнэлэгийн үзлэг, оношийг дахин баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол манай алсын зайн үзлэгт хамрагдаж болно. Мөн бид ойрын хугацаанд Монголд эрүүл мэндийн шинэ үйлчилгээг оруулж ирэхээр ажиллаж байна. Тэр нь илүү нарийвчилсан шинжилгээ хийх боломж юм. Сүүлийн 30 гаруй жилийн туршид шинжилгээ хийх арга улам нарийсч байна. Өмнө эсийг л хардаг байсан бол одоо молекуль тус бүрийг харах боломж эмч нарт бий болсон. Үүнийг Монголын эрүүл мэндийн салбарт оруулж ирэх нь өвчнийг илүү нарийн судлах боломж юм.
-Танай хөтөлбөрийн зорилтот бүлэг нь хэн бэ. Тэдэнд хүрч ажиллаж чадаж байна уу?
-Их сонирхолтой асуулт байна. Бид зорилтот бүлэгдээ хүрч ажиллахыг хичээж байгаа. Тиймээс алсын зайн оношилгоонд нэг удаа хамрагдахад 30-50 ам.доллар байгаа. Энэ нь зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ. Ер нь эмгэг судлалын гол зорилго нь иргэд аль болох эрт зөв оношилуулж, өвчнөө хүндрээгүй байхад нь эмчлүүлэх байдаг. Тэгэхийн тулд мэдээж анхан шат буюу үзлэгт хамрагдах үнэ боломжийн байх хэрэгтэй.
-Монголд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үр дүнтэй арга юу байна вэ?
-Эрүүл мэндийн боловсрол гэдэг иргэн бүрт зайлшгүй байх ёстой ухагдахуун. Монголын эмнэлгүүдээр явж байхад “тамхи татах нь эрүүл мэндэд хортой”, “хорт хавдараас сэргийлэх арга замууд” гээд иргдэд хэрэгтэй анхааруулгыг олон тавьсан харагдсан. Ер нь эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ажлыг Засгийн газар, төрөөс бодлогоор хийхээс илүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээллийг өөрийн сувгаараа дамжуулах нь илүү үр дүнтэй. Америкийн туршлагаас харахад реклам сурталчилгаа болон иргэдийн хамгийн их хэрэглэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн талаарх ойлголт өгөх нь илүү үр дүнтэй гэдэг нь ажиглагдсан. Тухайлбал, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийхийг уриалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл иргэдийн өдөр тутмын амьдралд илүү ойр байдаг гэж би хувьдаа боддог.