Эрүүл мэндийн салбарыг ингэж шинэчилнэ

“Шинэчилж, шийдье-222” уулзалт хэлэлцүүлгийн энэ удаагийнх ЭМШУИС-ийн Урлагийн танхимд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, засаж сайжруулах, шинээр хийх ажлуудын талаар өрнөж байна.

Эрүүл мэндийн салбарын эрдэмтэн доктор, эмч, мэргэжилтнүүд, бодлого тодорхойлогч нийлсэн 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, “Эрүүл монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар эрүүл мэнд, цагдаа, хууль хяналт зэрэг иргэдэд хамгийн ойр байх ёстой салбаруудтай тулж ажиллаж эхэлсэн. Үүн дундаас хамгийн чухал нь эрүүл мэндийн салбарын эрс шинэчлэл, эрүүл монгол хүнийг олшруулах явдал юм. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээс тус салбарт хийх шинэчлэл, бодлогын тодорхой санал, санаачилга гарна гэж найдаж байна. Эрүүл мэндийн салбараа яаж шинэчилмээр байна, иргэнд хамгийн хүртээмжтэй, ойр салбар болгох гарц юу байна вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нь нээлттэй ярилцаж, санал, бодлоо илэрхийлэх нь хамгаас чухал” гэсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар Эрүүл мэндийн салбарыг гурван үе шаттайгаар шинэчлэхээр төлөвлөж буй аж. Үүнд:

1. Суурь шинэчлэл 2013-2014 он
2. Эрчимтэй шинэчлэл 2014-2015 он
3. Иж бүрэн шинэчлэл 2015-2016 он гэж заажээ. Ингэхдээ нэлээдгүй ажил хийхээр төлөвлөж, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг бодлогодоо тусгах аж. Заримаас нь товчлон хүргэе.

Гаж тогтолцоог “эрүүлжүүлнэ”

Салбарын сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гажуудсаны гол асуудал нь нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл, хуваарилалт, ачаалал солигдсон явдал. Үүнийг зөв зарчмын дагуу засаж, өрхийн эмнэлгийн үүрэг зорилго хийгээд иргэнд үзүүлэх ёстой үйлчилгээг чанартай, сайн, одоогийн гуравдугаар шатлалын эмнэлгийн хэмжээнд хүргэхийн тулд төр, засгаас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ амлаад буй. Тиймээс ирэх дөрвөн жилд одоогийн байдлыг үндсээр нь хална” гэв. Харин хэлэлцүүлэгт оролцогсдын төлөөлөл “Энэ бол дөрөвхөн жилд хийгдэх ажил биш. Үндсээр нь өөрчлөх шинэчлэлд хамгийн багадаа 10 жил шаардлагатай. Ядаж ийм хуурмаг сонстох үг шинэчлэлийн бодлогод орууламгүй байна. Учир нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хүн бүр хүсэн хүлээж байна. Иргэнд хүрч, хүссэн эмчилгээг нь хийх шат дамжлага жамаараа явж ирсэн. Шинэчлэл гэх нэрээр өмнөхөө үгүйсгэж болохгүй. Харин өмнөхөөсөө уламжлан сайныг нь тордож, мууг нь ялгаж эрүүлжүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Оношилгооны хэд хэдэн төвтэй болно

Таван жилийн өмнөөс яригдсан Оношилгооны төвийн санхүүжилтийн асуудлыг өнгөрсөн сард БНСУ-ын Засгийн газар манайхтай хийсэн. Үүний хүрээнд манайд 55 сая ам.долларын өртөг бүхий орчин үеийн тоног, төхөөрөмж, техник, хэрэгсэл, мэргэжилтэн бүхий оношилгооны нэгдсэн төв барихаар болсон. Мөн Эрдэнэт хотод энэ төрлийн оношилгооны төв байгуулахаар ажилалж эхэлсэн байна. Энэ нь гуравдугаар шатлалын эмнэлэг ч авч чаддаггүй зарим нарийн шинжилгээ, оношилгоог хийх бөгөөд оношилгоо хийлгэхийн тулд гаднын орнуудыг зорьж, мөнгө, цаг зав үрэх шаардлагагүй болохыг Ерөнхий сайд онцолж байв. Түүнчлэн тэрбээр оношилгоог зөвхөн хот суурин газарт бус аймгийн төвүүдэд, сум дундын эмнэлгүүдэд авдаг болгохоор төлөвлөж байгааг дуулгасан юм. Үүний тулд ходоод, уушги, бүдүүн гэдэс, бөөр, шээсний гэх дөрвөн төрлийн дуран, суурин дижитал ЭХО аппарат, чих, хамар, хоолой, нүдний багц төхөөрөмж болон биохими зэрэг шаардлагатай шинжилгээ өгөх лабораториудыг аймгуудад байгуулахаар төлөвлөж, зарим ажлыг хийж эхэлсэн гэв. Ерөнхий сайд эмч, мэргэжилтнүүдийн чадвар маш муу байгааг онцолж байв. Тэднийг мэргэшүүлэх, сургахын тулд ихээхэн хөрөнгө хаях бөгөөд ядаж л нярайд зүрхний хагалгаа хийдэг түвшинд хүргэхийг зорих аж. Түүнчлэн эмч, сувилагч зэрэг эрүүлийг хамгаалах чиглэлээр суралцагсдад сургалтын бааз, мэргэжлийн орчин бий болгоход ихээхэн анхаарах хэрэгтэй гэв.

Захын наймаа шиг цэцэглэсэн эмийн бизнесийг цэгцэлнэ

Өдгөө эм худалдаалах эрхтэй 160 гаруй компани Монголын өнцөг булан бүрт чанартай, чанаргүй, үйлчилдэг, үгүй эм түгээж байгаа аж. Үүнээс үүдсэн эмийн замбараагүй, зохисгүй хэрэглээ ард түмнийг хордуулж байгаа тул энэ байдлыг таслан зогсоох тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа ярив.

Түргэн тусламжийг “олшруулна”

1.2 сая гаруй хүн амтай нийслэлд гурван цэгээс 58 машин бүхий 118 эмч, сувилагчтай түргэн тусламжийн үйлчилгээ хүрч байна. Иргэнд хүрч үйлчилж чадахгүй гэх гомдлын гол шалтгаан нь хүрэлцээ, байрлал гэдгийг Ерөнхий сайд онцлов. Тиймээс түргэн тусламжийн үйлчилгээний цэгийг нийслэлийн хэмжээнд 17-20 болгохоор төлөвлөж байгаа аж. Мөн түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн шуурхай дуудлагыг нэгтгэж, нэг дуудлагын дугаараар үйлчилдэг болгох аж.

Нийтийн эрүүл мэндийг “халтуурдахгүй”-гээр хамгаална

Хэлэлцүүлгийн гол асуудал болоод Шинэчлэлийн Засгийн газраас барихаар төлөвлөж буй бодлогыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмч, мэргэжилтнүүдэд илтгэсэн юм. Тэрбээр нийтийн эрүүл мэндийг сайжруулна гэх нэрээр боди, гимнастик, бүжгийн заал олноор нь тохижуулахгүй ээ. Ингэснээр эрүүлждэггүйг, хүн очдоггүйг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. Тиймээс дунд сургуулийн сурагч, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулна. Бааранд бус зааланд үдшийг өнгөрүүлдэг шинэ үеийг бэлтгэнэ. Үүний тулд эрүүл мэндийн боловсролын сурталчилгаа, хичээлийн программ, арга зүй хэрэгтэй гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогсод дээрх ерөнхий чиглэлийг дэмжихээс гадна өөрсдийн санал, санаачилгыг таван минутад багтаан илтгэж байв.