Эрүүл мэнд-Үндэсний аюулгүй байдал

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, “Британийн Монголчуудын холбоо” хамтран “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг өнгөрсөн онд Лондон хотноо зохион байгуулсан билээ. 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй чуулганаар Орос, Швед, Герман, Голланд, Ирланд, Люксенбург, Польш, Португали зэрэг дэлхийн олон улсад амьдарч, суралцаж буй монгол оюутан, залуус эх орныхоо хөгжил цэцэглэлт, түүнд оруулах хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай юм. Өнгөрсөн жил болсон чуулганаар хэлэлцсэн илтгэлүүдээс түүвэрлэн, цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бид Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Н.Жамсрангийн илтгэлийг хүргэж байна.

Эрүүл мэнд-Үндэсний аюулгүй байдал

Монгол Улсын хөгжлийн гарцыг хүний нөөц, чадамжид тулгуурлан мэдлэг оюунд суурилсан иргэний нийгмийг цогцлон байгуулах явдал гэж ойлгодог. Хөгжил дэвшлийн тулгын гурван чулууг боловсрол, эрүүл мэнд, дэвшилтэт технологитой холбон авч үздэг. Хөгжингүй орнуудад тухайлбал, Англи, АНУ, ХБНГУ, Япон зэрэгт нийт судалгааны ажлуудын 40 гаруй хувийг анагаах ухаан, хүнс тэжээл, 30 гаруй хувь нь техник, технологийн чиглэлээр хийсэн бүтээл, туурвил байдаг. Эндээс бид тусгаар тогтносон улс бүр улс үндэстнийхээ аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангах түлхүүр технологио хөгжүүлэхийн төлөө гол бодлогоо чиглүүлж, бусдаас хараат бус хөгжиж байгааг харж болох юм.

Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлын том асуудал болох хүнс, хоол тэжээл, эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр хариуцлага, хяналтыг сулруулж “ченж” гэж нэрлэгдэх ашиг хонжоо хайгчдад боломж олгосон нь ямар ч баталгаагүй хүнсний бараа, бүтээгдэхүүн, чанарын баталгаагүй эм, тариагаар иргэдээ хохироож, өвчлүүлж байна. Гэтэл монгол үндэстэн эрт дээр үеэс анагаах ухааны арвин баялаг туршлагатай, ургамал амьтны гаралтай эмийн бодис, тан ашиглан аливаа өвчин эмгэгийг эмчлэх өөрийн гэсэн өвөрмөц арга ухаантай билээ. Энэ нь тухайн үедээ тэргүүний технологийг эзэмшиж байсныг түүхэн баримт бичгүүдэд дурдсан байдаг.

Эрүүл мэнд, эрүүл хүнсийг зөвхөн монгол эх орон, монгол газар шорооноосоо хүртдэг байх нь эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, эрүүл чийрэг монгол хүнийг авч үлдэх үндэс болно гэж үзэж байна.