Эрүүл сэтгүүлзүйн тунхаг

“Эрүүл сэтгүүлзүйн бизнесийн орчин” Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганы тунхаг

Монголын хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэл, хөгжил төлөвшлийн энэ үед, улс төр, өрөөсгөл эрх ашгийн нөлөөлөл улам бүр ихэсч буйн улмаас чөлөөт хэвлэлийн жаяг, сэтгүүлзүйн үнэт зүйл, мэргэжлийн зарчим алдагдахад хүрч, олон түмний хараат бус, тэнцвэртэй мэдээлэл авах эрх зөрчигдөж байна. Тиймээс Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганд оролцогчид өөрчлөлт, шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй хэмээн үзэж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна: Чөлөөт хэвлэлийн зарчимд харш хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байж мэргэжлийн хариуцлагатай ажиллан хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлзүйд итгэх итгэлийг сэргээх нь хэвлэл мэдээллийн төдийгүй Монгол орны нийгмийн хөгжлийн хувь заяанд амин чухал болоод байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, редакци бүр:

- Мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн дэг жаягийг өдөр тутмынхаа ажилд ягштал даган мөрдөх хариуцлагыг хүлээе

- Эрүүл сэтгүүлзүйг эрхэмлэх редакцийн соёлыг төлөвшүүлэн хөгжүүлье

- Редакцийн үйл ажиллагааг PR, зар сурталчилгааны хэсгээс ялган салгаж төлбөртэй мэдээллийг сэтгүүлзүйн агуулгаас тусд нь нийтэлж нэвтрүүлье

- Оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэе

- Хэвлэл мэдээллийн өөрийн хариуцлагын зохицуулалтын тогтолцоог бий болгохын төлөө ажиллая

- Монгол улсад ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсийг дэмжиж, өөрийн салбарын ил тод байдлаар бусдыг үлгэрлэн манлайлъя. Зах зээлийн шударга өрсөлдөөнийг өөрсдийн санаачилгаар эхлүүлж, эзэмшигч, өмчлөгч, хөрөнгө оруулагчдаа ил тодоор нийтэд мэдээлье

- Хэвлэл мэдээллийн байгууллага бүр хариуцлагатай, мэргэжлийн түвшний сэтгүүлзүйг хөгжүүлэн бэхжүүлэхийн тулд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтныг тууштай чадавхжуулах бодлого баримтлан ажиллаж, сэтгүүлчдийн сурч боловсрох эрхийг хүндэтгэж байгууллагын бизнесийн зорилго төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлье

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг хүндэтгэсэн, ардчилсан үзэл санаагаар боловсруулж хууль тогтоогч байгууллагад өргөн барих үйл явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцъё.

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга, ардчилсан нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан эдийн засгийн тогвортой өсөлтийг хангахад онцгой чухал ач холбогдолтойг харгалзаж хэвлэл мэдээллийн хөгжил, хараат бус байдлыг дэмжсэн төрийн бодлогын хүрээнд дараах зохицуулалтыг хийхийг санал болгож байна:

-Хэвлэлийн эрх чөлөөг ханган баталгаажуулах үүднээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй хэлэлцэж, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдал, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигчийн ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн салбарт шударга бус өрсөлдөөний аргаар дангаар ноёрхлыг хязгаарлах зохицуулалтыг онцгой анхаарч хуульчлах.

-Хэвлэл мэдээллийг нийгмийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн бизнес хэмээн үзэж тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх буюу хөнгөлөх.

-Олон нийтэд мэдээлэл олж авах боломж нөхцлийг сайжруулахын тулд мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэн бэхжүүлэх. Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эзэд санхүүжүүлэгчдэд хандан: Улс төрч, эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл суртлын хэрэгсэл болгон ашиглах, сэтгүүлзүйн өдөр тутмын ажил, редакцийн дотоод үйл ажиллагаанд аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриалж байна.

“Эрүүл сэтгүүлзүйн бизнесийн орчин” Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганы төлөөлөгчид