“Эрүүл хүүхэд” аян өрнөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Энэ хөтөлбөр нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэн эрүүл болгох зорилготой юм. Аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон байна. Үүний зэрэгцээ яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хийх ажлыг удирдамжид тодорхой зааж өгчээ. Аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий болон амны хөндий, чих, хамар хоолойн үзлэг, оношлогоонд хамруулан, бие бялдрын өсөлт, хөгжилтийн байдлыг нь тогтоож, өвчтэй хүүхдийг хяналтад авч эмчлэх юм. Аяныг хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 гэсэн хоёр үе шаттай явуулж, шаардагдах 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.

“Эрүүл хүүхэд” аяны дүнд манай улсын хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэхийн зэрэгцээ хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлж эмчлэн, шүд цоорох өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулна гэж Засгийн газар тооцоолж байна. Манай улсын хүн ам 2010 оны байдлаар 2 сая 780 мянга 700 хүрсэн бөгөөд тэдний 36 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хувь нь 19-24 насны залуус байна. Хүн амын цэвэр өсөлт 1,7 хувь гэсэн тоо гарчээ.

Хүүхдийн эндэгдэл буурч байгаа үзүүлэлт гарсан ч ураг, нярайн эндэгдэл Баян-Өлгий, Завхан, Дархан-Уул аймагт ихсэх хандлагатай, нялхсын эндэгдэл Дорнод, Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Ховд аймагт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Дорнод, Баянхонгор, Ховд аймагт улсын дунджаас дээгүүр байгаа юм. 10 мянган хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, дөрөв хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66.8 тохиолддог гэсэн мэдээ гарчээ. Цэрэг татлагын өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд цэрэгт тэнцээгүй нийт залуусын 15 хувь нь дотор, 14 хувь нь нүдний эмгэг болон чих, хамар хоолой, 7 хувь нь мэдрэлийн өвчтэй, 10 хувь нь жин, өндрийн алдагдалтай байжээ.


Эх сурвалж: www.open-government.mn/