Эхлээд судал дараа нь бүтээ эс бөгөөс...

Өнгөрсөн сард болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын эдийн засгийн чуулганы үеэр ярилцсан шинэ содон санал санаачилга болон цаг үеийн асуудлаар талаар талууд ярилцсан юм.
Татвар
Манай улсын хувьд татварын хувь хэмжээ бага гэдэг хэдий ч татварын бодит ачаалал буюу дарамт харьцангуй өндөр байдгийг “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав хэллээ. Эдийн засаг хямралын ирмэгт тулаад байгаа өнөө үед татварын зөв, уян хатан бодлогоор бизнесийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг мөн онцолсон юм. Ер нь сүүлийн үед бизнесийн салбарынхан инфляцийн өсөлттэй холбоотой татварын дарамтад өртөөд байгаа аж. Тиймээс татварын бодлогыг инфляцитай уялдуулах зарим нэг татварын босгыг өндөрсгөх зайлшгүй шаардлагатай юм байна. Цаашдаа Засгийн газраас татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай реформ хэрэгтэй байгаа гэнэ. Ялангуяа татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудийг яаралтай шинэчлэн гаргахыг бизнесийнхэн хүсч буйг өнөөдрийн хуралдаанаар талууд сануулсан.
Өрсөлдөөн
Энэ удаагийн чуулганаар зах зээлийн шударга өрсөлдөөн байх ёстой, ёсгүй талаар оролцогчид нэлээд маргасан. Хуралдаанд оролцогчдын зарим нь төрөөс дотоодын зах зээлийг хамгаалах хэрэгтэй гэж байлаа. Харин өнөөдрийн хуралдаанаар талууд арай өөр байр суурьтай байсан юм. “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Сүүлийн үед бизнес эрхлэгчид төрөөс хэт их зүйл шаардаад байх шиг. Төр нэг үеэ бодвол дэмжиж байна. Тиймээс үйлдвэрлэгчид зах зээлдээ өрсөлдөөд өөрсдийн брэндийг бий болгох хэрэгтэй. Өрсөлдөгчид хэдий чинээ олон байна хэрэглэгчид хождог. Харин зарим үйлдвэрлэгч зах зээлд монополь байх гээд байгаа нь буруу” гэв. Нөгөө талдаа Бизнесийн орчинг сайжруулж өрсөлдөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх үүрэгтэй төр нь өөрөө бизнест хутгалдан орж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж эхэлсэн гэдгийг өнөөдөр дахин сануулсан. Мөн төр татаас өгөх хэлбэрээр зах зээлд монополь тогтоож байгааг салбарынхан эрс буруутгалаа. Түүнчлэн Монголдоо бүтээхийн тулд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа ч эхлээд зах зээл, чадавх, бүтээмжийн талаар нарийн судлах хэрэгтэйг Эдийн засагч Б.Дөлгөөн хэлсэн юм. Түүнээс биш бүгдийг дотооддоо хийнэ гээд ямар ч судалгаа, шинжилгээгүй дайраад байвал Монголдоо бүтээх гэдэг том зорилго салхинд хийсч магадгүй аж.
Хөрөнгө оруулалт
Гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт ус шиг хэрэгтэй байгаа өнөө үед хөрөнгө оруулагчдыг татах, тэдний алдарсан итгэлийг хэрхэн сэргээх талаар талууд мөн хэлэлцлээ. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд бид олон улсын стандартын дагуу ажиллаж сурах хэрэгтэй байна. Бүх зүйлийг олон улсын жишигт хийж байж хөрөнгө оруулагчдын итгэлийг олно” гэсэн юм. Нөгөө талдаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нэгтэй байлаа.