Эх дэлхийгээ аварцгаая

“Mongolian Economy” сэтгүүлийн дэргэдэх “Economy” студийн хамт олон өнгөрсөн мягмар гарагт “Цэнхэр сувдны үнэгүйдэл” нэртэй усны талаарх асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн. Усны замбараагүй хэрэглээ, үнийн асуудал, усны хүртээмж, чанар гээд олон асуудлыг тус нэвтрүүлгээр хөндсөн. Цаашдаа ч “цэнхэр сувд” тойрсон нийтлэл, нэвтрүүлгээ тогтмол хүргэж байх болно.
Байгаль дээрх ус өөрийн гэх үнэгүй. Гэхдээ монголчууд усандаа хармын сэтгэлээр хандах цаг хэдийнэ болсон гэдгийг хэлэх хүн олон. Улаанбаатарчууд ундны усны гачаалд орж үзээгүй. Өнөөдрийн байдлаар нэг литр усанд гэр хорооллын айл нэг төгрөг төлдөг. Мөн орон сууцны өрх 32 мөнгө төлж байна. Зах зээлийн нийгэмд 32 мөнгө эсвэл нэг төгрөгөөр юу худалдаж авах вэ. Монголчууд шиг ийм хямд үнээр чандмань эрдэнэ болсон усаа хэрэглэдэг орон цэнхэр гаригийн өөр хаана ч үгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ 27, Англи 32, Австрали 45, Канад 58 хувиар усны үнийг өсгөсөн байх жишээтэй. Гэтэл манай улсад усны үнэ 2007 оноос хойш бараг хөдлөөгүй. Иргэд нь ч усандаа хайр гамгүй. Монголоос өөр ундны усаа бохирын хоолойгоор урсгадаг орон ховор. Нөгөө талдаа УСУГ жилдээ 10 тэрбумын алдагдалтай ажиллаад л. Энэ алдагдлыг нөхөхийн тулд одоогийн үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлдэг. Тиймээс “Economy” студи энэ удаа усны суурь үнийг нэмэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, ШУТИС-ийн багш, Доктор С.Чулуунхуяг нар оролцсон. Уг хэлэлцүүлэг 2014 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр 21 цаг 50 минутаас NТV телевизээр үзэгч танд хүрэх болно.
“Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон усны асуудлыг онцолж байгаа энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр усны асуудлыг мөн хөнджээ. Ингээд түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
-Ус бол амьдралын эх булаг гэж ээж минь хэлж байсан. Ус бол үнэхээр амьд оршихуйн язгуур үндэс юм. Ус бохирдож, ширгэж үгүй болох нь дэлхий ээжийн эмзэглэл бөгөөд оршин тогтохуйд заналхийлж буй гамшиг юм. Дараагийн нэгэн чухал зүйл бол усыг хайрлан гамнах, зохистой бодлого хэрэгжүүлэхийг эрхэмлэгч хувийн хэвшлийнхнийг бид дэмжихийг байнга эрмэлзэж байдаг. Усны аюулгүй байдлыг хангах зорилготой хүн бүрийн зорилго хамгийн сайн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. Ер нь аливаа хувийн хэвшлийн, судалгааны байгууллагын үйл ажиллагаа нь ямар ч төр засгийн бодлогосоос илүү ухаалаг гэдэгт би итгэдэг. Тиймээс төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа усны асуудлаарх сайн санаачилга бүрийг дэмжин ажиллахыг зорьдог. Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн эрчимтэй өсөлт явагдаж байна. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байна. Үүнийг дагаад усны менежментын асуудал, хотжилтын усны асуудал, хөдөө аж ахуйн усны асуудал, уул уурхайн усны асуудал чухлаар тавигдаж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш бид ДЭЗЧУ, Усны асуудлаарх байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүнийг зэрэгцээ бид уул уурхайн олборлолтод усны асуудлаар менежменттэй болохыг зорьж буй бөгөөд Монгол орны хөгжлийн хурдацтай хөл нийлүүлж байгалд ээлтэй шийдэл, усны аюулгүй байдал онцлох сэдвийн нэг болж байна. Мөн бид усны хөгжлийн зорилтыг тавьж байгаа бөгөөд НҮБ-ын санаачилгатай улам бүр эрчимтэй хамтран ажиллахыг эрхэмлэж байгаа. Монгол Улс цаашид усны асуудлаар бүс нутагтаа тэргүүлэгч байхын төлөө ажиллах болно. Бид усны асуудлыг шийдэж чадсанаар одоо тулгамдаад байгаа, цаашид хүн төрөлхтөний өмнө улам бүр хурцаар тавигдах асуудлыг хамтдаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Улс төр, эдийн засгийн олон олон сорилтууд бидэнд тулгарсаар байх боловч усны асуудал бол хамгийн суурь асуудал учраас бид хамтран шийдэлд хүрэхийн төлөө ажиллах ёстой. Усны аюулгүй байдал бол эх дэлхийн аюулгүй байдал. Тиймээс бүгдээрээ эх дэлхийгээ аварцгаая.