Эх оронч ус

Ус хэдийгээр “Эх орныхоо төлөө зүтгэе” гэж хэлж чадахгүй ч бид Монгол Улсынхаа хөгжлийн төлөө ус гэгч чандмань эрдэнийг ашиглаж болох. Гэхдээ яаж?

Ус “уудаг” уул уурхай

Хүсэл, хясал хосолдог нь хорвоогийн жам гэлтэй. Нар, элс, заг гурваас өөр хараа баясгах зүйлгүй говийн хэвлийд шунал хөдөлгөм их баялаг нуугдана. Тэр их баялгийн эхнээс нь бид дэлхий нийттэй хуваан ашиглахаар их говийн хэвлийг онгилоод эхэлсэн. Гэхдээ говьд ус ховор. Усгүйгээр говийн тэр их баялгийг хэрхэн ашиглаж чадах билээ. Өнөөдөр уул уурхайн компаниуд нэг шоо метр усанд 150-хан төгрөг төлдөг аж. Гэтэл алт олборлохын тулд нэг секундэд 500 литр ус зарцуулдаг гэсэн судалгаа бий. Эрчим хүчний газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ч.Батбаяр энэ талаар “Оюутолгой, Тавантолгой гээд нөөцөөрөө дэлхийд гайхагдаад байгаа томоохон ордыг ашиглаж эдийн засгаа дэмжих нь зөв. Гэхдээ бид тэр уурхай хэр зэрэг өргөжих вэ гэдгийг зөвхөн мөнгөн дүнгийн ашгаар бус, усныхаа нөөц хэмжээнд тохируулах хэрэгтэй. Дэлхий нийтэд ч уул уурхайн салбар усныхаа нөөцөд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Тиймээс энэ тогтолцоог манай уул уурхайн салбарт нэвтрүүлэх нь чухал” гэв. Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүмүүс доорх хариултыг өгсөн юм.

Б.Чулуун /МУИС-ийн тогт­вортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга/:
-“Хож бас дахин хож” энэ бол зах зээлийн дүрэм. Гэхдээ бид аль аль талдаа хожоотой байх хэ­рэг­тэй. Эдийн засгийн хувьд ч байгаль экологийн тухайд ч. Үүний тулд усны нөөц, ашиглалт гээд бүх талд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй байна. Өнөөдөр усыг байгаль экологийн тухайд л авч үзээд яриад байдаг. Гэвч ус нь өөрөө байгаль орчны болоод эдийн засгийн давхар хамааралтай. Тиймээс бид олон талаас нь харах зайлшгүй шаардлагатай байна.

З.Батбаяр /Засгийн газрын хэ­рэг­жүүлэгч агентлаг Усны газрын орлогч дарга/:

-Манайх 2020 он гэхэд энэ олон уурхайг усаар хангах боломжгүй болж магадгүй. Учир нь, манайд нэг хүнд ногдох усны нөөц хангайн бүсэд дэлхийн дунджаас 4-5 дахин их. Говийн бүсэд 10 дахин бага байна. Тиймээс бид усны нөөцийг судлахын зэрэгцээ усыг ашиглах өөр бусад бололцооны талаар ярих хэрэгтэй. Тухайлбал, усыг шилжүүлэн ашиглах боломжийн талаар гэдэг ч юм уу. Мөн усны үнийн тухайд бид өөр өнцгөөс харах цаг нь болсон. Ус хаана их хэрэглэж байна тэр газарт өндөр төлбөр тогтоож болно. Уул уурхайн хувьд цаг хугацааны нийт зарлагын ердөө нэг хувийг л ус ашигласан төлбөрт өгөх нь аль аль талдаа боломжтой.

Д.Бэхбаяр /“Ногоон өсөлт” ТББ-ын гүйцэтгэх захирал, “Mongolian Economy” сэтгүүлийн эрхлэгч/:

-Усны асуудал гэхээр зарим хүмүүс нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлчихээд дараа нь усыг ярья гэдэг. Гэхдээ усны асуудал өдгөө дэлхийн олон орны төрийн бодлогод нь тусгалаа олсон байгаа. Мөн манай улсын хувьд ч ус бол тулгамдсан асуудал. Тиймээс усыг хэрхэн зөв зүйтэй ашиглах, эдийн засгаа хэрхэн дэмжих талаар ярих нь зөв юм. Гэхдээ бид яаж гэдгээ мэдэх хэрэгтэй. Тухайлбал, иргэдийн дунд усны үнэ цэнийг мэдрүүлэх нь нэн тэргүүний хийх ажил байх болов уу гэж би хувьдаа бодож байна. Мөн “Эх оронч” усыг бий болгох хэрэгтэй байна. Өнөөдөр манай орны нийт усны нөөцийн 5.7 хувийг гадаргын ус эзэлдэг. Үүний 60 гаруй хувь нь гадагшаа урсчихдаг. Энэ байдлыг бид өөрчилж өөрийн оронд ашиглах хэрэгтэй. Үүний тулд “Эх оронч” бус гол мөрөн дээр өндөр хүчин чадлын усан цахилгаан станц барьж, үндэсний аюулгүй байдлаа бататгахын зэрэгцээ эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох цаг болсон.

Ч.Батбаяр /Эрчим хүчний газ­рын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга/:

-Гадагш урсдаг гадаргын усыг ашиглах талаар эртнээс ярьж эхэлсэн. Үүний тулд Монгол орны хойд хэсгээр усан цахилгаан станц барих боломжтой. Гэхдээ манайд эрчим хүчний үнэ харьцангүй хямд байгаа учраас гаднын хөрөнгө оруулагчид үнэ мөнгөн дээр тохирч чаддаггүй юм. Тиймээс үнийн тал дээр анхаарах цаг болсон. Ер нь ус гэдэг манай орны хувьд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрийн нэг мөн. Энэ нь тогтвортой хөгжлийн нэг тулгуур юм гэлээ.
Борооны ус ч “үнэтэй”

Бороо зөөлөн шиврэх, цас сэмээрхэн хаялахад дургүй хүн гэж хэн байх билээ. Бид бүгд л байгалийн энэ үзэгдлээс таашаал авч өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Энэ бол нэг талаар үнэ цэнэ. Гэхдээ нөгөө талаар эдийн засгийн хувьд цас, борооны ус үнэ, цэнэтэй аж. Тухайлбал, гаднын олон оронд талбайн цас, борооны усыг хуримтлуулахын тулд траншей, далан, усан сан байгуулах аргыг өргөнөөр ашигладаг байна. Өнөөдөр манайхаас өөр нойлдоо хүртэл ундны усаа литр литрээр нь урсгадаг орон ховор. Харин гаднын орнуудад дээр дурдсан аргаар хураасан усыг энэ мэт зүйлд авч ашигладаг байна. Энэ нь дам утгаараа эдийн засгийн асар том хэмнэлт болж, үргүй зардлыг бууруулдаг аж. Тиймээс хар ус харамладаггүй гэх ойлголттой монголчууд бид дусал усыг ч чандмань эрдэнэ мэт хайрлах цаг нэгэнт болжээ. Харин усанд хайр зарлаж, хоосон ам гарахаасаа өмнө бид хэд хэдэн чухал асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулах цаг болсоныг “Mongolian Economy” сэтгүүлийн дэргэдэх “Ногоон өсөлт” ТББ-аас уриалж байна. Тухайлбал, усны нөөцийн нэгдсэн менежмент зохицуулалт үгүйлэгдэж буйг онцлон тэмдэглэж байна. Усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг нь нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, хүний амьдралын сайн сайхныг дээд зэргээр хангах зорилгод усны нөөц баялгийг хамгийн зохистойгоор, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах нэгдсэн зохицуулалт хийх үйл явц аж. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

Мөн усны үнийн зохицуулалт байхгүйгээс усны зохисгүй хэрэглээ их байна. Тиймээс усыг үнэтэй болгох шаардлага бий. Учир нь, үнэгүй зүйл үнэ цэнэгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор саарал усыг дахин ашиглах талаар бодлого боловсруулах нь чухлыг “Ногоон өсөлт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд болоод учир мэдэх хүмүүс учирлаж байгаа юм. Ингэж чадвал бид усны гамгүй хэрэглээг халж, үнийн хувьд ч зохицуулалт хийж болох юм.
Өнгөрсөн хугацаанд тогтвортой хөгжлийг бий болгох талаар бид багагүй ярьсан. Зарим нэг ажлын эхлэлийг ч тавьсан. Гэхдээ тогтвортой өсөлт байх эсэх нь усны бүх талын нөөцийг хэрхэн ашиглахтай холбоотой байдаг аж. Ус бол урт хугацааны хөгжлийг хангах нөөц гэж энэ талын эрдэмтэн, мэрэгжилтнүүд онцлон тэмдэглэх нь бий. Тиймээс бидэнд усны талаар урт хугацааны бодлого байгаа юу, үгүй юу гэх асуултад хариулах хэрэгтэй юм. Түүнчлэн судлаачдын сануулсанаар усны нөөц жил ирэх тусам багасч байна. Үүнд, байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлт асар их нөлөө үзүүлж байгаа ч эцсийн дүндээ хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай болохыг онцолж байлаа. Нөгөө талаас дэлхийн усны хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэх болсон энэ үед хүн ам өсөхийн хэрээр усны нөөц тулгамдсан асуудал болж буй. Тиймээс хүн төрөлхтөн усны хэмнэлтэд шилжих шаардлагатай болохыг сануулж байгаа юм. Харин бид дэлхий нийтийн нэг хэсэг.

“Mongolian Economy” сэтгүүл ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлогын үүднээс усны талаар хөндөн бичдэг. Тухайлбал, сэтгүүлийнхээ 2011 оны эхний дугаартаа усны асуудлыг цогцоор нь хөндөж “Ангамал дэлхийн цангамал Монгол болох гэж үү” гэсэн сэдвээр сэтгүүлээ таны гарт хүргэж байсан билээ. Тиймээс шинэ Засгийн газар эмхлэгдэж байгаа энэ үед усны талаар дахин хөндөн бичиж байгаа нь учиртай юм. Дэлхий нийт ногоон өнгөнд хайр зарлаад байгаа энэ үед бид ч гэсэн ялгаагүй ногоон өнгөөр өөрсдийгөө чимэх хэрэгтэй. Харин ногоон хөгжлийн хамгийн чухал асуудал бол ус юм. Түүнчлэн дэлхий дахинаа усыг улс орны тогтвортой хөгжлийг тэтгэгч гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Тиймээс шинэ Засгийн газар энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт найдаж байна.