Эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэжээж хүчрэхээ болилоо


Өдөр ирэх тусам хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь хөгжиж буй орнуудад ихээхэн дарамт болж байна хэмээн BBC агентлаг мэдээллээ. Эцэг, эхчүүд хоол, хүнсний бүтээгдэхүүндээ хэмнэлт гаргах гарцаагүй шаардлага бий болж байгааг “Save the Children” тусламжийн байгууллагын мэргэжилтнүүд онцолжээ.

Тус байгууллагаас Энэтхэг, Бангладеш, Перу, Пакистан болон Нигер улсын айл өрхүүдэд амьжиргааны судалгаа хийсэн байна. Судалгаагаар дээрх орнуудын олон зуун хүүхэд өдөр тутмынхаа хоол хүнсийг залгуулахын тулд сургуулиа хаян ажил хийж, эцэг, эхдээ туслахыг илүүд үзэх болжээ. Зургаан айл тутмын нэгд ийм амьдрал бий болж буй аж.

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь хүүхэд хоол, тэжээлийн дутагдалд орох, бага насны хүүхдийн эндэгдэл ихсэх нөхцөл болж байна. “Save the Children” байгууллагын ерөнхий захирал Жастин Форсит хэрэв үүнийг зүгээр хараад суувал ойрын 15 жилийн хугацаанд 500 сая гаруй хүүхэд оюун санаа болон бие махбодийн хувьд хөгжилгүй, өсөлтгүй болно. Өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар бага насны хүүхдийн эндэгдлийг 12 саяас 7.6 сая хүртэл эрчимтэй бууруулж чадсан ч одоо нүүрлээд буй хагас өлсгөлөнг шийдэж чадахгүй бол бидний хүчин зүтгэл талаар болно” хэмээжээ.

Түүнчлэн тус байгууллагаас Их Британи улсын удирдлагуудаас дээрх улс орнуудад тохиолдоод буй өлсгөлөнг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний үнийн хяналтгүй өсөлт хүүхдүүдэд дарамт болохгүй байлгах арга хэмжээг яаралтай авахыг хүссэн байна. Үүний тулд Олимпын наадам болох үеэр Лондонд цугласан тэргүүлэгчдийг энэ асуудлаар уриалан, дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг хүсчээ.