Э.Содонтогос: Монголчууд бид усны үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг болно


Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянган сорилтын корпорац хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогостой ярилцлаа.

-Манай улс Мянганы сорилтын корпорацийн нэгдүгээр компакт гэрээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо та бүхэн хоёр дахь гэрээг байгуулахын төлөө ажиллаж байна. Тэгэхээр уг төслийг хүлээн авах улс ямар шалгуурыг давсан байх хэрэгтэй вэ?

-Мянганы сорилтын корпорацийн санхүүжилт бол АНУ-ын төсвийн хөрөнгөөс бидэнд олгох буцалтгүй тусламж юм. Энэ хөрөнгийг эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад нөлөөлөх төсөл хөтөл­бөрүүдэд зориулах ёстой гэсэн зарчмыг Мянганы сорилтын корпораци баримталдаг. Иймд Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгохоосоо өмнө эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааг хийдэг журамтай юм байна. Ингээд, эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр чөдөрлөж байгаа аль нэг салбарт буцалтгүй туслам­жаа олгохоор шийддэг болсон юм билээ.

АНУ-аас Монголын ардчилсан засаглалын чанар, хүндээ оруулж буй хөрөнгө оруулалт, хүний эрх, эрх чөлөөг хэр сайн хангаж байгаа, авилгатай хэр тэмцэж байгаа зэргийг тодорхой шалгууруудаар жил бүр үнэлдэг. Хэрвээ босго түвшнийг хангаж чадаж байвал төслөө үргэлжлүүлдэг, эс бөгөөс төсөл эхэлсэн байсан ч зогсоодог. Тэгэхээр цаашид төсөл хэрэгжүүлэх таван жилийн турш энэхүү үнэлгээг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Нөгөө талаас нээлттэй, ил тод байдал, санхүүгийн сахилга батыг чанд сахихыг шаардаж байна. Асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг дагаж бараа, үйлчилгээний худалдан авалт, сонгон шалгаруулалттай холбоотой томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ бүх үйл явц нээлттэй, шударга, ил тод явагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой.

-Хоёрдугаар компакт гэрээ хэзээ­нээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ жилдээ багтаад 350 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цогц төсөл хөтөлбөр бүхий гэрээ байх юм.

Энэ гэрээ олон улсын гэрээ байх тул манай УИХ-аар соёрхон батлагдаж, 2019 оны эхээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнэ. Бид бүх талын бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй байгаа. Энэ чиглэлээр ч шаргуу ажиллаж байна. Энэ буцалтгүй тусламжийн доллар бүр үр ашигтай зарцуулагдах ёстой.

-Нийслэл хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүдэлтэй цэвэр усан хангамжийн асуудал тулгамдаад байгаа нь үнэн. Тэгэхээр уг төсөл хэрэгжиж эхэлбэл та бүхэн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Буцалтгүй тусламжаар газрын доорх усны ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх, мөн шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарах усыг дахин цэвэршүүлж, үйлдвэрлэлтийн зориулалтаар ашиглах, эдгээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтын урт хугацааны үр ашгийн хангах хууль эрх зүй, бодлого, зохицуулалтын орчныг сайжруулах зэрэг цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бидний усандаа хандах хандлага, сэтгэлгээ, соёл өөрчлөгдөнө. Усны эдийн засгийн үнэ цэнэ, бохирдлын өртгийг бид өөрөөр харж, тэр хэрээр бидний хөгжлийн бодлого, алсын хараа, төлөвлөлт өөрчлөгдөх ёстой болно. Өнөөдөр бид агаарын бохирдлын өртгийг эрүүл мэндээрээ, алдагдаж буй боломжуудаараа төлөөд явж байна. Тиймд бид усны үнэ цэнэ, усны бохирдлын өртгийн асуудлыг хөндөж тавина.

-Төв цэвэрлэх байгууламжаас гар­сан бохирдол Туул голд шууд цутгаж байгаа. Түүнээс ундаассан хүн, малын эрүүл мэндийн асуудлыг яах вэ?

-Бохир ус Туул голд цутгаж байгаа цэгээс доош амьдарч байгаа нэгэн иргэний яриаг би байнга санаж ажилладаг. “Өнгөрсөн жил ганц адуугаа нядалж, өвлийн идэш хийе гэтэл умс гитай гараагүй, дан цагаан хар хорхой гарсан” гэж бидэнд ярьж байсан, америк нөхөд маань ч сонссон. За адуу мал дүүрч гэж бодьё, харин энэ малчин, түүний гурван хөөрхөн хүүгийн амьдрал, эрүүл мэнд бидэнд хамгийн их хамаатай.

Тиймээс энэ төсөл хөтөлбөрөөрөө бид усыг зөв үнэлж, хэрэглээгээ тооцож, нарийн төлөвлөж, хэмнэж, хамгаалж, үр өгөөжтэй ашиглаж сурна. Саарал усыг анх удаа аж үйлдвэрийн салбарт ашиглах эхэлнэ, цаашдаа ямар хэрэглээг дахин боловсруулсан усаар хангаж болох тухай тодорхой мэдээлэл судалгаа, мэдлэгтэй болно. Биет дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дагаад томоохон оюуны хөрөнгө оруулалт орж ирнэ. Бид сайн бэлтгэлтэй байж, бодлого үйл ажиллагаагаа уялдуулж, алсын хараатай, үр дүнтэй л ажиллах хэрэгтэй.