Ядууралд ялгавартай бодлого хэрэгтэй

Ядуурлын талаар судалдаг цөөхөн эдийн засагч нарын нэг болох доктор С.Даваасүрэнтэй уг асуудлаар ярилцсан юм. Гэхдээ энэ удаа уламжлалт ярилцлагаас зайлсхийж ядуу өрхийн бодит амьдралд тулгуурлаж мэргэжлийн хүний дүгнэлтийг сонсохыг зорилоо.

Бодит байдал ба амьдрал

Хар гэрийн зүүн талын орон дээр 40 гаруй насны эр хэдэн жилийн шороо тоосонд дарагдаж, урд нь ямар өнгөтэй байсан нь үл мэдэгдэх ноорхой хүрмэндээ хамаг биеэ хураан бодол болон суух. Энэ бол Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар багийн иргэн Г.Эрдэнэмөнхийнх. Айлын том охин “Амьдрал хэцүү байна аа. Гэр хүйтэн” гээд санаа алдаж, тунгалаг хар нүднээс нь урсан гарах нулимс халтар нүүрэн дээгүүр нь зам татуулах нь өр өвтгөм. Мөнгөнзаяа “Манай ээж дөрөв хоногийн өмнө группын мөнгөө гээчихсэн. Манайх уржигдар гурилаа дууссан. Олон хоног гал түлээгүй хүйтэн байна” гэв.

13-хан насандаа ахадсан амьдралын шуурган дунд хүйтэн гэрт, хоосон ходоодтой өнжих энэ охины мөрөөдөл биеийн тамирийн багш болох, идэх дуртай амттан нь алим. Гэхдээ хэзээ хамгийн сүүлд алим идсэнээ санахгүй байлаа. С.Эрдэнэ-Оюун хэсгийн ахлагчийн хэлснээр гэрийн эзэгтэй Гухъяабазар нь төрөлхийн сэтгэцийн эмгэг өвчтэй аж. Гэрийн гишүүд бүгд тогтсон орлого, эрхэлсэн ажилгүй. Эрдэнэмөнх “Ах нь эхнэрийн группын мөнгө, улсаас өгч байгаа таван хүний 21 мянган төгрөгөөр голоо зогоодог” гэв. Энэ гэр бүлийн хувьд хүнсний ногоо, элсэн чихэр тэр ч бүү хэл давс авдаггүй. “Өлсөхгүй даарахгүй л амьдарч байвал боллоо. Хэдэн төгрөгтэй болчихвол блок цохиод мөнгө олж болох л юм” гэрийн эзний мөрөөдөл энэ. Хэдийгээр сэтгүүлч миний бие дулаан хувцас өмссөн ч гэрт даарсандаа эрүү дагжиж байсан бол дан ноосон цамц өмсөөд танихгүй хүнийг гайхан харж зогсоо тавхан настай жаахан охин хүйтнийг огт ажирсан шинжгүй нусаа хүд хийтэл татна.

С.Даваасүрэн:
-Графикаас харахад нийгмийн халамжийн мөнгө тараалт нэмэгд­сэнтэй холбоотой ядуурал мөн дагаад өсчээ. Ямар шалтгаантай вэ гэхээр дээрх мэт өрхийн хувьд нийгмийн халамжийн мөнгө орлогынх нь гол эх үүсвэр болж байгаа нөхцөлд тэдний үзэл бодолд шууд нөлөөлдөг. Магадгүй тэдний ажил хийх сонирхлыг бууруулж болох юм. Ажил хийхийн оронд нийгмийн халамжийн мөнгөөр л өнөө маргаашаа зогоохыг хүсдэг сэтгэлгээ суулгачихсан байж болно. Г.Эрдэнэмөнхийн ярианаас ажиглахад “Блок цохиод мөнгө олж болох л юм” гэснээс биш. Блок цохих гэж хөөцөлдөөгүй байна. Ажиллах хүчний оролцооны түвшин гэж бий. Идэвхтэй ажил хайгч ч гэж хэлдэг. Тэгвэл энэ үзүүлэлт нийгмийн халамжийн мөнгө тарааж эхэлснээс хойш долоон хувиар огцом буурсан. Эндээс нийгмийн халамжийн мөнгө тараах нь ядуу иргэдийн ажил хийх сонирхлыг бууруулж, бэлэнчлэх сэтгэлгээ суулгасан гэж таамаглаж болно.

-Ирэх зургадугаар сард хүний хөгжил сангаас 21 мянган төгрөг олгох хугацаа дуусна. Тэгвэл хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж ажил хийж магадгүй гэж ойлгож болох уу?

-Төрөөс 21 мянган төгрөг өгөх нь зогсвол ядуу иргэдийн хувьд тэдэнд дусал залгаж байгаад гэнэт салгаад хаячихтай адилхан. Тиймээс бүр ч илүү сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Нэгэнт энэ мөнгөөр амьдралаа залгуулж байсан иргэд боловсролын түвшин доогуур учраас ажилд тэнцэхгүй улам л ядуурч, амьдрах итгэл үнэмшилгүй болж ч болно. Тиймээс төр, засаг энэ талаар эртнээс бодолцох нь чухал.

Бас нэгэн жишээ

Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Зуун мод сумын тавдугаар багийн иргэн Д.Нямсүрэн гуай хайртай хүүгээ өвчний улмаас алджээ. Тэрбээр хоолой зангируулан “Хүү минь элэгний өвчтэй явсаар эмчлэх мөнгөгүйн улмаас хүндэрч өөд болчихлоо. Хүү маань л манай амьдралыг авч явдаг байсан юм. Морин тэрэг хөдөлгөөд хэдэн төгрөг залгуулдаг байлаа. Хэцүүхэн амьдралтай бидний ганц өмөг түшиг хүү минь байсан. Нөхөргүй дүү охиныхоо дөрвөн хүүхэд, хөгшин намайг, дээрээс нь өөрийнхөө гэр бүлийн хүн гээд өөрөөсөө гадна долоон хүнийг оройн хоолтой, түлэх нүүрстэй байлгадаг” гээд дуу нь тасалдаж буруу харлаа. Хэсэг хугацааны дараа тэрбээр “Ганц морийг маань хулгай аваад явчихсан” гээд дахиад л хоолой нь зангирлаа.

С.Даваасүрэн:
-Энэ айлын жишээн дээр харахад, хуримтлагдсан буюу циклийн нөлөө их байна. Энэ нь тухайн өрхөд бий болсон нэг хүндрэлтэй асуудал өөр нэгэн бэрхшээлийг араасаа дагуулдаг гэсэн үг юм. Дээрх айлын хүү нь эрүүл мэнддээ зарцуулах орлогогүй учраас өвчин нь хүндэрч амь насаа алдсан байна. Өөд болсон хүү нь дээрх өрхийн өдрийн хоолыг залгуулдаг нэгэн байсан бол одоо тэр өрх улам л ядуу болно. Үүнийг “ядуурлын гүнзгийрэл” гэж нэрлэдэг.

2010 онд ядуу хүн амын дунд ядуурлын гүнзгийрэл 29 хувь байгаа нь ядуучуудын хэрэглээ ядуурлын шугамаас (29 хувь буюу) сард дунджаар 25.6 мянган төгрөгөөр доогуур байгааг харуулж байна. Энэ нөлөөг багасгахын тулд нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Учир нь эрүүл мэндийн капитал өндөр байх тусмаа боловсролын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлдэг. Боловсролын капитал хэдий өндөр байна эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулна. Эрүүл мэнд эсвэл боловсролд хийж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйн өндөр орлогыг бий болгодог. Харин өнөөдөр манайд энэ талын хөрөнгө оруулалт маш бага байгаа.

–Ядуу иргэдийн олонх нь ажил олдохгүй байгаа учраас л амьдрал хэцүү байна гэж гомдоллодог. Ядуурлын талаар судалдаг хүний хувьд манайд ажлын байрны хомсдол хэр их байна вэ?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан судалгаанаас харахад ирэх таван жилд уул уурхайн их бүтээн байгуулалтыг дагаад инженер техникийн 5000 ажилтан, 30 мянган мэргэжилтэй боловсон хүчний ажлын байрны эрэлт гарч ирнэ гэсэн байсан. Гэвч энэ их эрэлтийг хангах хэмжээний боловсролтой иргэд ядуу иргэдийн дунд хэр олон байгаа билээ. Ажил эрхлэлтийн тоон үзүүлэлтээр 2010 онд 1.7 хувиар ажилгүйдлийн түвшин буурсан ч ядуурал байсаар байна. Тухайлбал, 2009 онд тэгш бус байдлыг илтгэдэг Жини коэффициентийн судалгаагаар 0.31 байсан бол 2010 онд 0.33 болж өсчээ. Орлогын тэгш бус байдал нэмэгдэн баян, ядуугийн ялгаа улам тодрохыг илтгэж байна. Тиймээс нэн тэргүүнд ядуу иргэдийн “сэтгэлгээний ядуурлыг” арилгах ёстой талаар судлаачид зөвлөдөг. Үүний тулд бид нийгмийн суурь үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй.

Гарц ба шийдэл

Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах суурь нөхцөл мөн боловч хүрэлцээтэй байж чадахгүй байгаа талаар Эдийн засгийн форум угтсан “Өсөлт ядуурлыг бууруулах уу” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлж байсан юм. Тиймээс ядуурлыг бууруулахын тулд эдийн засгийн өсөлтийн зөв хүрэлцээг бий болгох хэрэгтэй аж.

С.Даваасүрэн:
-Зөв хүрэлцээг бий болгохын тулд доорх асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Үүнд, иргэдийн сонголтын боломжийг нэмэгдүүлэх, өмчийн эрх, хөрөнгө эзэмших боломжийг бий болгох. Энэ ажилд төрийн оролцоо нэлээд чухал. Төр, засгаас ажил хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийн хөдөл­мөрийн мэдрэмжийг өсгөх. Энэ нь иргэдийн дунд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж болох бэлэн мөнгө тараахаас аль болох зайлсхийж, ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжихэд анхаарах хэрэгтэй.

Ядуу иргэдийн амьдрах итгэл үнэмшил, үнэт зүйлс, нийгмийн хэм хэмжээг сайжруулах. Ядуу иргэдийн олонх нь дундаж орлоготой иргэдийн амьдралыг үзэх үзлээс явцуу байдаг. Нийгмийн үнэт зүйлс нь хүртэл өөр байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Хот, хөдөөд болон зах хязгаарын бүсэд ялгавартай бодлого явуулах. Энэ бол магадгүй ядуурлыг бууруулах хамгийн том хүчин зүйл ч байж мэднэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар орон нутгийн хоёр иргэний нэг нь ядуу амьдралтай байсан. Газар нутгийн хувьд алслагд­мал байх тусмаа орлогын тэгш хуваа­рилалт алдагддаг.

Хуримтлагдсан нөлөө ба циклийн хамаарлыг зогсоох. Энэ нөлөөг зогсоох­гүй л бол одоо ядуу байгаа иргэд ирэх хэдхэн жилийн дотор улам ядуурч, баян хоосны ялгаа нэмэгдсээр байна. Бидний хүсээд байгаа ирээдүй бол тогтвортой хөгжил. Үүнд хүрэхийн тулд баян, хоосны ялгааг арилгах нь чухал.

Гэхдээ өнөөдөр ядуурлын эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд нарийвчилсан бодитой судал­гааг хийх хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улс ядуурлыг зөвхөн орлогын түвшингээр нь авч үзэж, судалж байгаа. Тэгвэл бид ядууралд эрүүл мэнд, боловсрол, сэтгэлгээ, амьдрах орчны нөхцөл хэрхэн нөлөөлж байгаа зэргийн талаар зайлшгүй судлах хэрэгтэй байна. Ядууралд юу яаж нөлөөлж байгааг мэдэхгүй бол юуг яаж хийх вэ гэдэг нь ч мөн адил тодорхойгүй байгаа гэсэн үг. Товчхондоо ядуурал гэж юу вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тиймээс эдгээр асуудлыг яаралтай тодорхой, бодитой болгож, тухайн асуудалд тохирсон ялгавартай бодлогыг төрөөс явуулах хэрэгтэй байгаа талаар бидний хэдэн эдийн засагчид ярьсаар ирсэн. Одоогоор төрийн бодлого тухайн нөхцөлд тохирсон ялгавартай байж чадахгүй байна.