Ядууралтай тэмцэж буй Хятад орон

Сэтгүүлч Mongolian Economy

Хятад хүн жилд дунджаар 2200 цаг ажилладаг бол америкчууд үүнээс хавьгүй бага буюу 1610 цаг ажилладаг аж.

-Өмнөд хөршийн тулгамдсан асуудал-

Хятадын иргэдийн орлого сүүлийн жилүүдэд аажмаар буурч байгаа бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь багасжээ. Орлого буурсан энэ үзэгдэл нь өмнөд хөршийн эдийн засгийн хөгжилд “асуудал” үүсгэж мэдэх нь. Хамгийн олон цаг ажиллаж, хамгийн бага цалин авдаг Хятад ажилчид өнөөгийн хүчирхэг шинэ орныг бүтээж буй. Гэвч нэг цагийн хөдөлмөрийн дундаж цалин нь дөнгөж 0.8 ам.доллартай тэнцэж байна. Энэ нь дэлхий дахинд буй хамгийн бага ажлын хөлс. Тэд хамгийн бага цалин авч байгаа боловч хөдөлмөрлөх цагаараа дэлхийд тэргүүлсээр байгаа.

Хятад хүн жилд дунджаар 2200 цаг ажилладаг бол америкчууд үүнээс хавьгүй бага буюу 1610 цаг ажилладаг аж. Харин дэлхийд хамгийн бага цаг ажилладаг хүмүүсээр Голландчууд тодорч байна.

“Давс байхад цуу авч яах юм бэ”

БНХАУ-ын ДНБ их хэмжээгээр өссөн атал иргэдийнх мөнгөн хуримтлалын хувь буурсан дүн гарсан нь олон нийтийн гайхшрал төрүүлж буй. Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн болон дотоод гадаадын судалгааны байгууллагуудаас гаргасан дүгнэлтээс үзэхэд Хятадын нийт өрхийн 80 гаруй хувь нь орлого мэдэгдэхүйц өсөөгүй гэжээ. Нөгөө талаар баян ядуугийн ялгаа даамжирч байгаа аж. Одоогоор Хятадад үүсээд байгаа хамгийн том асуудал бол хүмүүсийн орлого өсөхгүйн сацуу чинээлэг хоосны зөрүү нэмэгдсээр байгаа явдал юм.

Хятадын Гүйжөү мужийн нэгэн тариачин өрхийн тооцооны дэвтэртээ “Давс байхад цуу авч яах юм бэ?” гэж тэмдэглэсэн байсан нь цахим ертөнцөөр тархсан байдаг. Энэ өгүүлбэр Хятадын ядуу иргэд хэчнээн хүнд хэцүү амьдарч байгааг тодорхой илэрхийлэх аж. Гэтэл тэд дэлхийн цагаан будааны 26 хувийг эх орондоо тариалж байна.

Си Зиньпиний итгэл үнэмшил

"Сар бүр олдог 4000 ам.долларын орлогоосоо нэг ам.долларын кофе ууж, 500 ам.долларын нөтбүүк хэрэглэж, хааяа найзуудтайгаа 50 ам.доллараар хооллож амьдарвал хэчнээн сайхан байх вэ. Энэ бол америкчуудын өдөр тутмын амьдрал. Гэтэл хятадуудад биелэшгүй мөрөөдөл” хэмээн Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан профессор өөрийн бүтээлдээ өгүүлсэн байдаг. 1.3 тэрбум хүн асар том зах зээл боловч түүний “үр дүн” Хятадад хараахан гарч чадахгүй байна.

Хэрэглээг ашиг орлого болгох арга л урд хөршийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлж жолоодно хэмээн Си Зиньпин үзэж буй. Энэ чиглэлд шинэчлэлийн бодлогоо тэрбээр хандуулсан. Бусад улс оронд иргэдийн хэрэглээ нь ДНБ-ий 70-80 хувийг эзэлж байхад Хятадад 35 хувь ч хүрэхгүй байгаа. Даруухан хэрэглээтэй гэж онцолж болох ч уг байдал нь тэдний сул тал болж дэлхий нийтэд харагдах болсон. Тиймээс “дэлхийн үйлдвэрлэгч”-ээс “дэлхийн хэрэглэгч” болохоор хятадууд мэрийж байна. Сул талаа тэд давуу чанар болгохоор зорьж буй нь тэр.

Саарч буй "Луу"-гийн эдийн засаг


Сүүлийн арван жилд Хятадын үндэсний нийт орлого 50 хувиар нэмэгдсэн. Гэвч иргэдийнх орлогод эрс өөрчлөлт гараагүй байна. БНХАУ санхүүгийн зах зээлээ чөлөөлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэн, үргүй зардлыг бууруулах, экспортоос дотоодын хэрэглээг урамшуулахад шилжих замаар хөгжлийн “загвар”-аа шинэтгэж байгаа. Энэхүү эдийн засгийн өсөлтийн загвараа өөрчилж байгаатай уялдан аж үйлдвэрлэлийн өсөлт саарч, Хятадын ДНБ-ий бодит өсөлт 2015-2016 онд долоо орчим хувьтай байх нь гэж шинжээчид таамаглаж байсан. 2014 оны хоёрдугаар улиралд Хятадын эдийн засаг 7.5 хувиар өссөн. Энэхүү өсөлтөд төмөр зам, орон сууцанд оруулсан төсвийн хөрөнгө оруулалт нөлөөлжээ. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, банкны салбарыг үл хөдлөх хөрөнгийн үнийн уналтаас хамгаалах зорилгоор зээл олголтыг хумьж байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх болсон байна.

Таагүй зураглал

Сүүлийн хоёр жилийн хугацаанд өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт долоон хувиас хэтрээгүй. Энэ тохиолдолд манай эдийн засаг болон тус улсад нийлүүлэх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх найдвар улам багасч байна. Ирэх онд ч мөн адил дээрх түүх давтагдах бололтой. Нэг талаар АНУ-ын эдийн засгийн төлөв сэргэж буйтай холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжих хандлага ажиглагдах болсон. Гэвч Хятадын эдийн засгийн дотоод эрсдэлээс шалтгаалан ДНБ-ий өсөлт буурах магадлал байгааг шинжээчид нуусангүй.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын идэвхжил буурснаас шалтгаалж дотоодын хөрөнгө оруулалт саарсан. Мөн банкны зээлийн чанар муудаж байгаа нь Хятадын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болох юм. Энэ оны хувьд Хятадын Төв банк банкуудынхаа заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Түүнчлэн Засгийн газрын хувьд шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг өсгөхөд бэлэн буй. Иймд урд хөршийн эдийн засаг 7.3 хувиас доош буухгүй гэж зарим гаднын эдийн засагчид үзэж байна. Гэхдээ эдийн засгийг илүү тэнцвэртэй төлөвт хүргэх зорилтыг Хятадын төрийн удирлага зарласан. Иймээс эдийн засгийн өсөлт нь 2015-2016 онд 7-7.1 хувьд хүрч ялимгүй саарах шинжээчдийн “зураглал” бас бий.

2016 онд дуусгавар болох Хятадын таван жилийн төлөвлөгөөнд "Цалингийн доод түвшинг жилд хамгийн багадаа 13 хувиар өсгөж байх" гэсэн зорилт байсан. Харамсалтай нь энэхүү зорилт тун хангалтгүй дүн авсан.Эдийн засгийнхаа хэмжээгээр хоёр жилийн өмнө Японыг гүйцэж түрүүлсэн Хятад 2021 он гэхэд АНУ-ын өмнө гарах эсэхийг иргэдийнх нь амьжиргааны түвшин тодорхойлох бололтой.

/Сэтгүүлийн архиваас татав 2014 он/