Ядуурал буурсан уу?

2007 оноос хойш үнэндээ гэр хорооллоор явж сурвалжлага хийгээгүй юм байна. Хувь хүнийхээ хувьд дотроо бодохдоо улсаас халамж их өгч байгаа юм чинь хүмүүсийн амьдрал тийм ч хэцүү биш байгаа байх гэж бодож явсандаа ичих шиг. Энэ сурвалжлагад явчихаад хоёр хоног сэтгэл хямарснаа нуух юун. Монголчуудын маань нэг хэсэг нь ямар их ядуурч, өвчин шаналалд автаж байна аа гэж бодохоор сэтгэл өөрийн эрхгүй хямарсан. Гэтэл төр, засгийн хүмүүс “халамж их өгч байгаа болохоор ард түмний амьдрал болж байгаа” гэж бодон, албан тасалгааныхаа цонхоор дуу аялан харж зогсч байж ч мэднэ... Одоо харин яагаад ядуусын амьдралыг сурвалжлах болсон талаараа бяцхан тайлбар хийх нь зөв байх. Монголын эдийн засгийн форумын үеэр олон салбар хуралдаан зохион байгуулсны нэг нь нийгмийн хамгааллын шинэчлэлийн сэдэв байлаа.

Хүний амьдралын ажил хөдөлмөр эрхлэх, халамж, үйлчилгээ авах гээд л хамаг нарийн ширийн асуудлыг хамарсан чухал салбарын шинэчлэлийн асуудлыг хөндсөн учраас 90 минут хаанаа ч хүрэлцэхгүй байв. Эндээс миний бие нэг л асуудлыг сэтгүүлчийнхээ хувьд тодорхой болгох юм байна гэсэн зорилго тээж гарсан. Монголд ядуурал буурсан уу? гэдэг асуултын хариултыг олох. Хурлын эхэнд оролцогчид мөн л энэ асуултыг гаргаж ирснээр холбогдох байгууллагынхан өөр өөр тоо баримт хэлж энд нэлээд цаг авсан юм. Тухайлбал, УИХ-ын даргын эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөх Д.Даваасамбуу хэлэхдээ “2006-2007 онд ядуурлыг хэмждэг үзүүлэлт өөрчлөгдсөн. Үүгээр 80 хувьтай байсан ядуурал 35 хувьтай болсон. Чанарын үзүүлэлт нь өндөр болсон. Төрийн албан хаагчдын цалинг нэмж ядуурлаас гаргасан. Олон улсын байгууллагуудын судалгаа бэлэхнээ хэлсэн байгаа. Маргах юм байхгүй” хэмээсэн. Үндэсний статистикийн хорооны дэд дарга Т.Эрдэнэсүрэн “ Манай байгууллагаас хийсэн судалгаагаар ядуурлын түвшин улсын хэмжээнд 2002 онд 37 хувьтай, 2008 онд 36 хувьтай, 2010 онд 38 хувьтай гарсан.

Дэлхийд ядуурлын түвшинг судалж тогтоодог хэд хэдэн арга байдаг. Хөгжил тааруу орнууд хэрэглээний сагсны аргаар тооцдог. Манайх энэ аргаар тооцож гаргаж байгаа. Энд ядуурлын түвшинг тооцож буй арга нь буруу биш. Харин ядуурлын 2007 оны түвшинг 2010 оныхтой харьцуулж, ядуурал буурсан буураагүй гэж дүгнэж болохгүй гэдэг зөвлөмжийг Дэлхийн банк өгч буй. Үүнийг манай бодлого боловсруулагчид буруу ойлгож байгаа тал бий” гэв. Харин Дэлхийн банк ядуурлын түвшний өөрчлөлтийг харилцан уялдаатай хэмжигдэхүүн ашиглан тодорхойлсон аж. Ингэж тооцоолсноор Монголд ядуурлын түвшин 2002/2003 онд 61.1 хувь байсан ба 2007/2008 онд 35.2 хувь болж буурсан байна гэсэн дүгнэлт хийжээ.

…Манай байгууллагын ажилтан саяхан нэг ядуу айлын хүнийг ажилд оруулахаар гэр хороололд очиход, өмнөөс нь нохойгоо тавьсан байсан. Ингэж л монгол хүн зэрлэгшиж байна. Өөрт нь тусалъя дэмжье гэсэн хүний өөдөөс нохойгоо тавьж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Монголчууд ингэж л тэжээвэр сэтгэлгээтэй болж байна” хэмээн “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн захирал М.Болд ярилаа. Тэрбээр энэ үгээ Эдийн засгийн форумын төсөв, төлөвлөлт сэдэвтэй салбар хуралдааны үеэр хэлсэн юм. Энэ үг миний гэр хорооллоор явж сурвалжлага хийх сонирхлыг улам бадраасан хэрэг.

15 настай хүүхэд ясны сийрэгжилт болж, 75 настай хөгшин төрийнхөө буянг харуулдаж хэвтэнэ


2011.03.15. Ядуурал буурсан уу, үгүй юу? гэдгийг сонирхохоор нийслэлийн баруун зах руу буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороогоор очлоо. “Захын айлын хаалгыг цохиход л ядуу байгаа шүү дээ яагаад заавал манай хороог сонгож байгаа “ гэж нэг ажилтан нь дургуйцав. Болд захирлын хэлсэнчлэн нохойгоо өмнөөс тавибал яалтай. Тэгээд ч зах хязгааргүй мэт үргэлжлэх, хог шороо ихтэй гэр хорооллын хаанаас нь ядуу өрх олно гээд явах билээ. Гэхдээ тус хорооны хоёр ч хэсгийн ахлагчаар нь замчлуулсан болохоор баярласан шүү гэдгээ уламжлах нь зөв байх.

Бидний эхний айл хотын баруун захын хуучирч муудсан гурван давхар шар байрнуудын нэгэнд байлаа. Тодруулбал, шинэ цэргийн хотхоны 73.1.4 тоот. Гэрийн эзэн Ц.Цэрэндэжид босоод явах тамир тэнхээгүй, өвчинд шаналан хэвтэнэ. 75 настай тэрбээр 117 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Замын II ангид Төмөр замын гармын жижүүрээр 32 жил ажиллажээ. Тэрбээр “Амьдралд болж байгаа юм гэж алга хүү минь. Тэтгэврээсээ гэрлийн мөнгө, утасны мөнгө, байрны мөнгөө өгөөд 50 мянган төгрөг үлддэг” гэв. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ч дор бүрнээ л өнөө маргаашаа болгож ядаж байгаа болохоор ээждээ илүүчилдэггүй. Цэрэндэжид гуай ч хүүхдүүдээсээ мөнгө хардаггүй, ажил хөдөлмөр эрхлэхээсээ эрхлэхгүй нь олон болохоор өөрсдөө л хоосон хоночихгүй болгож байвал болох нь тэр гэж залбирдаг аж. “Намайг ач охин маань асран халамжилж байгаа. Энэ маань удахгүй төрөх гээд байдаг” гэж санаа алдав. Өвчин шаналалд зовиурласан тэрбээр залуу насны хүч хөдөлмөрөө зориулсан Замын II ангиас нь сард 10000 төгрөг өгдөг байснаа сүүлийн үед огт сураггүй болчихсонд гайхаж хэвтэнэ. “Одонгийн мөнгө авах болсон чинь бас хамрагдаж чаддагүй ээ. Уг нь би 1960-аад онд Эхийн II одон авсан юм. 1990-ээд оны дундуур манайх үерт ороод хамаг юмаа урсгачихсан. Эхийн одонгоо өнөөдрийг болтол үгүйлсэн ч үгүй. Тэгээд л сая мөнгө өгөх боллоо гэхээр нь санасан чинь байдаггүй. Лавлагаа энэ тэр авч, уйгагүй явбал болох л байх даа. Даанч өөрөө хөдөлж чадахгүй хэвтрийн хүн чинь яах гээд ч нэмэр алга. Ноднингийн дөрөвдүгээр сараас хойш хэвтэрт байна. 4-5 эмнэлэг дамжлаа” гэв. Түүний тэтгэвэр мөнгө хатуу байхад 240 төгрөгөөр тогтоогдож байжээ. “Төрийн минь сүлд таван төгрөг байсан чиг л их юм шүү дээ. Би улсад ажил хийснээс гадна 20 гаруй жил байр, хэсгийн дарга хийсэн хүн. Өндөр настны халамж үйлчилгээнд хамруулах нь бага л юм байна шүү дээ” хэмээн гомдонгуй өгүүлсэн. Насны эрхээр шээс нь задгайрч, хавагнадаг болсон түүний хувьд байр нь мөсний хөндий шиг болсон нь өвчнийг нь улам сэдрээж байгаа бололтой.

Тус хорооны IV хэсгийн ахлагч П.Нямжав “Хууль дүрэм амьдрал дээр их зөрчигдөж байна. Нийгмийн халамж үйлчилгээ зохих хүндээ хүрдэггүй. Жишээ нь Цэрэндэжид гуайг халамжид хамруулах гэхээр асран хамгаалах үр хүүхэдтэй, байр савтай гээд хасагддаг. Гэтэл хүүхдүүд нь тус тусдаа ядсан амьдралтай. Насныхаа залууд улсад хөдөлмөрлөснийхөө хүчинд ганц өрөө байр авсан л байгаа биз. Тэр нь одоо хуучирч муудаад халахгүй, тун хүнд нөхцөлд амьдарч байна шүү дээ” гэж учирлаж байлаа.

Дараагийн айл М.Баярцогтынх. Эхнэртэйгээ хоёулаа ажил, мэргэжилгүй. Баярцогт эр хүний ид хийж бүтээдэг 47 настай ч групптэй. Хүнд юм өргөх хориотой. Бие нь ядрахаараа унаж татах нь ч энүүхэнд. Орон дээр цэвэрхэн хувцасласан залуу унтаж байсан нь том хүү Батжаргал нь аж. “Эмнэлэг явж ирчихээд унтаж байгаа. Уг нь аав ээждээ тусалж, мөнгө олох сонирхолтой ч хөл, гар нь янгинаад байдаг болсон. Эмнэлэгт сайн үзүүлж чадаагүй байгаа ч эмч нар ясны сийрэгжилт байх гэсэн” хэмээн аав нь ярилаа. Түүнийг аав ээж нь сургуульд явуулж чадалгүй долдугаар ангиас нь гаргажээ.

Улсын сургуульд явуулахад нэг их мөнгө шаардагдахгүй шүү дээ, хүүгээ яагаад сургуулиас нь гаргасан юм бэ? гэж лавлахад, “Хэдийгээр улсын сургууль ч гэсэн ном дэвтэр, цүнх сав гээд л мөнгө хэрэг болдог. Хажуугаар нь сургуулиас нь тийм ч юмны мөнгө ийм ч юмны мөнгө гээд нэг их биш ч гэсэн байнга мөнгө шаардчихдаг бололтой юм билээ. Хүүхэд болохоор тэр бүр зовлонгоо хэлээд байж чадахгүй, санаа нь зовдог юм шиг байгаа. Тэгээд өөрөө сургуульд явахгүй гээд байдаг болсон” гэв. Эдний сарын орлогыг сонирхвол, нөхрийнх нь группийн 51000 төгрөг. Дээр нь дөрвөн ам бүлийн 21000 төгрөг буюу 84000 төгрөг нэмэгдэнэ. Өөрийн гэсэн хашаагүй учраас хүнсний ногоо хадгалах зориулалттай агуулахын хашаанд манаач маягаар буусан гэнэ. Гэрийн эзэн өвөл хааяа зоорь галлаж сардаа дунджаар 50000 төгрөг олох нь бий. Баярцогтынх 2002 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас хотод орж иржээ. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эхнэр нь Өвөрхангайн Баян-Өндөрт аавындаа үрчлүүлсэн хоёр хүүхдээ өөрийн ам бүлийнхээ тоонд оруулах гэсэн боловч овог нь өөр байна гэдэг шалтгаанаар бүтээгүй гэсэн. Нөхөр нь групптэй болохоор шаардлагатай эмээ хөнгөлөлттэй үнээр авдаг ч, авч чадахгүй үе ч бий. Эхнэр нь биднийг очиход байгаагүй. Ямар нэгэн юм олж хийж өдрийн хоолны мөнгөө олохоор гарсан бололтой. Эхнэр нь бас тийм ч гялалзтал ажиллачихаар эрүүл саруул биетэй хүн биш бололтой. Ходоод, гэдэсний шархтай. Шөнө унтаж чаддагүй гэсэн. Үзүүлж харуулах гэхээр эрүүл мэндийн даатгалаа бөглүүлж чадахгүй болохоор эмнэлэгт хандах эрхгүй.

Тог цахилгааны мөнгө нь сардаа 15000 төгрөг гардаг. Өвлийн цагт даарч хөрчихгүйн тулд нүүрсэнд орлогынхоо ихэнхийг зарцуулдаг байна. Хоол хүнсээ хоосон хонохгүй хоёр идэхгүй л болгодог аж. Бага нь харин сэргэлэн хүү санагдсан. “Аав аа, би хичээлдээ явлаа шүү “ гэж цовоо дуугаар хэлээд гарсан түүний царайнаас өлссөн цангасан, ядуу амьдралын зовлон шаналал ажиглагдаагүй.

21000 төгрөгийн дэвтрээ ТҮЦ-д тавьж, зээл авдаг

Гурав дахь айл Төмөр замын дангийн 15.1 гэдэг хаягтай байлаа. Дөрвөн талаасаа ордог нийтийн зориулалттай барьсан байшин. Царайг нь харахад нас бие гүйцсэн бололтой ч давжаа биетэй бор охин угтав. “Сэтгүүлийн сурвалжлагч амьдрал ямар байна гэж сурвалжилж явна. Ядуу айлуудаараа оруулаад явж байна эгч нь” гэсэн хэсгийн ахлагчийн үгэнд тэрбээр багахан хигжүүрхэнгүй хандсан. “Манайх олсноороо болгоод л байдаг шүү дээ. Нэг их ядуу ч биш” гэв. Ах, дүү зургуулаа амьдардаг. Том ах нь мөнгө олж дүү нараа тэжээдэг. Л.Батчимэг 19 настай.

Тэрбээр Монгол-Солонгосын техникийн коллежид сурдаг байж байгаад бие нь өвдөөд сургуулиасаа жилийн чөлөө авчээ. Миний дүү тэгээд эмчилгээ хийлгэж байгаа юм уу гэхэд “үгүй, бие нэг их өвдөөгүй. Зүгээр л ядарсан байна гэсэн ” гэлээ. Ходоод нь хоосон шахуу явсаар ядаргаанд орсон бололтой. Хэсгийн ахлагч Нямжав “Эд нар ч болоод байдаг юм. Том ахынх нь эхнэр сая төрсөн. Том ах нь вагоноос нүүрс буулгаж мөнгө олдог. Архи уудаггүй болохоор дүү нараа болгоод байх шиг байгаа юм” гэж онцлов. Л.Батчимэг “Манайх 21000 төгрөгөө аваад нэг сардаа хоол хүнсээ бэлдээд, дараагийн сардаа гурил будаа авах шаардлагагүй байвал ярилцаж байгаад хэрэгтэй юмаа авдаг” гэлээ. Ядуу ч гэсэн олдож байгаагаа болгоод яваа нь сайн хэрэг. Хэсгийн ахлагчийнх нь хэлснээр эднийд ажил төрөл эрхлэхээр хүн цөөн юм билээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд очиж хэсгийн ахлагчаа солилоо. Өөр чиглэлд явж үзэхээр тэр. II хэсгийн ахлагч И.Одончимэг машинд суув. Түүний хариуцсан хэсэг замын урд талын гэр хороолол гэнэ. Түүнд би захиалга өглөө. Одоо нэг их өвчтэй зовлонтой, өндөр настай айлд ормооргүй байна. Залуу хүмүүстэй. Өөрөөр хэлбэл, ажил хийх насны хүмүүстэй, тэгсэн хэрнээ ажил эрхлэх дургүй халамжийн мөнгөө хараад суудаг гэр бүлд орж үзмээр байна гэж. Тийм өрх зөндөө бий гээд нэг айлд дагуулж орлоо. Хаалгаар нь оронгуут цэмбийсэн цэвэрхэн орчин угтав. Баруун орон дээр нэг өвгөн, хоёр ч залуухан эмэгтэй, жаахан хүүгийн хамт сууж байв. Шинэ шалны хулдаас дэвссэн. Хойморын орных нь гоёл чимэглэл нь шинэхэн, ядуу гэхэд халуу дүүгсэн, гэгээлэг айл санагдав. “Тэр орон дээр суугаа өвөөг Яндаг гэдэг. Энэ хоёр охин нь сэтгэцийн өвчтэй, өвөө бас зүгээргүй ээ, энэ жаахан хүү охиных нь хүүхэд. Бас тархиндаа усжилттай гэсэн. Том охин нь хоёр хүүхэдтэй” гэж хэсгийн ахлагч чихэнд шивнэн танилцууллаа. Хоёр охин нь сэтгэцийн өвчтэй Шар хадны эмнэлгийн хяналтад байдаг гэнэ. Тэгсэн хэрнээ том охин нь яриа хөөрөө сайтай, гадна царай төрхнөөсөө сэтгэцийн өвчтэй гэж харагдахааргүй байсан нь сонин. Тэрбээр “Манай аав түрүү булчирхайн хагалгаа хийлгэсэн юм. Дааруулж болохгүй гэсэн болохоор гал бараг тасалдаггүй. Манай орлогын талаас илүү нь түлээ түлшинд явдаг даа. Халамжийн мөнгө хаанаа ч хүрдэггүй. Аавыгаа 3-4 сар тутам ЭХО-д харуулна. Нэг шинжилгээ нь л гэхэд доод тал нь 65000-75000 төгрөгийн үнэтэй. Нэг шуудай нүүрс 1500 төгрөгийн үнэтэй. Хоногтоо 3-4 шуудай нүүрс түлдэг. Өвөл бол дөрвөн шуудай дөнгөн данган хүрдэг . Одоо ч ирж яваа цаг болохоор харьцангуй гайгүй болж байна” гэлээ. Эднийх хоногт зөвхөн нүүрсэнд 6000 төгрөг зарцуулдаг гэж бодохоор сард 180000 төгрөг болох нь. Хоёр охин нь сэтгэцийн өвчтэй учраас аавыгаа асран хамгаалах эрхгүй. Тиймээс эрэгтэй дүү нь асран хамгаалагчаар нь байдаг аж. Тэрбээр өдрийн цагаар гадагшаа гарч, төмөр авдаг гэсэн. Яндаг гуайн сарын орлогыг тооцоод үзье.

Хоёр охин нь группийн мөнгө гэж сард тус бүр 51000 төгрөгийн “цалинтай”. Яндаг гуайн тэтгэвэр 80000 төгрөг байж байгаад саяхан нэмэгдээд 100000 болсон гэнэ. Тэгээд зургаан хүний сарын 21000 төгрөгийг тооцохоор 126000 төгрөг болно. Нийтдээ сарын 328000 төгрөгийн орлоготой гэсэн үг. Энэ мөнгөөр зургаан хүн иднэ ууна, өмсөнө зүүнэ. Энэ өрхийн хувьд хамгийн зарлагатай нь түлээ, нүүрс, эм тариа гэсэн. Дулаан суухад өрхийн орлогынх нь 20 хувь нь явчихна. Харин дулаарч байгаа болохоор нүүрснээсээ сүүлийн үед 45 мянган төгрөгийн хэмнэлт гаргаад байгаа аж. Үлдэж байгаа 193000 төгрөгөөрөө дараа сарын 15-н болж халамж, тэтгэврийн мөнгөтэй залгатлаа зургаан хүнийхээ хэрэгцээг болгох ёстой. “Дээр нь манай том хүү дөрөвдүгээр анги. Сургуулиас нь бас ийм ч юмны мөнгө тийм ч юмны мөнгө гээд байнга шаналгачихна шүү дээ” гэж том охин нь ярилаа.

Тэгээд яаж амьдралдаа хүргэж байна гэхэд “Үнэнийг хэлэхэд хүрдэггүй юм. Бүх халамжийн мөнгөө авч зээлээ төлөөд л таардаг. Тэгээд 21000-ынхаа дэвтрүүдээ таньдаг ТҮЦ-д тавьж мөнгө зээлнэ шүү дээ. Тэгж л болгодог. ТҮЦ-ээр дүүрэн 21000 төгрөгийн дэвтэр байдаг байх” хэмээн инээд алдаад, “Ганц манайх ч биш, энэ хавийн айлуудын ихэнх нь иймэрхүү маягаар амьдарч байгаа” гэлээ. Тэгээд ТҮЦ-ийн эзэн зүгээр мөнгө зээлэхгүй биз дээ гэж сонирхоход, “Тэгнэ ш дээ. Өрөө авахдаа хүү нэмж авдаг байхгүй юу” гэж тайлбарлав.

Хэцүү ч амьдрал юм даа. Нэг гэрт том бага нийлсэн дөрвийн дөрвөн сэтгэцийн өвчтэй хүн байгаа ч гэсэн халамжийнхаа мөнгийг болгох гээд аавыгаа эмнэлэгт үзүүлээд, болж өгвөл хүүхдээ хүртэл III эмнэлэгт аваачиж үзүүлэхээр явдаг гэсэн. Хэдийгээр сэтгэцийн өвчтэй ч эрүүл мэнддээ анхаарч байгааг нь миний хувьд үнэлсэн. Эмэгтэйг “Чи гэрээ их гоё цэвэрхэн байлгадаг юм байна” гэхэд “Энэ гэрийг Дэлхийн зөнгөөс өгсөн юм. Хүний өгсөн юмыг цэвэрхэн өнгөтэй өөдтэй авч явахгүй бол болохгүй шүү дээ” хэмээсэн нь бахархмаар. Хэсгийн ахлагч нь гарч явахдаа “Дэлхийн зөнгөөс ямар ч тавилгагүй гэр өгсөн л дөө. Эд нар ор, зурагт авч тавиад, шалны хулдаас дэвсээд хөөрхөн янзалчихсан байна. Энэ хүүхэн уг нь их сэргэлэн л дээ. Даан ч хааяа өвчин нь хөдөлчихдөг талтай. Мөнгө төгрөг муугаасаа болоод эмээ авч ууж чаддаггүй ч байж болох юм” гэлээ.

Одоо СХД-ийн 20-р хорооны V баазын 10.3 тоотод оршин суудаг Батбаярын амьдралыг сонирхъё. Гэрийн эзэн 49, эхнэр Нэмэхбаяр нь 45 настай. Гурван хүүхэдтэй. Эхнэр нөхрийн хэн нь ч ажил эрхэлдэггүй. Уг нь эхнэр нь хэдэн жилийн өмнө тор оёж борлуулдаг байсан ч сүүлийн үед торыг чанартай материалаар хийх шаардлагатай болсон учраас хийж чадахаа больжээ. Том охин нь МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан гэнэ. Дараагийн хүүхэд нь Барилгын коллежид сурдаг бол бага нь 10 жилийн сурагч аж. Эднийх мөн л нийтийн зориулалтаар барьсан байшингийн нэг өнцөгт амьдардаг бөгөөд хоёр хонож байж гал түлдэг гээд бод доо. Өдөр бүхэн галлах боломжгүй учраас өнжөөд нэг галладаг байна. Ороод 10 минут хэртэй болоход өвлийн гуталтай миний хөлийн хуруу чимчигнэж байв. Гуравдугаар сар талдаа орчихоод байхад шүү дээ. Өвөлжингөө гал бараг үзээгүй тул гэрт нь хүйтэн хургачихсан бололтой. “Нэгэнт нүүрс авч дийлэхгүй байгаа юм чинь бусад ядуу хүмүүс шиг машины дугуй ч гэсэн түлээд гал гаргаад дулаацаж болно л доо. Гэхдээ хэдийгээр ядуу амьдарч байгаа ч тийм муухай юм түлж агаар бохирдуулаад яах вэ дээ гэж боддог” хэмээн эхнэр Нэмэхбаяр нь хэлэв. Нялх нойтон хүүхэд байхгүй тулдаа л болдог бололтой. Залуухан хүмүүс учраас тэтгэвэр авахгүй. Таван ам бүлийнхээ 21000 төгрөгөөрөө л сарынхаа хэрэгцээг болгодог гэнэ. Ингэхийн тулд том, багагүй ходоодныхоо мухарт хааяа л идэх юм хаядаг гэсэн. “Ямар ч гэсэн 21000-аасаа хоёр оюутныхаа автобусны виза картыг захиалчихад нэг сар чих амар явдаг” гэж Батбаяр өгүүллээ. Охиных нь сургалтын төлбөр 800.000 төгрөг бөгөөд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас төлжээ. Том охин нь “Болгоод байх тусам аав ээж хоёр намайг бүр хаячих юм аа” гэж хааяа гомдоллодог гэнэ. Эдний хүүхдүүдийн нэрийг бичихийг хүссэнгүй.

Их сургуульд сурдаг оюутнуудад ийм ядуу амьдралд нухлагдаж яваа нэгэн бий л байх, гэхдээ тун цөөн биз. Бас болоогүй ээ, охин нь их сургуулийнхаа ангийн дарга гэж байгаа. Танайх цахилгаанд хэдэн төгрөг төлдөг вэ гэхэд Нэмэхбаяр “Цахилгааны мөнгө харин их хачин гараад байгаа. Тогны мөнгөө ч гэсэн төлөхөд нэмэртэй гэж бодоод үүдэндээ нэг айл буулгасан юм. Тэгээд энэ айлаас сард 15000 төгрөг авч цахилгааны төлбөртөө өгдөг. Тэгсэн өмнө нь манай энэ хашаанд байсан айл гэрлийн мөнгөө төлөхгүй 200.000 төгрөгийн өр үүсгэчихсэн юм билээ. Одоо тэгээд тэр өр нь манайхаас нэхэгдээд, гэрлийн мөнгөө сар сардаа өгөөд байгаа хэрнээ байн байн тог тасалчихдаг.

Төрөөс халамжийн мөнгийг бөөнөөр нь өгдөг л юм бол гэрлийнхээ өрийг л даръя гэж бодож суудаг” гэв. Эднийх идэх хоол хүнс үнэхээр муутай аж. Нэг удаа хоол хийх цувдаа 300 төгрөгийн үнэтэй байсан чинь үнэ нь нэмэгдээд 500 төгрөг болсон гэнэ. Уг нь “Хархорин” зах дээр 400 төгрөгийн үнэтэй байдаг ч “Хархорин” явах автобусны мөнгөгүй учраас гэрийнхээ ойр орчмоос цувдаа олж иддэг аж. Замын хойд талын ТҮЦ-үүдэд ядуу өрхүүдийн иддэг цувдаа нь байдаг гэсэн. Нөхөр нь мөн л харвалт өгсөн, хүнд зүйл өргөх хориотой. Гэрээрээ нэг ширхэг тариа хийлгэх гээд 300 төгрөгийн тариур авч чадахгүй хэсэг хугацааг өнгөрөөжээ.

Эхнэрийнх нь зовхи сүүлийн үед байнга татдаг болсон ч эмнэлэгт үзүүлж чадахгүй л яваа аж. Мөнөөх л эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээгүй учраас эмнэлэгт хандах боломжгүй. Эднийх 1994 онд хуучнаар Атрын САА-гаас шилжиж иржээ. Та ажил хийх гэж үзсэн үү гэж асуухад “Охиноо наймдугаар ангид байхад цайны газар ажилд орж үзсэн. Цалингаа өгөхтэй өгөхгүйтэй их л хэцүү юм байна лээ. Тэр хооронд явсан унааны мөнгө бүр талийж өгч байгаа юм чинь. Ажил хийх биш, өрөнд орчихоор юм билээ” гэв. Энэ хоёр өдөрт 5000 төгрөгийн хөлстэй цэвэрлэгээний ажилд харин сайн оролцдог гэж хэсгийн ахлагч эмэгтэй нэмж хэлэв. Даанч тэр цэвэрлэгээний ажил нь байнга биш хааяа л гарч ирэх юм гэж Нэмэхбаяр ярьсан.

Өлсөж цангаж, даарч хөрч байгаад хүүхдүүдээ мэргэжил боловсролтой болгоё гэж зорьж байгаа Батбаярын гэр бүлд талархаж байгаагаа илэрхийлье. Хэдий хэцүү амьдралтай ч эхнэр Нэмэхбаяр нь алсын хараатай, ухаантай эмэгтэй санагдсан.

Эцэст нь хэлэх сэтгүүлчийн үг

Ядуу хүмүүс “Тусалж дэмжих ах, дүү муу. Бүгд л өөр өөрийн амьдралаа болгоод ч байгаа юм шиг болгохгүй ч байгаа юм шиг л явдаг” гэж ам нэгтэй учирлаж байгаа нь өнөөдөр монголчуудын амьдрал задарсан баян л биш бол нийтээрээ сул дорой байгааг харуулж байгаа болов уу. Тэгээд мөн ядуугийн хажуугаар нэг өрхөд дор хаяж нэг өвчтэй хүн байгаа нь хачирхалтай. Хүмүүс өвчнөө эхэн үед нь үзүүлэх боломжгүй явсаар тартагт нь тулгаж хэвтэрт ороод байгаа бололтой. Инфляцын галзуурсан өсөлттэй энэ цагт айлд нэг л өвчтэй хүн байхад тэр өрхийн амьдрал шууд доошоо унаж байх шиг санагдлаа. Өнөө маргаашийн идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүтэй ядуу хүмүүсийн эрүүл мэндийн асуудалд үнэхээр анхаарал хандуулахгүй бол өлмөн зэлмүүн амьдрал нь өвчин шаналалд автуулсан байгаа нь эндээс харагдаж байх шиг. Олон жилийн өмнө олгоод мартсан эрүүл мэндийн дэвтрийг нь ядуу хүмүүсийнхийг нэг бөглөж өгвөл яасан юм бэ? Уг нь тэдэнд төрөөс өгч байгаа 21000 төгрөгнөөсөө идэх уухаа хасч байгаад ч гэсэн эмнэлэгт үзүүлье гэсэн сэтгэл байдаг юм байна. Даанч эрүүл мэндийн дэвтрээ бөглүүлээгүй удчихсан болохоор эмнэлэг рүү зүглэхийн ч хэрэггүй учраас өвчнөө зөнд нь орхиж, тартагт нь тулгаад байгаа юм биш үү?

Миний бие өдөр тутмын томоохон сонинд 10 гаруй жил сэтгүүлч хийх хугацаандаа хүмүүсийн аж амьдралыг цөөнгүй сурвалжлан бичиж байсан. “Өрхийн төсөв” гэсэн буланг хөтөлж 2000 оны эхээр болон дундуур гэр хорооллоор ч, орон сууцны айлуудаар ч хаалгыг нь тогшиж явдаг байсан. Тэр үед цахилгаан, дулааны үнэ байн байн нэмэгдэж, бензин шатахууны хомсдол үүсээд, хүмүүс бухимдалтай хэцүү байсан. Ядуу гэсэн ангилалд багтдаг хүмүүс арай ч өнөөдрийнх шиг ядуугийн хажуугаар өвчин эмгэгт дарлагдаж байгаагүй.

Нийслэлийн дүүрэг бүрт ядуу өрхийн тоо ялгаатай л байгаа байх. Миний сурвалжлага хийсэн Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хотын хамгийн их ядууралтай, хамгийн олон хүн амтай нь үнэн. Тийм байлаа ч гэсэн алслагдсан гэр хорооллоороо ядуусын амьдрал ерөнхийдөө л иймэрхүү дүр төрхтэй байна гэдгийг хэлье. Хотын дарга, төр, засгийн томчуудаас зориуд гэр хорооллоор яваад үзээсэй гэж хүсмээр байна. Гэхдээ хотын төвтэй айлсан байгаа Зурагт, Дэнжийн1000 биш, алсхан гараад хараасай. Т.Ганди сайдын Эдийн засгийн форумын үеэр хэлсэн нэг үг надад их таалагдсан. “Баян, ядуугийн ялгааг хэзээ ч уулзахгүй хоёр уулын оргил шиг болгохгүйн тулд ядуу хүмүүст очих халамж үйлчилгээг улам нэмэгдүүлнэ” хэмээн тэрбээр онцолсон юм. Үнэхээр 21000 төгрөг хэрэгтэй байгаа хүмүүст төрөөс үзүүлэх халамж үйлчилгэээд гар татах хэрэггүй аж.

Дэлхийн банкны Монгол Улс ядуурлаа онилсон бодлого явуулах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг алхам тутамдаа сайтар санаж, ажиллах ёстой юм байна, Ганди сайд аа, Баярцогт сайд аа.
Нийгмийн хамгааллын хууль дүрэм амьдрал дээр их зөрчигдөж байна гэж баримттай хэлсэн СХД-ийн 20 дугаар хорооны хэсгийн ахлагч эмэгтэй Нямжавын үгийг би дахин сануулмаар байна. Ноднингоос эхлээд төрөөс ядуу айл бүрт сар тутам 14000 төгрөгийн хүнсний тусламж өгч эхэлсэн ч энэ жилээс чимээгүй болчихсон гэнэ. Энэ тусламжийг баян айлын нохой ч тоож идэхгүй 500 төгрөгийн цувдаагаар голоо зогоож суугаа олон ядуу өрх харуулдаж сууна. Нэлээд хэдэн жил өгч чадахгүй байсан юм бол нэг хоёрхон удаа өгөх хэрэг байсан юм уу? Эсвэл урт хугацаанд ядууст хүрэх байсан хүнсний тусламжийг бололцоотой боломжтой өрхүүдэд хавтгайруулж өгөөд ганцхан жилийн дотор ёроолыг нь харчихсан хэрэг үү? Хоногт хэрэглэх хоол хүнснээсээ шаардлагатай амин дэмээ авч чадахгүй настнууд тамирдаж, хүүхэд залуучууд өвчилж, бие бялдар нь давжаарч байгаа нь энэ сурвалжлагаас тод харагдаж байгаа болов уу.

Манай төр, засгийнхныг ядуу, нэн ядуугийн тодорхойлолт, орлого орлуулан тооцох аргачлал зэрэг нэр томьёо төдийхнөөр оролдож суутал нийгмийн нэг хэсэгт өлсгөлөн нүүрлэсэн байна гэж хэлэхэд хатуудахааргүй болжээ. Түлээ нүүрс ядууст өвлийн улиралд том дарамт болдог гэж олон улсын байгууллагынхны хийсэн судалгаанд туссан нь үнэн юм. “Дулаарч байгаа болохоор нэг хэсэгтээ нүүрсний мөнгө гэхгүй болно” гээд баярлаж байна, ядуус. Түлээ, нүүрсний хөнгөлөлтөд 70 хувийн групптэй хүн хамрагддаг байсан бол одоо 80 хувь болж өөрчлөгджээ. Энэ үзүүлэлтээр олон гэрийн эзэн нь хүнд юм өргөж болохгүй, даарч хөрч болохгүй өвчтэй хүнтэй өрх хасагдаж, дагжиж хонодог болох нь байна. Халамж үйлчилгээгээ улам боловсронгуй болгох атал яагаад өндөр шалгуур тавьж жинхэнэ эздээс нь холдуулаад байна вэ? Доноруудын зөвлөсөн байгаа оносон халамжийн бодлого гээд тодорхой үг байгаа биз дээ. Яагаад улсад 30 гаруй жил ажилласан хөгшин бүтэл муутай хүүхдүүдээсээ болоод төрийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, мөсний хөндий шиг байшинд өвчин шаналалд автаад, залбираад хэвтэх ёстой юм бэ?