Ядуурал “цус дамждаг”

Нэг хотын хоёр ертөнц

Сүхбаатарын талбайн эргэн тойронд тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэнэ. Сүхбаатар жанжны талбайн зүүн захад орших “Сэнтрал Тауэр”-т “Louis Vuitton”, “Emporio Armani”, “Burberry” зэрэг брэндийн дэлгүүр хэдийнэ төвхнөсөн. Тус барилгын 17 давхарт байрлах ресторанд хээнцэр хувцас, хэрэглэлээр гангарсан бизнесмэнүүд амталж шарсан үхрийн махыг Roquefort бяслагаар хачирлан хооллох бөгөөд зарим нэг нь Францын алдарт Mouton Cadet Reserve Sauternes цагаан дарс шимэн сууна. Их хотын төв хэсэгт амьдрал энэ мэт өрнөж байхад нөгөө захад нохойн хоол гэх 650 төгрөгийн үнэтэй махны өвдөл цөвдөл, 350 төгрөгийн үнэтэй “жижиглэн” буюу малын дотор эрхтний цуглуулга, шулсан ясны шөлөөр өл зогоож, зарим нь бүр хоосон хонож байна. Одоогоос жилийн өмнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн XII хорооны 60 гаруй настай өрх толгойлсон эмэгтэй Л.Баянжаргал өөрийн долоон хүүхэд, хүргэн, бэр, ач зээ нийлсэн 17-уулаа, жижиг таван ханатай гэрт өдөр хоногийг дээрх мэт өлмөн зэлмүүн өнгөрүүлж байгаа тухай манай сэтгүүл бичиж байсан. Харин жилийн дараа тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн сонирхлоо. Жижиг таван ханатай гэрт багталцаж ядах ам бүлийнх нь тоо хоёроор нэмэгджээ. Үсчин хийдэг байсан охин нь ажлаасаа халагдсан гэнэ. Тогтсон орлого, тухтай амьдралгүй тэд улам л ядуурсаар байгаа талаар Баянжаргал ярьсан юм.

Гүнзгий ядуурлын гүн дэх нууц

Манай улсын эдийн засгийн өсөлт дэлхий нийтийг алмайруулж, улстөрчид энэ өсөлтийн талаар ам хуурайгүй ярьж байна. Гэтэл Монголын ядуурал улам гүнзгийрсээр байгааг дараах судалгаа харуулж байна. Ядуурлын талаар судалдаг цөөхөн эдийн засагчийн нэг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор С.Даваасүрэн “Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсын ядуурлын гүнзгийрэл 29 хувьтай байна. Энэ нь нийт ядуу иргэдийг 100 хувь гэж үзвэл түүний 30 орчим хувь нь нэн ядуу гэсэн үг. Эдгээр иргэний орлого ядуу иргэдийн сарын орлогоос дунджаар 25.6 мянган төгрөгөөр доогуур байдаг” гэсэн юм. Тун хүнд сонсогдож байгаа биз. Өөрөөр хэлбэл, Монголын ядуу гэж нэрлэгддэг хэсгийн 30 орчим хувь нь ядуугийн ядуу буюу тартагтаа тулсан амьдралаар амьдарч байна гэсэн үг. Манай үе үеийн шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид ядуурлыг бууруулна гэдэг ч тэр нь лоозон төдий байдаг. Өөрөөр хэлбэл, ядуурлыг яаж бууруулах талаар бодитой бодлогогүй явж ирсэн хэрэг. Дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүсийн яриагаар боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь хөгжилд тустай төдийгүй ядуурлыг бууруулах хамгийн зөв арга гэх. Гаднын өндөр хөгжилтэй орнууд ч ядуурлыг бууруулахын тулд дээрх хоёр салбарт оруулах хөрөнгөдөө гар татдаггүй аж. Ядуу буюу амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн эрүүл мэнд дундаж амьдралтай хүнийхээс хоёр дахин муу гэх судалгаа бий. Тиймээс ядуу иргэдийн хүүхдийн ихэнх нь эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиас завсарддаг байна. Ингээд эрүүл мэнд дорой, боловсролын хоцрогдолтой хүүхдүүдийн ирээдүй ямар байх нь ойлгомжтой. Энэ байдал нь нэг талаар ядуурал удам дамжих нөхцөл болдог байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ядуурал удамшихаас айх юм. Өнөөдөр ядуу байгаа хүмүүс хойшид ч ядуу явах тийм л нийгэмтэй болчихож Монгол улс” гэж халаглаж байсан удаатай. Товчхондоо олон улсад ч эрүүл мэнд болон боловсролд оруулж байгаа анхны хөрөнгө оруулалт ирээдүйн өндөр орлогыг бий болгоно гэж үздэг байна. Тиймээс улс төрийн бодлого нь ч энэ зүгт чиглэдэг аж. Норвеги улс гэхэд л ядуурлыг бууруулахын тулд ард иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаардаг. Тухайлбал, тус улсад бие болон сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ бүх насныханд үнэ төлбөргүй байх жишээтэй. Шүдний эмнэлгийн үйлчилгээ гэхэд 16 хүртэлх насныханд үнэ төлбөргүй бөгөөд эм, эмийн бүтээгдэхүүнийг нэг жилд гурван сараас дээш хугацаанд хэрэглэх үед хөнгөлөлттэй үнээр олгодог аж. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний зардал ДНБ-ий есөн хувийг эзэлдэг бөгөөд Засгийн газраас 84 хувийг нэмж санхүүжүүлдэг байна. Тиймээс ч тухайн улсын ядуурлын түвшин ердөө гуравхан хувь байдаг аж. Эндээс харахад, ядуурлыг бууруулахад эрүүл мэндийн салбар ямар чухал нөлөөтэй нь тодорхой байна. Хэрвээ эрүүл мэнд, боловсролын асуудлыг үл анхаарч, цаг тухайд нь шийдэж чадахгүй бол ядуу иргэдийн ажиллах чадамж буурсаар нэн ядуугийн ангал руу гулсдаг аж. Ядуурал уламжлагдах буюу “цус дамждаг” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байсан юм. Даваасүрэн “Ядуу айлын жишээн дээр харахад, циклийн нөлөө их байдаг. Энэ нь тухайн өрхөд бий болсон нэг хүндрэлтэй асуудал өөр нэгэн бэрхшээлийг араасаа дагуулдаг гэсэн үг юм. Тухайлбал, тухайн өрхийн орлогын эх үүсвэр болсон хэн нэгэн нь хүнд өвчин тусах. Цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэл учирч болно. Ингэснээр өрх улам л ядуу болдог. Үүнийг “ядуурлын гүнзгийрэл” гэж нэрлэдэг” гэв.

Хот, хөдөөгийн ялгаа

Хот, хөдөөд болон алслагдсан бүсэд ялгавартай бодлого явуулах хэрэгтэй. Тэгж чадвал энэ нь ядуурлыг бууруулах томоохон хүчин зүйл болох талаар Даваасүрэн багшийн судалгаанд тусчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар орон нутгийн хоёр иргэний нэг нь ядуу амьдралтай байсан бол хотод гурван хүн тутмын нэг нь ядуу байсан аж. Түүнчлэн газар нутгийн хувьд төв суурин газраас алслагдмал байх тусмаа орлогын тэгш хуваарилалт алдагддаг байна. Ядууралд хүний амьдрах орчны нөхцөл онцгой нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, алслагдмал газрын иргэдэд ажил амьдралын сонголт байдаггүй гэж хэлж болно. Ажиллах болоод амьдрах орчны сонголт багасах тусам шилжилт хөдөлгөөн ихэсдэг байна.

Хувь хүний хичээл зүтгэл хамгийн хүчтэй

Төр, засаг ядуу иргэдээ хөдөлмөрлүүлж, хөрөнгөжүүлэх хэрэгтэй. Гэтэл манайд эсэргээрээ байх шиг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хүн амын 47 хувийг 15-40 насныхан эзэлдэг байна. Гэтэл эдгээр эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо өдөр ирэх тусам багасаж, ажиллах идэвхгүй хүн амын тоо жилээс жилд өсөж байгаа талаар дурджээ. Даваасүрэн “Нийгмийн халамжийн мөнгө тарааж эхэлснээс хойш хүмүүсийн ажиллах сонирхол буурсан гэдгийг графикаас харж болно. Төрөөс тараасан бэлэн мөнгө тухайн өрхийн орлогын ихэнх хувийг эзлэх буюу хүмүүс зүгээр сууж байгаад мөнгөтэй болоод ирэхээр хөдөлмөрлөх сонирхолгүй болдгийн тод илрэл” гэв. “FSCO Mongolia” компанийн захирал Д.Жаргалсайхан “Өнөөдөр манайд өөрсдийгөө эмзэг гээд нэрлэчихсэн хэсэг байна. Тэр эмзэг хэсэг нь амаа ангайгаад хэвтчихдэг. Бусад нь эвий, хөөрхий гээд л аманд нь хоол хийж өгөөд л. Сүүлдээ улам давраад одоо бүр хоолоо зажлуулж амандаа хийлгэх янзтай. Үүнийг нь улстөрчид ашиглаж, бэлэн мөнгө тараагаад л” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Өдгөө Скандиновын хойгийн орнууд халамжийн бодлогыг амжилттай явуулж байна. Гэхдээ тэдний нууц нь ядуу иргэд гэхээсээ илүү нийгмийн дундаж давхаргад хөрөнгийн хуримтлал үүсгэх үүднээс бэлэн мөнгө тараадаг байна. Үүнээс гадна ядуу иргэдээ ажилтай болгохыг чухалчилдаг. Манай урд хөрш ч энэ мэт бодлого явуулдаг. Хятадад тухайн хүн улсдаа ямар нэг байдлаар хөдөлмөрлөж л байвал улс таны хүүхдийн живхний мөнгөнөөс эхлээд сурах хүртэлх бүх зардлыг даана. Цалинг чинь хангалттай өгнө. Харин ажил хийх үгүй нь таны дур. Хийхгүй бол өлсөнө. Ийм л учраас манай урд хөршид ядуурал бага байдаг гэх. Олон улсын хэмжээнд ядуурлын түвшинг тогтоохдоо хоногт 1.25 ам.доллараас бага орлоготой бол ядуу гэж үздэг байна. Дэлхийн нийт хүн амын 22 хувь нь энэ ангилалд шууд оржээ. Гэтэл Хятад улсыг энэ тооцооноос хасвал ядуурлын түвшин 25 хувь болтлоо өссөн байна. 1981 оны үед Хятад улсад өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой иргэдийн тоо 662 сая байсан бол 2008 онд 173 сая болж буурсан байна. 2010 оны байдлаар Хятад улсын нийт хүн амын 13 хувь нь 1.25 ам.доллараас бага орлоготой бөгөөд уг үзүүлэлт жил бүр буурч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эндээс дэлхийн ядуурлыг бууруулахад тус улсын нөлөө ямар жин дарж байгааг харж болох юм. БНХАУ-ын цөөхөн жилд ядуурлыг “номхруулсаны” нууц нь бүх ард түмнээ хөдөлмөрлүүлж чаддагт оршдог гэх. Харин хөдөлмөрлөж байгаа иргэдээ тэд нийгмийн дундаж давхарга гэж нэрлэдэг байна. Улстөрчдийнх нь зорилго товчхондоо улс даяараа баян, хүчирхэг болох.
Монгол ч гэсэн ядуу хүмүүс ядуу гэх нэрээрээ хоол олж иддэг биш, нийгмийн дундаж давхаргад шилжихийг эрмэлзэж, амьдралынхаа чанарыг сайжруулж, нийтээрээ баян байхыг эрмэлзэх хэрэгтэй юм. Үүний төлөө зөвхөн Засгийн газар ч бус ард нийтээрээ зүтгэвэл амжилт ойрхон байна.