Япончууд Энэтхэгийг онилжээ


Бурханы оронд олон нар мандах болжээ. Их наран улс хөгширч эдийн засаг нь удааширч байна. Энэтхэг улсад харин энэ цикл эсрэгээрээ эрчимжиж байгааг CNN ангентлаг цахим хуудасдаа мэдээллээ. Учир нь, сүүлийн хоёр жилд Япон улсын томоохон компаниуд Энэтхэгт салбараа нээх болсон аж.

Экспортын үнийг хөөрөгдөж буй иенийн ханш болон дотоодын эрэлтийг бууруулж буй эдийн засгийн сул байдал Японы бизнес эрхлэгчдийг эх орондоо үйл ажиллагаагаа явуулахад саад болж байгаа юм. Үр дүн нь юу вэ?
Тус улсын бизнес эрхлэгчид өсөлт авчрах гаднын зах зээлийг эрэлхийлэх болсон. Иймд эдийн засаг нь ид хөгжиж буй Энэтхэгийн зах зээл хамгийн таатай орчин болж байгааг CNN дурджээ. Түүнчлэн Япон улсын томоохон компаниуд машин техник, эмийн үйлдвэрлэл зэрэг Энэтхэгийн эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудад хөрөнгө оруулалт хийх болсон төдийгүй Мумбай болон Дели хотуудыг холбох үйлдвэрлэлийн “коридор” барихад тэрбум, тэрбумаар нь “цацаж” эхэлсэн. Шушил Живаржка нь Япон улстай худалдааны зорилгоор олон удаа хэлэлцээр хийж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр “Сүүлийн арван жилийн хугацаанд Японы эдийн засаг буурах хандлагатай байсаар ирсэн. Тэд Хятад улсад хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Харин одоо Энэтхэг улсыг шинээр нээгдэж буй зах зээл хэмээн онилчихсон байгаа” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэг улсад үйл ажиллагаа эрхэлж буй Японы 800 байгууллага, компани байдаг аж. Энэтхэгийн худалдаа үйлдвэрлэлийн танхимын мэдээлснээр Их наран улсаас тус улс руу чиглэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ их хөрөнгө оруулалтын гол шалтгаануудын нэг нь Энэтхэгийн ард түмэн гэнэ. Нийт 1.2 тэрбум хүн амын 60 хувь нь 30-аас доош насныхан байдаг тус улсын дотоодын эрэлт, хэрэгцээ хэмжээлшгүй их. Иймээс л тэдний хэрэгцээг хангахын тулд Японы “Никон” компани таван жилийн өмнө тус улсад дэлгүүрээ нээжээ. “Хэдийгээр Энэтхэгийн зах зээл жижиг ч гэсэн их зүйлийг амлаж байгаа. Жил ирэх тусам ашиг нэмэгдсээр байна” хэмээн “Никон” компанийн гүйцэтгэх захирал хэлсэн юм. “Никон Индиа”-гийн Хироши Такашина хэлэхдээ “Хятад, Орос эсвэл Бразиль зэрэг эрэлт ихтэй зах зээлтэй харьцуулахад энэ улсын зах зээл илүү ирээдүйтэй гэж бид үзэж байгаа. Боломж, хүн амын хэрэгцээ, тэдний зураг авах сонирхол зэргээс дүгнэхэд Энэтхэг улс хамаагүй өөр болохыг мэднэ” гэсэн юм. Мөн тэрбээр “Бид энэ зах зээлээс ойрын 5-10 жилийн хугацаанд жил бүр 30 хувийн ашиг олох боломжтой гэж үзэж байна” гэв.