Японы худалдааны алдагдал 9 сарын доод цэгтээ хүрлээ

Япон улсын худалдааны алдагдал энэ оны хоёрдугаар сард буурч 800 тэрбум иенд хүрсэн нь өнгөрсөн есөн сарын хугацаан дахь хамгийн бага алдагдал болж байна.
Экспорт 9.8 хувиар нэмэгдэж, импортын өсөлт огцом саарч 9 хувь болсон нь хоёрдугаар сард алдагдал буурах шалтгаан болжээ.
Тус улсын импорт энэ оны нэгдүгээр сард 25 хувиар өсч, худалдааны алдагдал рекорд эвдэж байсан бол өнгөрсөн сард ердөө есөн хувиар өсчээ.
Ирэх дөрөвдүгээр сард нэмэхээр төлөвлөөд буй татварын өсөлтөөс өмнө япончууд гаднын бараа бүтээгдэхүүн нөөцлөхийг чармайж, худалдан авалт ихээр хийснээр, импорт огцом өсчээ.
Хятадын Цагаан сар нэгдүгээр сард тохиож, гадаад талаас худалдан авалт түр хугацаанд саарсан нь Японы худалдааны нэгдүгээр сарын үзүүлэлтэд мөн нөлөөлсөн байна. Цаашид татварын шинэ хууль хэрэгжиж, үр нөлөөгөө өгөөд ирэх үеэс импортын өсөлт үргэлжлүүлэн саарна хэмээн шинжээчид үзэж байна.
Япон улс өнгөрсөн нэг жил хагасын туршид худалдааны алдагдалтай явж ирсэн юм. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй удаан хугацаанд үргэлжилсэн алдагдал юм.
Фукушимагын цөмийн гамшгаас үүдэн атомын эрчим хүчнээс хагацсанаас хойш тус улсын хатуу түлшний импорт нэмэгдсэн нь алдагдал хүлээсэн голлох шалтгаануудын нэг юм.