Японы эдийн засагт 29 жил тохиогоогүй алдагдал

Япон улсын төсвийн алдагдал нэгдүгээр сард нэмэгдэж, 15 тэрбум ам.долларт хүрсэн нь 1985 оноос хойших хамгийн өндөр алдагдал болж байна.

Япон улсын эдийн засаг 2013 онд 0.7 хувиар өсч, тооцоолж байсан нэг хувийн өсөлтдөө хүрээгүй билээ. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчдын хүлээлт “унтарч” Никкей 225 хувьцааны ханш 95 нэгжээр унасан нь 0.6 хувьтай тэнцэж байгаа юм.

Тус улсын эдийн засаг өнгөрсөн оны 10-12-дугаар сарын хооронд өсөлтийн хурдаа алдаж 0.3 хувийн өсөлтдөө үл хүрч, 0.2 хувьтай байсан. Эдийн засгийн өсөлт удааширч, алдагдал нэмэгдэж байгаа нь энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх худалдааны салбарт ногдуулж байгаа татварын нэмэгдэлийг зарласнаас хойш үүссэн нөхцөл байдал билээ.

Эдийн засагчид татвар нэмэгдэхээс өмнө хүмүүс худалдан авалт ихээр хийхийг эрмэлзэх учир оны сүүлээр өсөлт хурдасана гэж таамаглаж байсан. Гэвч хэрэглэгчдийн зарцуулалт тооцоолж байсан 0.5 хувьд хүрээгүй бөгөөд 0.4 хувийн өсөлттэй байжээ. Япон улсын гадаад худалдааны алдагдал өнгөрсөн сард рекорд эвдэж, 71 хувиар өсч 2.79 их наяд иен болсныг албаны мэдээлэл харуулсан. Иений сул ханш болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын нөлөөгөөр экспортын чадавхи ийнхүү үлэмж хэмжээгээр буурлаа.

Ерөнхий сайд Шинзо Абегийн хувьд худалдааны татварыг өндөр болгох замаар улсынхаа өрийг хөнгөлөх төлөвлөгөө барьж ажиллахаар болсон билээ. Гэсэн ч таван хувиас найман хувь болж өсөх татварын дарамтын нөлөөг хязгаарлахын тулд Абе 5.5 тэрбум иенийн нэмэлт багцийг өнгөрсөн арванхоёрдугаар сард танилцуулаад байгаа юм.