Япон, Африкийн бизнесийн харилцаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Африкийн улс, орнуудад хийж буй айлчлал амжилттай өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд хамгийн сүүлд Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод айлчилсан байна. Тэрбээр Япон улс “Дэлхийн найдварыг тээж буй тив” болох Африкийн хурдацтай өсч буй эдийн засаг бүхий орнуудтай бизнесийн харилцаа, холбоогоо сайжруулах ёстой гэжээ.

Африкт үзүүлэх буцалтгүй тусламж болон хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхээ амласан байна. Мөн Өмнөд Суданд энхийг сахилуулах үйлсэд үзүүлж буй дэмжлэгээ ч нэмэгдүүлэх талаар дурджээ. Түүний энэхүү айлчлал нь Японы гол өрсөлдөгч болох Африкт ихээхэн нөлөө бүхий БНХАУ-тай өрсөлдөх гэсэн оролдлого ч байж болох талтай аж.

Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Японы Африк руу чиглэсэн дипломат харилцааны асуудлыг хоёр хэсэг болгон авч үзэх болно. Эхний хэсэгт Африкийн ирээдүйг авч явах үүрэг, хариуцлагыг нуруундаа үүрэх залуу үе. Хоёрдугаарт, хойч үеийг төрүүлж, өсгөх эмэгтэйчүүд байх юм” гэжээ. Ялангуяа Африкийн эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлэх. Эмэгтэй хүүхдүүдийн сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Шинзо Абэ илэрхийлсэн байна.

Дээрх уулзалт, хэлэлцээрийн хүрээнд тэрбээр уг бүс нутагт 320 сая ам.долларын тусламж, хөрөнгө оруулалтын багцыг амлаж байгаа аж. Үүнд, Төв Африкийн улсад энхийг сахиулсан үйлсэд зориулсан гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж багтаж байгаа юм. Мөн Өмнөд Суданд тохиолдоод буй хямралыг давахад нь 25 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.