Япон дефляциас гарахад ойрхон байна

Японы хэрэглээний үнэ сүүлийн таван жилд хамгийн хурдацтай өсч байна. Энэ нь Засгийн газраас нь хэрэгжүүлж буй дефляцийг дуусгавар болгох бодлого үр дүнтэйг харуулж буй хэрэг аж.

Гол инфляци (хүнсний бүтээгдэхүүнийг тооцоогүй) өнгөрсөн арваннэгдүгээр сард жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдний Төвбанк 2015 гэхэд хоёр хувийн инфляцитай болох зорилт дэвшүүлсэн.

Иенийн ханшийг сулруулж, зардлыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт бус мөнгөний бодлогыг хэрэжүүлсэн. Түүний үр дүнд эдийн засаг харьцангуй сэргэж буй. Өнгөрсөн долоо хоногт Төвбанкны ерөнхийлөгч Харухико Күрода нь “Манай банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого бусад бодлогоос өөр. Энэ нь олон нийтийн хүлээлтийг өөрчлөхөд голлон төвлөрсөн юм. Эдийн засаг, зах зээл болон олон нийтийн сентимент өргөн хүрээнд сайжирч буйг бид харж байна” гэжээ.

Арлын улсын хувьд хорь гаруй жилийн туршид эдийн засгийн өсөлт нь зогсонги байж, үнэ ханш уналттай явж ирсэн юм. Учир нь компаниуд болон өрхүүд бараа, бүтээгдэхүүний үнэ цаашид өсөхгүй байх гэсэн хүлээлттэй байжээ. Тиймээс ч тэд зардлаа өсгөхгүй, энэ нь эдийн засагт дэмжлэг болоогүй аж.