Япон улсын экспортын өсөлт

Иенийн ханш суларснаас Япон улсын экспорт өнгөрсөн сард 2010 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Энэхүү өсөлтийг Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгаа сэргээх эрчимтэй төлөвлөгөөнд гарсан томоохон дэвшил хэмээн шинжээчид үзэж буй.

Өнгөрсөн сард тус улсын экспорт 5.8 их наяд иен буюу 60.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн болохыг албан ёсны тоо харуулжээ. Голлох зах зээл болох АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувь, БНХАУ руу хийсэн экспорт 8.3 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тус улсын “RBS” үнэт цаасны компанийн ахлах эдийн засагч Жунко Нишиока “Дээрх тоо нь Японы компаниудын үйл ажиллагаа сайжирч байгааг харуулж буй хэрэг. Тэдгээрийн ашиг, орлого сүүлийн үед нэмэгдэж байгаа нь эдийн засгийн эерэг, сөрөг нөлөөлөлд харьцангуй уян хатан болгож байна” гэжээ.

Хэдийгээр экспорт сайжирч байгаа ч иен нь эргээд импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх болжээ. Тус улсын импорт жилийн өмнөх үзүүлэлтээс 10 хувиар нэмэгдсэн нь худалдааны алдагдлыг 990 тэрбум гаруй иенд хүргэжээ. Атомын цахилгаан станцуудыг хааснаас хойш тус улсад эрчим хүчний импортын зардал нэмэгдэж, 11 сарын турш алдагдал хүлээгээд байгаа аж.

Япон улсын бодлого тодорхойлогчид эдийн засгаа 20 орчим жилийн зогсонги байдлаас гаргах арга хэмжээг эхлүүлсэн. Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Ирландад болж буй G8-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бөгөөд түүний Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчимтэй бодлогыг G8-ын лидерүүд сайшаасан байна.