Япон цөмийн реактороо ажиллагаанд оруулав


Япон улс энэ оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн уршгаар зогсоод байсан цөмийн цахилгаан станцаа энэ долоо хоногт ажиллагаанд оруулав. “Кюшү Электрик Пауэр” (Kyushu Electric Power) компаниас өнгөрөгч мягмар гаригаас эхлэн Японы баруун хэсгийг цахилгаанаар хангадаг “Гэнкаи” цахилгаан станцын IV реактор цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн байна. Техникийн тодорхой асуудлуудаас болоод хаагдаад байсан реакторыг засварласны эцэст компанийн удирдлагууд Засгийн газар болон Хотын даргаас дахин ажиллуулах зөвшөөрлийг авчээ. Цөмийн аюулгүй байдлыг эсэргүүцэгчид энэхүү үйл явдлыг эсэргүүцэн жагсаж, уг компани руу бухимдсан иргэд байн байн залгаж байгаа аж.

Мөн “Токио Электрик Пауэр” компаниас өнөөдөр Фукушима Дай-Ичи цөмийн цахилгаан станцын реактороос ксенон хэмээх химийн бодис илэрсэн нь цөмийн урвал явагдсаны шинж байх магадлалтай хэмээн мэдэгдлээ. Саяхан Японы Засгийн газраас гэмтэлтэй дөрвөн реакторыг устгахад 30 жил шаардлагатай хэмээн мэдэгдсэн бол Японы Цөмийн энергийн хорооноос 2021 оны сүүлчээр цөмийн хаягдал, үлдэцийг цэвэрлэж эхэлнэ гэж мэдэгдсэн тухай CNN дамжуулав.