Үйлдвэржилтийн шинэ эрин үе

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” чуулган өнөөдөр болж байна. Чуулганы гол зорилго нь барилгын материал, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарын нэгдсэн хуралдаанаас баталсан төслийг Засгийн газарт өргөн барих, талуудад танилцуулах аж.

Түүнчлэн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт, Багануур зэрэг хот сууринд үйлдвэр, технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн биржийн талаар хэлэлцэж байна. Чуулганы талаар УИХ-ын гишүүн А.Бакей “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон ажлын нэг нь ганц тулгууртай эдийн засгаас олон тулгуурт эдийн засгийн тогтолцоонд шилжих юм. Харин олон тулгуурт эдийн засгийн тогтолцоонд шилжихийн тулд бид аж үйлдвэрийн салбараа дэмжих хэрэгтэй. Уг чуулганаар бид дотоодын бүх талын хэрэгцээгээ яаж бүрэн хангах талаар ярилцаж байна. Тухайлбал, хүнс, барилгын материал гэх мэт. Энэ нь нэг талаар цааш цаашдаа Монгол улс дотооддоо төдийгүй гаднын зах зээлд өрсөлдөх боломжийг эрэлхийлэх эхлэл тавигдаж байгаа хэрэг юм” гэв.

Чуулганы үеэр хэд хэдэн чухал санал гарсан. Тухайлбал, бизнесийг дэмжсэн татварын бодлогын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх. Мөн ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх. Түүнчлэн инфляцид хөтлөгдөх бус зохицуулдаг тогтолцоонд шилжихийн тулд аж үйлдвэрийн салбараа дэмжих хэрэгтэй гэдгийг талууд онцолсон юм. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулгад үйлдвэржилтийг дэмжих үүднээс хөрөнгө оруулалтыг тав хүртлэх жилээр төлөвлөх.

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудад хариуцлага тооцох, тендерийн будлиантай байдлыг халах гэх мэт чухал ажлуудыг хийнэ гэж заажээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл “Өнөөдөр бид үйлдвэржилтийг дэмжих үүднээс хийж болох томоохон ажлуудыг дэс дараатай ярьж байна. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жижиг сажиг зүйлийг мартах ёсгүй. Тухайлбал, төрийн байгууллагууд бүгд өөрийн гэсэн дүрэмт хувцастай. Түүнийгээ гаднын орноос оруулж ирдэг. Тэгвэл бид тэр эрэлтийг дотооддоо яагаад хангаж болохгүй гэж. Гэхдээ дотоодын эрэлтийг дотооддоо хангахын тулд хэрвээ манайхан өөрсдөө чанаргүй бараа үйлдвэрлэдэг бол ичдэг байх. Мөн нөгөө талаас дотоодын үйлдвэрлэлээ дэмждэггүй бол тэр байдлаасаа ичдэг тогтолцоо, ойлголтыг бий болгох хэрэгтэй” гэв. Мөн чуулганаар ирэх дөрвөн жилд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай салбаруудыг онцолж, хөгжүүлэх тодорхой зорилтуудыг танилцуулсан юм. Тухайлбал,

Үйлдвэржүүлэх чиглэлээр:

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах.
-Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болох.
-Уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлэх.
-Уул уурхайн салбарын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулах.

-Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр

-Ноолуурын болон арьс ширний салбарын зээлийн санг тус тус 300 тэрбум, ноосны зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих санг 100 тэрбум төгрөгт хүргэх.
-Малын гаралтай түүхий эдийг боловсруулж зах зээлд нийлүүлдэг болох.
-Дархан уул аймаг, Улаанбаатар хотын гадна байгаль орчинд ээлтэй хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахыг төрөөс дэмжих.

-Уламжлалт мал аж ахуй, мах сүүний чиглэлээр

-Хөдөө аж, ахуйн биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх

-Импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох.
-Баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлэх
-Боловсруулах үйлдвэр байгуулан Монгол улсад олборлож байгаа ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддын үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох.

-Импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэл хийх гэх мэт чухал асуудлууд хөндөгсөн байна.