Үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх санхүүжилт өгөөч ээ

Манай улсын ДНБ-ий 11 хувийг хөдөө, аж ахуйн салбар эзэлдэг. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ дахин боловсруулах, дэлхий нийтэд брэнд болгох нь чухал гэдгийг эдийн засагчид онцолдог. Түүнчлэн малаас гарч буй ашиг шимийг дээшлүүлж, үүлдэр угсааг сайжруулахад малчид анхаарах болсон. Тэгвэл Олон улсын худалдааны байгууллагын дэмжлэгтэйгээр ҮХААЯ, БШУЯ, Хөдөлмөрийн яам хамтран “Шинэ зууны залуу малчдыг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Бэньеэ “Малчин хүн бэлчээр сайтай, малаа ашиг шимтэй байлгахын хүсдэг. Тэгвэл манай улсын газар нутгийн 73 хувийг эзэлж буй бэлчээрийн гарцыг нэмэгдүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүнээ чанаржуулах асуудал хамгийн чухал байна” гэв. Монголд 311 мянга гаруй малчин өрх байгаагаас 50 орчим хувь 35 хүртэлх насны залуу өрх байгаа аж.

Тиймээс малчдад эрчимжүүлсэн мал аж ахуйг эрхлэх, тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд сургалт, сурталчилгааг ирэх оноос явуулж эхлэх юм байна. Манайд малын мах, ноосны гарцыг сайжруулах, малын тэжээл үйлдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны төвийнхөн, эрдэмтэн судлаачид шинэ төсөл, санаачилга гаргаж Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв /ХААҮШУОНТ/-д өгдөг байна. Гэтэл үүнийг нь практик дээр хэрэгжүүлж, малчид эрдэмтэн судлаачдыг холбож өгөх үүрэгтэй тус төвд хөрөнгө санхүү байдаггүй гэдгийг тус төвийн мэргэжилтэн П.Түмэнбаяр хэлсэн. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малчдыг дэмжих сан зэргийг ХААҮШУОНТ-ийн дэргэд байгуулж, малчид, тариаланчдад үр ашгаа өгөх үр дүнтэй төслийг санхүүжүүлж байх шаардлагатай гэв. Тус санд Засгийн газар, харъяа яамдаас хөрөнгө оруулалт хийнэ гэж олон жил ярьж буй ч өдий хүртэл нэг ч төгрөгийн санхүүжилт өгөхгүй байгаагаас эрдэмтдийн хийсэн шинжлэх ухааны томоохон судалгаа, шинжилгээ тоосонд дарагдаж буйг хуралд оролцогчид шүүмжилж байсан.