Үйлчилгээнийхээн “хоншоортой” байгаач ээ

Hефть импортлогчид оны эхэнд дунджаар 260 төгрөгөөр нэмсэн шатахууныхаа үнийг энэ сарын 16-нд литр тутамд 50 төгрөгөөр хямдруулсан. Шатахууны үнэ бага ч атугай буурах нь буурлаа. Харин шатахууны үнэ нэмэгдэхэд дагаж хөөрөгдсөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг, такси үйлчилгээний километр тутмын хөлс, махны үнэд ямар ч өөрчлөлт гарсангүй. Шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн өсгөсөн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл хамтдаа буурах учиртай, ёс горимоороо бол. Гэтэл мах, будаа, угаалгын нунтаг алиных нь ч үнэ буурсангүй. Харин ч буурах нь битгий хэл өргөн хэрэглээний бараа худалдаалдаг наймаачид Цагаан сарыг далимдуулан үнээ улам хөөрөгдсөөр.

Монголчууд хэдий болтол үнийн хөөсөнд дарлуулж хүлцэнгүй суух ёстой вэ. Бодит баримттай зүйл дээр хаяа ч гэсэн үнээ бууруулаачээ гэж шахаж, шаарддаг занд суралцах цаг болсон гэлтэй. Ийм шахалт шаардалтыг өнөөдрөөс эхлээчээ гэж “Mongolian Economy” сэтгүүлийн зүгээс олон нийтэд уриалж байна.

“Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор үнээ нэмэхээс өөр арга алга” хэмээн шалтаглах дуртай такси үйлчилгээний жолооч нарыг “Бензиний үнэ буурчихсан байхад үнээ бууруулаач ээ, үнийн хөөстэй нийгэмд тантай л адилхан дарамтлуулж яваа нэгнээ башир аргаар шулахаасаа ичээчээ” гэж зоригтойгоор хэлж, шахаж шаардаарай. Түүнчлэн ийм шударга бус байдлыг илчилж, засах үүрэгтэй хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг тэргүүтэй байгууллагуудын дуу хоолой яагаад энэ асуудал дээр огт гардаггүй юм бэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар нефтийн бүтээгдэхүүн импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэж торгууль хүлээлгэсэн. Улмаар үнээ бууруулахыг шаардсан. Тэгвэл нийгэмд үнийн хөөрөгдөл үүсгэсэн “Хэргийн эзэд” гэмээ цайруулж байхад дагаж зохиомлоор үнэ өсгөсөн хүмүүстэй адилхан хариуцлага тооцдог болмоор байна. Өнөөдөр хувийн машинтай иргэд такси үйлчилгээний хөлсийг км тутамд 700 төгрөг зарим нь 800 төгрөгөөр тооцож авсан хэвээр. “Бензиний үнэ буурсан учраас таксины жолооч нар үйлчилгээнийхээ үнийг өмнөх хэвэнд нь аваачих ёстой. Хэрвээ ийм үнэ мөрдөхгүй байвал иргэдийн санал гомдлыг тийм утсанд хүлээн авна” гэдгийг “Хэрэглэгчийн эрх ашиг” гэсэн үгээр тодотгосон төрийн болон төрийн бус холбогдох байгууллагын зүгээс шаардаж яагаад болохгүй гэж.

МҮЭХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батбилэгээс Шатахууны үнэ буурсантай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим үйлчилгээний үнэ яагаад буурахгүй байгааг тодруулахад “Ямар нэг үйлчилгээ, худалдааны үнийг тэд болго гэж шууд тулгах боломж Засгийн газарт ч байхгүй. Тиймээс бодлогын түвшинд хууль эрх зүйн орчин болон зарим зохицуулалт зэрэг олон ажил хийж байна. Бид Засгийн газарт шатахууны үнийг хуучин үнэд хүртэл нь бууруул, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсоо, тогтворжуул гэсэн шаардлагыг тавьсан хэвээр байгаа” гэлээ.

Шатахууны өссөн үнийг төрөөс төрөл бүрийн зохицуулалт хийж байгаад яаж ийгээд буулгадаг. Одоо ч хойд хөрш нефтийн бүтээгдэхүүний экспортын нэмэгдсэн үнэ хэлэх юм бол ганц хөдөлгөөгүй үлдсэн НӨАТ-аараа “аргална” гэж тооцоолсон байгаа юм билээ. Гэтэл шатахууны үнийг дагаж өсгөсөн бусад бараа бүтээгдэхүүний үнийг “хадчихсан” мэт хатуу байлгаж, иргэдийг хохироодог муу зуршлаасаа салах л ёстой. Худалдаачин, наймаачид энэ муухай зангаа гээж, үнийн хөөрөгдөл аль болох гаргахгүй байхыг хичээж, гаргасан ч эргэн бууруулах “хоншоортой” баймаар байна.

Мөн ард түмний эрх ашгийг хамгаална хэмээн цээжээ дэлддэг төрийн болон төрийн бус байгууллагууд ийм л үед ард түмэнд юу юунаас ч илүү хэрэгтэй байна. Одоо “Шатахууны үнэ хямдарчихлаа. Та нар үнээ бууруул” гэж жагсаж, цугламаар байна. Хаврын налгар өдрүүд хаяанд ирсэн болохоор иргэд эрхийнхээ төлөө иймэрхүү уриа лоозон барьж, тэмцэхэд ч даарч зутрахгүй нь лавтай.