"Үл үзэгдэх экспорт" сэрлээ

Хол, ойрын зочин гийчин талын Монголд дөрөө мултлах цагаар “утаагүй үйлдвэрлэл” эрчимжиж, эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт “цутгах”-аар айсуй. Уул уурхайгаас ангид ашиг “юүлж” болох аялал жуулчлалын салбар “амь” орж, дүн өвлийн “ичээнээсээ” сугаран гарч байна.

Чингис хааны өлгий нутаг, орчин цагийн уул уурхайн “од” тоглогч, суурин болон нүүдлийн соёл иргэншил хослон хөгжих Монголд тавтай морил. Тавантолгой, Оюутолгой ордоороо олны хараанд өртөн, баялгийн “синдром” дэгдээн буй Төв Азийн эх газраас тасарч холдоогүй Чингисийн үр садтай танилц.

Газрын хэвлийд буй зулаастай баялаг, түүний дээгүүр бэлчин байгаа хавтгай, хулан, цагаан зээр. Хаашаа ч харсан нүд алдам өргөн уудам тал хөндий, тэнгэр өөд цоройсон сарьдаг. Салхины аясаар “бөмбөрөх” элсэн манхан. Хөвч, тайгын дундуур шурган урсах гол, мөрөн. Байхгүй юмгүй, Төв Азийн цээжинд бууриа зассан Монгол нутаг аялал жуулчлалын сод бүтээл юм. Дэлхийд шинэ Монголын төсөөлөл, түүхийн үнэн, худлыг нээн тольдуулсан ялгуун брэнд.

Уртын дуу, Морин хуур, Эрийн гурван наадамтай. Өнөөдрийн түүхээ цогцлоох Монгол Улс хэзээнээс харь олны хүсэл, сэтгэлийн соронз байлаа. Хэн ч хүсээд ирж чаддаггүй “нууц арал” байв. Тэгвэл өнөөдөр жилдээ 400-450 мянган жуулчин хүлээн авдаг, байнгын хурал, зөвлөлгөөн, гэрээ хэлцэл өрнөж байдаг санхүүгийн төв болжээ.

Манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 0.2 хувийг эзэлдэг аж. ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн жилд манайд 475 мянган жуулчин ирсэн бөгөөд 218 сая ам.долларын ашиг олжээ.

“Хавтгай” дэлхийг тойрон “хэсэх” аялагч хийгээд “бадарчин”-ы тоо нэгэн жарны дотор 37 дахин нэмэгдэж, аль хэдийнэ 940 саяас хол давсан байна. Аялал жуулчлал хөгжиж буй орнууд хэзээд өөрийн гэсэн цорын ганц брэндийг хөхиүлэн дэмжиж, түүндээ багагүй хөрөнгө оруулалтыг шингээсэн байна. Ядаж л дэд бүтцийн асуудал нь торох зүйлгүй. Хэн хаана ч хүрэхэд саад үгүй. Тэгвэл Монгол Улсад “Мянганы зам”-аас л хэтэрсэн бол аяны туршид “нүдүүлэх” эзгүй, эль хуль хээр хөдөө буй. Эрсдэл бас дахин эрсдэл үүрүүлсэн хээрийн адал явдал ч байгаа.

Мэдээж, мөнгөө төлсөн жуулчин тав тух, тансаг орчин, хүссэн үзмэр, саатаж амрахыг чухалчлах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, манай аялал жуулчлалын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй “даваа” бол дэд бүтэц. Монгол брэндийн нэр хүндийг унаган буй гацаа нь зам, тээврийн хөгжил гэдэгтэй хэн ч маргахгүй. Сүүлийн жилүүдэд авто замын сүлжээ сайжирч байгаа ч жуулчин хүссэн үзмэртээ очих харгуй зам бүдэг бадаг. Монгол хэмээх брэндийн төлөө Баруун Европ, Төв Америк, Зүүн Азиас ирсэн жуулчинд чанар, үйлчилгээ хамгаас чухал. Тэд үүний төлөө л 20, 30 жил хураасан хадгаламжаа “цацан” байгаа. Монголд дэлхийн тэрбумтан л ирээгүй бол жуулчинг “саах” нь брэндээс гажиж буй төөрөгдөл юм. Бэл бэлчинтэй байлаа ч гэсэн брэнд хэзээд соёлыг эрхэмлэх ёстой гэдэг.

“Үл үзэгдэх экспорт” хэмээн магтуулсан аялал жуулчлалын салбар Монгол үндэстэнийг дэлхийд төлөөлөх брэнд. Гэсэн ч брэнд болтлоо хөгжих замын нугачаа, бартааг хэрхэн даван туулах нь эргэлзээ төрүүлсээр. Нүүдэлчин соёл, үлэг гүрвэл, говь, хангай хосолсон манай улсад брэндээ тордох, түүнийгээ зүлгэн өнгө оруулах алсын хараа байна уу.

Аялал жуулчлалын салбарт жилд 652 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ногдох төлөвтэйг онцлоод, ирэх 10 жилийн хугацаанд энэ үзүүлэлт хоёр дахин өсч, 1.5 их наяд ам.долларт хүрэх тооцоо байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл тэмдэглэсэн юм. Товчхондоо, аялал жуулчлал дэлхийн хэмжээний бизнес болон хувирчээ. Дээр өгүүлсэн их мөнгөний хэдэн хувийг Монгол Улс хүртэх вэ. Бидэнд хүртэх боломж, эс хүртэх шалтгаан ч бий.

Египетийн Пирамид, Хятадын Цагаан хэрэм, Энэтхэгийн Таж махал, Францын Эйфлийн цамхагтай дүйцэх хэмжээний эртний капитал өв байхгүй ч оюун санааны үлэмж хөрөнгө бий. Тиймээс уул уурхайн салбарт хошуурах бус аялал жуулчлалын салбарт “хошуу дэвсэх” цаг иржээ.

Байгаа үзмэрээ өөд татаж, тоосыг нь арчиж, замыг нь засах үлдлээ. “Цонжин болдог” шиг түүхээ мэдэх “гэрч” болсон үзмэр, ирээдүйд баялаг бүтээх брэндэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэн хүнгүй хэлдэг. Дэлхийн цэвэр усны дээжийг хадгалж буй Хөвсгөл нуур, хүний гараар хиртээгүй Дорнод Монголын цэлийсэн тал. Эдгээр брэнд болсон зураг шиг байгальдаа ариг гамтай хандахыг салбарынхан учирлах болсон.

Хамгийн ойрын жишээ гэхэд л хээрийн замд хог хаягдлаа үлдээхгүй байхаас эх орноо гэсэн сэтгэл эхэлнэ гэдгийг ойлгуулах гэж салбарынхан мөн ч их хичээж байгаасан. Хичээх тусам нь хээр тал хиртэж, жуулчин бус өөрсдөө ч алхаж гишгэх орон зайгаар ядмаг болоод байгаа.

Ашигт малтмалын үнэ цагийн аясаар хэлбэлздэг. Харин аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ жил бүр өсөн нэмэгдэж байдаг. Үүгээрээ аялал жуулчлал тогтвортой хөгжил бас тодорхой брэнд юм. Нүүрс, төмрийн хүдэртэй жишиж үл болох зуун, зууныг бидний үр хойчдоо хамт туулах нэрийн хуудас.

Манай хоёрхон жилийн дараа буюу 2015 он гэхэд нэг сая жуулчинг хүлээн авна. Тэднийг дагасан үйлчилгээ, үзмэр хаана байна вэ. Өнөө л Гандан хийд, Зайсан толгой, Хархорум, Эрдэнэ зуу, цаашилбал Хөвсгөл нуураа үзүүлэх үү. Олон удаа ирж буй жуулчинд үзмэр хуучирдаг. Тиймээс байгаагаа өөд татах, буй болсон нүүдэлчин соёлоо дархалж үлдэх, уул уурхайгаас унаган байгалиа тусгаарлах сонголт ирээд байна.

“Төрөлжсөн аялал жуулчлал хөгжинө гэдэг тухайн салбар чөмөг сууж буйн шинж” хэмээн Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат өгүүлсэн. Тус салбараас “урван” буй ажиллах хүч, шинэ менежмент, хөрөнгө оруулалт аль аль нь уул уурхайг нэвчих болсон.

Сонгодог бүтээлд хэн ч байсан цаг хугацаа болон хөрөнгө мөнгө зардаг. Үүнтэй ижил Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн хэмжээний сонгодог брэнд болох эрэлд мордох болсныг энэ оны гуравдугаар сард болсон Монголын эдийн засгийн чуулган гэрчилнэ.

“Монголын аялал жуулчлалын салбар 2000-2011 онуудад жилийн 10 хувийн өсөлттэй явж ирсэн. Ирэх жилүүдэд дээрх өсөлтийг хоёр дахин өсгөж чадвал 2015 он гэхэд гадаадаас ирэх зорчигч 1.5 саяд, жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилтоо биелүүлэх боломжтой” хэмээн Н.Эрдэнэбат тайлбарласан юм.

Дэлхийн түүхийг бүтээлцсэн цөөхөн орны нэг нь Монгол. Тиймээс өөрийн түүх болон байгаа нөөц боломжоо ашиглан брэнд салбараа жинхэнэ брэнд болтол нь хөгжүүлэх аваас дунд хугацаандаа хөгжих чадамж бий. Өөрөөр хэлбэл, гараа сайн бол бариа сайн гэдэг. Хэрэв боломжоо төгс нээж чадваас уул уурхайгаас улсын төсөв хамаарах бус аялал жуулчлалын салбарын алга тэнийж, орлогожих бус уу.

Ардын урлаг, нүүдлийн мал аж ахуй, зэлүүд онгон бэлчээр, зам дээр орь ганцаар үлдсэн мэт аниргүй диваажин бол бидний эх орон. Хүний урсгал үл тасалдах Токио, эртний Ром, Парис, Венец хотоос ялгарах Улаанбаатар жуулчны хот байх бүрэн боломжтой.

Итали хоол, Франц сүрчиг, Япон автомашин, Шотланд виски Монголд байхгүй ч дэлхийд ганцхан хувь үлдсэн нүүдэлчин соёл, түүний үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүн зөвхөн манайд л бий. Үүнийгээ гаднынханд таниулах гарц, дэлхий мэдэх сурталчилгаа нь аялал жуулчлал юм. Өөрөөр хэлбэл, Монголыг мэдрүүлэх “амталгаа” нь аялал жуулчлал.

ХБНГУ-д 2015 оны гуравдугаар сард болох “Ай Ти Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс гол түнш орноор оролцох гэж байна. “Үл үзэгдэх экспорт” сэрлээ. Үзэхийн гайхамшиг болсон үнэн хайртай эх оронд минь саатан тухал. “Сэрсэн тал” мэт морин хуурын уянгатай Монгол нутагт тэгш дүүрэн зун зэллэн буулаа.