Үндэсний зөвлөх үйлчилгээний экспо болно

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Зөвлөх үйлчилгээ Монгол хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ сарын 29-30-ны өдрүүдэд Монголд анх удаа “Үндэсний зөвлөх үйлчилгээний экспо”-г зохион байгуулах гэж байна.

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь үндэсний зөвлөхүүдийг чадавхжуулах, олон нийтэд сурталчлах, үйлчлүүлэгч, дэмжигч, гүйцэтгэгч зэрэг оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө, сургалт явуулдаг төрийн бус байгууллага юм. Өдгөө 80 орчим гишүүн зөвлөхтэй уг байгууллага нь зөвхөн энэ онд үндэсний зөвлөхүүдийг сургах, үндэсний болоод олон улсын гэрчилгээжүүлэлтэд хамруулах ажлыг дээрх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гурван удаа амжилттай зохион байгуулаад байгаа юм. Бизнесийг дэмжиж, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын салшгүй хэсэг нь чадварлаг, ёс зүйтэй зөвлөх олноороо төрөх явдал юм. Тиймээс уул уурхайд түшиглэсэн баялаг өгөөжөө өгч буй энэ үед энэхүү экспог зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлог юм. Экспо Улаанбаатар Бизнес Хөгжлийн Төвийн хурлын танхимд болох юм байна.