Үндэсний логистикийн тогтолцоонд суурилсан тээврийн нэгдсэн бодлого боловсруулна

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын Зорилт 9-н хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нэгдсэн тээвэр, логистик, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр заасан.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Эдийн засгийн өсөлтийг дэмжих зам тээврийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг.
Европын холбооны улсад “Цагаан ном” нэртэй тээврийн нэгдсэн бодлогыг өнгөрсөн зууны ерээд оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогын хүрээнд ТЕНТ /Trans European Network-TENT/ нэртэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, Европын “үхрийн бөөр шиг” олон орны хооронд тээврийн нэгдсэн бодлого, зохицуулалт хийж байна.
Манай улстай их газрын тээврийн нэгдсэн сүлжээгээр холбогдох боломжтой ОХУ гэхэд “Оросын тээврийн бодлого 2030”, Казахстан улс “Казахстаны тээврийн бодлого 2050”, БНХАУ “Нэг зам-нэг бүс” зэрэг бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тээврийн бодлого боловсруулахад тээврийн бодлого төлөвлөлтийг зөв, зохистой болгох шаардлагатай. Үүний тулд эхлээд тээврийн эрэлтийг зөв тодорхойлох нь юу юунаас чухал.
Тээврийн эрэлтийг тодорхойлдог олон аргачлал байдаг. Манай улс социализмын үед худалдааны зургаан бүс, тээврийн дөрвөн бүсэд хуваан тээвэр төлөвлөлт, зохицуулалтыг хийж ирсэн. Тухайн үед хамгийн оновчтой сүлжээг бүрдүүлж чадсан орны тоонд багтдаг байлаа. Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнийг тэр хэвээр нь сэргээх боломжгүй, бас тохиромжгүй юм.
2017 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар “Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах” ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд эдийн засгийн салбар тус бүрийн хөгжил байршлын судалгааг хийн эдийн засгийн бүсчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох ажлыг Үндэсний хөгжлийн газар зохион байгуулж байна. Үүний хүрээнд худалдааны бүсчлэл, тээврийн бүсчлэлийг нарийвчлан тогтоох боломж бүрдэнэ.
Тээврийн нэгдсэн бодлого боловсруулахаас өмнө Үндэсний логистикийн сүлжээний зураглалыг гаргах шаардлагатай.
Логистикийн сүлжээ гэдэг нь нийлүүлэлтийн хэлхээн дэх түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэг­лэгчдэд хүргэх хадгалалт, нөөцлөлт, тээвэрлэлтийн тогтолцоо юм. Юуны өмнө өнөөгийн байдал, зураглалыг боловсруулан зохион байгуулалтыг сайжруулах арга хэмжээг авна. Шаардлагатай тохиолдолд дэд бүтцийг байгуулах ажлуудыг эхлүүлнэ.
Зах зээлийн тогтолцоонд бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн “амьдрах” тодорхой орон зайтай бөгөөд тэр орон зай нь тээвэр, логистикийн зардал бүтээгдэхүүний ахиуц ашигтай тэнцэх радиусаар тодорхойлогдож байдаг. Тээвэрлэгдэх болон хадгалагдах бүтээгдэхүүний тоо хэмжээ хэр их байна төдий хэмжээгээр түүний орон зай уртсаж тэлж байдаг учиртай.
Иймээс үндэсний хэмжээнд логистикийн тогтолцоог бий болгох, үүний тулд өнөөдөр байгаа зам, тээврийн дэд бүтцийг ашиглан зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Хөдөлмөрөөрөө хамтрах, эд хөрөнгөөрөө хорших, нийгмийн хариуцлагатай байх нь эдийн засаг, бизнесийн үр ашиг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа, ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт онцгой анхаарах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, бид ганц нэгээрээ аж ахуй эрхлээд амжилт олох боломжгүй гэдгийг ухаарах цаг нэгэнт иржээ.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын олон тулгуурт эдийн засгийн бодлогын нэг чухал тулгуур бол “Иргэдээ эрүүл хүнсээр ханган, улмаар хүнс экспорлогч орон болох” зорилт юм.
Тархай, бутархай, технологийн нам түвшинд байгаа ХАА-н салбарт логистикийн сүлжээ хэрхэн бий болгох вэ? Жишээлбэл, манай улс жилд ойролцоогоор 230 мянган тонн мах, 210 мянган тонн төмс, хүнсний ногоо хэрэглэдэг.
Манай улсад мах бэлтгэн нийлүүлэх сүлжээн дэх жингийн алдагдал 10-15 хувь байдаг бөгөөд үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл жилдээ 160 орчим тэрбум төгрөг, хүнсний ногооны хувьд 90 орчим тэрбум төгрөг. Нийт 250 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг иргэд халааснаасаа төлж байдаг юм.
Хэрэв бид мах бэлтгэлийн тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн логистикийн сүлжээг зохион байгуулбал энэхүү алдагдлыг 20 хувь, орон нутгийн түвшинд ХАА-н парк байгуулбал 70-80 хувь бууруулах боломжтой. Үүний тулд малчид, малчдын хоршоо, мах үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, хадгалалтын сүлжээнд ажиллаж байгаа ААН, иргэд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Хамтын ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны эрхзүйн орчинг бүрдүүлэх, зохион байгуулахад техникийн туслалцаа үзүүлэхээр бодлогод тусгасан байгаа.
Өнөөдөр нэг суманд дунджаар 10-15 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Бид “Нэг сум-нэг хоршоо” бодлого хэрэгжүүлж орон нутгийн түвшинд хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний тулд “Хоршоодын тухай” хуулийг шинэчлэх ажлаас эхэлнэ. Дараа нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох, худалдан авалтаар дэмжих тогтолцоог төрөөс бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллана.
Яг үүнтэй нэгэн адил уул уурхай, барилга, тээврийн салбарт хамтын ажиллагааны зохион байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зөв зохистой бий болгосоноор үндэсний хэмжээний логистикийн сүлжээг бий болгох ажлыг эхлүүлнэ.
Дэлхий нийтээрээ цахим эдийн засагт шилжиж байгаа энэ үед бид бараа үйлчилгээг хэрэглэгчдэд найдвартай чанартай хүргэх хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгосоноор манай улсад үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээний өртөг зардал буурч өрсөлдөх чадвар дээшлэн үнэ тогтворжсоноор эдийн засгийн үр өгөөжийг иргэд хүртэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.


А.Мөнхболд

Үндэсний хөгжлийн газрын Судалгаа,
шинжилгээний Албаны дарга