Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүний хөгжил сангаас ирэх онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж ажиллахаар боллоо. Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх ажлын хүрээнд иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгохтой холбоотой журмыг ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Үндэсний хороонд даалгалаа. Мөн Үндэсний хороо нь хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаасны арилжааны чиглэлээр сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах болжээ.

"Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хэлэлцээр хоёр жилийн хугацаатай бөгөөд 40 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг тухайлсан салбаруудад зарцуулах юм. Мөн хуралдаанаар “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км замыг 7-10 жилийн хугацаанд тавих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 92 сая, Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Түүнчлэн “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газар БНСУ-аас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 0.15 хувийн хүүтэй авахаар төлөвлөсөн байна. 35 жилийн хугацаатай энэ зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх нь. Зээлийн хөрөнгөөр “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төсөл” болон бусад төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Нэр бүхий хүмүүсийг ажлаас нь чөлөөлөв

Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нарыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөллөө. Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ

• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталлаа. Ирэх онд 21 гол зорилтын хүрээнд 145 зорилтыг хэрэгжүүлэхээр тусган Улсын Их Хурлаар батлуулсан юм. Төлөвлөгөөнд үндсэн чиглэлийн зорилтыг нарийвчлан тодотгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 358 арга хэмжээг оны эцэст хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийн хамт нэмж тусгасан байна.
• Монгол Улсын иргэдэд иргэний цахим үнэмлэхийг нэг удаа үнэгүй олгохоор боллоо. Ирэх оны 4 дүгээр сард багтаан иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөж байна.
• Дайнд оролцсон ахмад дайчдад олгох орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй үлдсэн ахмад дайчдад орон сууц олгоход шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн тодотголд нэмж тусган шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Одоогоор 77 ахмад дайчинд бэлэн мөнгө, 1543 ахмад дайчинд орон сууц олгоод байна.
• Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас банкаар дамжуулан 2 жил хүртэл хугацаатайгаар 5 сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн 10 сая хүртэл төгрөгийн жижиг зээл авч болно. Түүнчлэн ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдаж авахад зориулж дээрх сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүг сангаас нөхөн төлөх боллоо. Энэ журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
• Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.
• Хубилай хааны зарлигаар 1287 онд гаргасан Юань Улсын цаасан мөнгө, XIII-XIY зууны Монголын эзэнт Улсын алт, мөнгө, зэсээр хийсэн 24 хааны нэр, цол, хааны овог, ургийн тамгатай, Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег хааны 9, Цагаадайн хант Улсын 7, Алтан ордны Улсын 16, Элхант Улсын 28 нийт 60 ширхэг зоосыг “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-д авлаа хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.