Үндэсний өв уламжлал, соёл иргэншлээ хамгаалах нь эдийн засгаас ч чухал

“Өглөөний амьдрал бол хүний амьдралын төлөөх тэмцлийн эхлэл” хэмээн Японы зүйр үг байдаг. Ихийг хийж бүтээсэн хүмүүсийн хувьд өглөө бүхэн шинэ ертөнцийг нээх, шинэ эрч хүч болдог аж. Алдарт зураач Пикассо өглөө бүхэн өөрийн туслахаараа дуудуулж сэрдэг байжээ. Туслах нь түүний чихэнд “Эзэн минь таныг агуу их үйлс хүлээж байна” хэмээн шивнэж, түүнийг энэ хорвоод ихийг хийж бүтээх учиртай хүн гэдгийг нь сануулдаг байсан аж. Тиймээс тэрбээр өдөр бүр амьдралыг цоо шинээр угтаж, амжилтын төлөө тэмүүлдэг байсан гэдэг. Тэгвэл үүнтэй адил өглөө бүхэн шинэ эрч хүч, амжилтын төлөө зүрх нь цохилдог “Эртэч Монгол” –ынхоны 49 дэх уулзалт өнөөдөр боллоо. Өглөөний зочноор МҮОНРТ-ийн “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу оролцож, “Монгол туургатны иргэншил” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. Монгол Улс даяарчлал руу хүч түрэн орж буй ч нөгөө талаасаа олон мянган жилийн турш хадгалж ирсэн угсаатны, соёл иргэншлийн үнэт зүйлсээ алдсаар байна. Жишээ нь, малчид мотоцикл унаж малаа хариулж, гэртээ хөгжим, зурагт хангинуулах мэтээр бага багаар үндэсний уламжлалаа мартаж байна. Суурин газар амьдарч буй хүмүүс ч байгалиасаа улам холдож, Солонгос, Япон, Германчууд шиг их мөнгө олж байгаа ч түүнийгээ аз жаргалынхаа төлөө зарцуулж чаддаггүй “эрэг, шураг шиг” амьдарч буйг тэрбээр шүүмжилсэн.

Мөн тэрбээр барууны оронд залуус боловсрол эзэмшиж буй нь сайн хэрэг. Гэвч буцаж ирэхдээ монгол хүний нандин чанараа мартаад ирж байна. Учир нь тэд гаднын нийгмийн харилцаа, хатуу хууль дүрмийг нь дагаж мөрдсөөр хүндлэх, дээдлэх ёс суртахуунаа гээж байна. Жишээ нь, Америкт хүмүүсийн харилцааг 600 орчим хууль дүрмээр зохицуулж, хатуу зарчмын дунд амьдаруулдаг. Гэтэл тэр хэв маяг манайд тохирохгүй гэдгийг тэрбээр хэлсэн. Манайд өнгөрсөн онд ХБНГУ-ын канцлер Ангела Меркель айлчлах үедээ “Монгол Улсад маш их ирээдүй байна. Улс төр, эдийн засаг, оюун санааны хувьд танай улс хоёр дахь удаагаа сэргэж Чингис хааны үе шигээ хүчирхэгжих боломж байна” гэдгийг сануулсан гэдгийг Г.Бадамсамбуу онцолсон. Эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон энэ үед үндэсний өв соёл, ёс заншлаа хэвээр нь авч үлдэх нь чухал байгааг тэрбээр сануулсан юм. Түүнчлэн дэлхий нийтийн жишигт барууны хөгжлийг дагаж хөгжсөн ч Иран, Саудын араб, Япон улс үндэсний уламжлал ёс заншлаа одоо хэр нь хамгаалж, хадгалж буй. Харин Солонгос, Тайвань бол бүх зүйлийг мөнгөөр хэмжиж сэтгэдэг болж, барууны соёлд ууссан улсын тод жишээ аж. Тэгэхээр бидний өмнө үндэсний соёл иргэншил, ёс заншлын үнэт өвөө авч үлдэх үү, эсвэл даяаршлын салхинд уусч, түүхийн хуудаснаа бүдгэрэх үү гэсэн асуулт үлдэж буйг тэрбээр илтгэлдээ дурдаж байв. Түүний санал болгож буйгаар Монгол хэмээн дэлхийн тавцанд онцгойрох үнэт уламжлал, өв соёлоо авч үлдэхийн тулд төрөөс Монгол судлалаа дэмжсэн бодлогыг дорвитой явуулах хамгийн чухал аж. Нөгөө талаас иргэдийн үндэсний ёс заншил, өв уламжлалаа дээдлэх ухамсар, хичээл зүтгэл чухал.