Үнийн өсөлт Хятадад

БНХАУ-ын инфляцийн түвшинг илэрхийлдэг гол үзүүлэлт “Хэрэглэгчийн үнийн индекс” өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар өсчээ. Гэсэн ч өнгөрсөн жилийн сүүлтэй харьцуулахад буурсан хандлагатай байгаа нь инфляцийн дарамт буурч байгааг харуулж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Инфляцийн өсөлтийн хувьд харьцангуй уруудсан чиглэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн сарын хувьд өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 2.5 хувийн өсөлттэй байсан. Харин энэ сарын хувьд өсөлтийн хурд саарч хоёр хувь болсон гэж Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлээд байгаа юм.

Тус улсын Хэрэглэгчийн үнийн индексийг тооцоллоход нийт хүчин зүйлсийн гуравны нэгийг эзэлдэг хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой буюу өсөлтийн хурд удаан байгаа нь инфляцийн одоогийн нөхцөлд ихээхэн нөлөөлж байгаа юм байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засгийн дарамтууд, дэлхийн таваарын зах зээлийн сул үнэ ханшаас шалтгаалан инфляци ойрын хэдэн саруудад харьцангуй “номхон” байх төлөвтэй байгаа аж . Инфляцийн түвшинг бүс нутгаар задалбал томоохон хотуудад 2.1 хувиар өссөн байгаа бол алс хязгаар бүс нутгуудад 1.7 хувь байгааг Үндэсний статистикийн газрын мэдээлэл харуулж байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн нь хоёрдугаар сарын Хэрэглэгчийн үнийн индекс 0.9 хувиар өмнөх сараас өндөр гарахад хүргэжээ. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс болон хүнсний ногоо, үр тариа, далайн бүтээгдэхүүний үнэ өмнөх онтой харьцуулахад нэлээд өссөн байна. Ялангуяа жимс хамгийн их өсөлттэй буюу 19.7 хувиар өндөр үнэтэй болжээ. Харин бүх төрлийн махны үнэ харьцангуй буурсан хандлагатай байгаа юм байна. Нөгөө талаас хүнсний бус бүтээгдэхүүн жилийн өмнөхөөс 1.6 хувиар өсчээ

Эх сурвалж: Синьхуа агентлаг