Үнэлгээ нь 57.8 хувиар өсчээ

“Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн бирж /ЛХБ/-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хөгжлийн шинэ үүд хаалга нээгдсэн. 2011 он бол Монгол Улсын хувьд , ялангуяа хөрөнгийн зах зээлд арвин их амжилтаар дүүрэн жил байлаа” хэмээн Монголын хөрөнгийн бирж/ МХБ/-ийн гүйцэтгэх захирал Х. Алтай тэмдэглэлээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-нд Лондоны хөрөнгийн биржтэй манай хөрөнгийн бирж стратегийн түншүүд болсныг мэдэгдэж байв. Өдгөө хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн хүрээнд бид мэдээллийн технологи, хүний нөөц, хууль эрх зүйн хүрээнд ЛХБ-тэй хамтран ажиллаж байна хэмээн МХБ-ийн Бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруул онцлов. Тус биржийн хувьд өнгөрөгч онд 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь 2010 онтой харьцуулахад 2.3 дахин өндөр үзүүлэлт юм.

Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр...
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж төслийн эцсийн хувилбарыг ХЗДХЯ-д хүргүүлсэн.- Арилжааны журам, гишүүнчлэлийн, бүртгэлийн журмуудыг шинэ арилжааны программ, хууль эрх зүйн орчинд нийцүүлж шинэчлэн найруулж батлуулсан.
-Үнэт цаасны төлбөр тооцооны шинэ журманд санал хүргүүлсэн. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай бусад эрх зүйн акт боловсруулахад санал оруулжээ.

Арилжаа, төлбөр тооцоо, хяналтын шинэ системийн талаар...

-ЛХБ-тэй байгуулсан Ажлын мастер гэрээний дагуу Millenium IT арилжаа, төлбөр тооцоо, хяналтын цогц системийг суурилуулж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай яваа аж. Мөн гэрээний дагуу хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид төдийгүй, Сангийн яам, СЗХ, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагуудын 60 гаруй мэргэжилтэнг Улаанбаатар-Лондон хотуудад хоёр сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулжээ.

Үнэт цаасны арилжаа...
-Өнгөрөгч онд 252 удаагийн арилжаагаар 148 компанийн 122.8 сая ширхэг хувьцааг 109.1 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын энгийн бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 439.5 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалжээ. Нийт 350.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 125.6 сая ширхэг үнэт цаас арилжаалсан байна.
-Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг худалдсан байна.
-МХБ-ийн зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос 794.6 тэрбум төгрөгөөр буюу 57.8 хувиар өсөж, хоёр их наяд 168.6 тэрбум төгрөг болжээ. Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компанид Тавантолгой, АПУ, Багануур, Шивээ Овоо, Шарын гол зэрэг хувьцаат компани багтаж байна.
-ТОП-20 индекс өнгөрсөн онд тогтвортой өсөж, хоёрдугаар сарын 25-ны өдөр 32954.97 нэгжид хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт байсныг онцолж байв.