Үнэлэмжгүй тогтолцооноос бүтээлч салбар руу

Технологийн нөлөө давамгайлсан Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрин үед нэн тэргүүнд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай салбар бол боловсролын салбар. Өнөөгийн боловсролын бодлого, агуулга нь хүний зан үйл, оюун ухааныг гаднаас нь өөрчлөх ёстой гэсэн онолоос хүн өөр өөрийгөө өөрчлөх боломжтой гэсэн бүтээлч үйлийн хандлага руу чиглэж байна. Тиймээс ч боловсролын салбарынхан хамгийн сүүлд нэгэн дээвэр дор хуралдсанаас хойш 23 жилийн дараа Багшийн VII их хурлаа хийлээ.


1996 онд Багшийн VI их хурлаас гарсан саналуудыг төр, засаг огт хэрэгжүүлээгүйд багш нар сэтгэл дундуур байдаг боловч энэ удаад итгэл, найдвар тээн ээлжит их хуралдаа идэвхтэй оролцлоо. Энэ тухай академич Б.Жадамба “Багш нар цайлган сэтгэлтэй хүмүүс шүү” хэмээн онцлон хэлсэн. Монголын 50 мянган багшийн төлөөлөл бүхий 800 мянган багш энэ удаагийн хуралд оролцсон.

Тоочоод барахгүй маш олон асуудал энэ салбарт бий. Боловсролын чанарын тухай ярьдаг хэрнээ багшийн үнэлэмж байдаггүй. Салбарын сайдынх нь хүүхэд өндөр төлбөртэй хувийн сургуульд сурч байхад, ардын хүүхдүүд англи хэлтэй ч болж чадахгүй арван жилийн сургуулиа төгсдөг шударга бус тогтолцоотой. Цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй, өр, зээлэнд баригдсан багш нар, Монголын сор болсон эрдэмтэд гадаадад очиж, толгой бөхийлгөн хар ажил хийж байна. Харин эндээ үлдсэн багш нараа бичиг цаасаар дарж, дээд шатны байгууллага нь улс төрийн үүрэг даалгавар өгөх зэргээр үндсэн ажлаас нь гадна элдэв ажлуудаар дарж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлов. Тухайлбал, 2017 онд БСШУСЯ-аас багшийн ачааллын талаар хийсэн судалгаанаас харахад ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нар ажлын ачааллынхаа 37 хувийг багшлах ажилд, үлдсэн 63 хувийг бичиг цаас, төлөвлөгөө бэлдэхэд зарцуулдаг аж.

Тэгвэл багш нарын зүгээс цалин хөлсөө 1.5 сая төгрөгөөс дээш хэмжээтэй болгох, амьдрал нь баталгаатай, эргээд тэтгэвэрт гараад хүний гар харахааргүй амьдрах нийгмийн баталгааг төр, засаг бүрдүүлж өгөөсэй гэж хүсэж байна. 1996 оноос хойш өнгөрсөн хугацаанд Засгийн газраас 20 удаагийн цалин нэмэх шийдвэр гаргаж одоогийн байдлаар багшийн үндсэн цалин 713 мянган төгрөг болсон. Харин багшийн мэргэшлийн хувьд чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад анхаарч, энэ чиглэлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгодог байвал дэмжлэг болно гэж багш нарын төлөөлөл хэллээ. Салбарын хэмжээнд ерөөсөө “Хүний хөгжил төвтэй” бодлого баримтлан бага, дунд, дээд боловсролын тогтолцооноос эхлээд яам, тамгын газар нь хүртэл энэ утга агуулгыг бүрдүүлж гэмээнэ 21-р зууны дэлхий нийтийн чиг хандлага болоод буй хүний хөгжил дээр тулгуурласан нийгмийг бүтээн бий болгож чадна гэж үзэж байна. Хоёр том зах зээлтэй хил залгаа оршдог цөөхөн монголчуудын хувьд уул уурхайгаас илүүтэй боловсролын салбараа “экспортлох нь” том боломж гэж энэ салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Харин Монгол Улс төсвийнхөө 20 хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд хожид хийж байгаагүй их бүтээн байгуулалтыг 2019, 2020 онд хийх амлалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Сүүлийн гурван жилд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээг харвал 2017 онд 84.9 тэрбум төгрөг, 2018 онд 211.6 тэрбум төгрөг, 2019 онд 483 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ирэх хоёр жилд 60 мянган суудлын хүчин чадалтай 138 сургууль, 30 мянган орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна гэж ерөнхий сайд хэллээ. Энэ онд багш нарын цалинг 20-иос дээш хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол, цаашид “Багшийн хөгжлийн хөтөлбөр” батлан хэрэгжүүлж ажиллах юм байна. Хэдий олон зүйлийг зорьж байгаа боловч бидэнд хөрөнгө санхүүгийн асуудал бий хэмээн тэрбээр үнэн учраа бас хэлсэн юм.

Харин салбарыг тэргүүлэн ажиллахад ганцхан жилийн хугацаа үлдээд буй Ё.Баатарбилэг сайд салбарын шинэчлэлтийг хийх томоохоно ажлыг нугалахаар шийджээ. Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын 2019 оны намрын чуулганы хугацаанд өргөн барихаар төлөвлөснөө хэлэв. Энэ тухай Залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, “Өнөөгийн боловсролын салбарын гажуудал, сурах бичиг, сургалтын хөтөлбөр байнга солигддог нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой.” гэв. Үнэндээ Боловсролын тухай хуулиа өнгөрсөн 16 жилийн хугацаанд 24 удаа өөрчилж, 300 заалтыг нь шинэчилсэн байх юм.

Хэдийгээр боловсролын тогтолцоо нь цаг үеэсээ хоцорсон, энэ мэт шийдэх шаардлагатай олон асуудал байгаа ч гэлээ НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх тайлан”-д Монгол Улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд анхаарч буйг сайшаажээ. Мөн сүүлийн жилүүдэд монгол хүүхдүүд оюун ухааны чадамжаараа дэлхийд танигдах болсон. Өнгөрсөн онд олон улсын математикийн олимпиадад оролцсон Монголын багийн бүх гишүүн медальтай ирсэн түүхэн амжилтыг тогтоов. Ой тогтоолтын спортоор монгол хүүхдүүд дэлхийн рекордыг 30 удаа, Гиннесийн рекордыг гурван удаа тогтоож, олон улсаас медаль, цом 900 гаруйг авч, олон улсын их мастер цолтон 40 гаруй төрж чансаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байна.