Үнэт цаасны арилжаа хэвийн үргэлжилж байна

Үнэт цаас худалдан авах хүндрэл, чирэгдлийг арилгах, үргүй зардлыг багасгах, томоохон зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээр Монголын хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын хэлэлцээрийн дүнд арилжаа, төлбөр тооцоо, хяналтын “Милленум Ай Ти” буюу дараа төлбөрт шинэ цогц системийг Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн долдугаар сараас нэвтрүүлэн ашиглаад байна. Өнгөрсөн хугацаанд шинэ систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан хөрөнгийн биржийн арилжаанд бага зэрэг саатал гарсан ч хэвийн горимдоо шилжсэн болохыг Монголын хөрөнгийн биржийн олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ. Шинэ систем нэвтэрснээр олон давуу тал харилцагчид болон арилжаанд оролцогч, зуучлагч компаниудад бий болж байгаа аж. Тухайлбал, Брокер диллерийн компани нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан арилжаанд оролцох үнэт цаасны данснаас гадна өөрийн нэр дээр арилжаа санхүүжүүлэх төлбөр тооцооны данстай болох, тухайн дансанд бодогдох хүүгийн орлогыг бүрэн хүргэх боломж нээгджээ. Түүнчлэн банкны харилцах дансны даатгалд ч хамрагдахаар болсон байна. “Милленум Ай Ти” системийг нэвтрүүлснээс хойш арилжаанд оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд арилжааны үнийн дүн өсөхийн зэрэгцээ оролцогчдын идэвхи сэргэжээ. Арилжаанд оролцох эрхтэй компанийн Брокер диллерийн компанийн тоо 36-д хүрч, шинэ систем нэвтэрснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 51.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Зөвхөн өнгөрөгч долоо хоногт л гэхэд 33 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ. Шинэ системийн үйл ажиллагаа хэвийн түвшинд үргэлжилж байгаа аж.