Үрэлгэн төсөвтэй Улаанбаатар

Нийслэл хотын санхүү, хөрөнгө оруулалт жилээс жилд өсөж буй. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банк “Улаанбаатар хотын санхүүжилт” сэдэвт судалгаагаа өнөөдөр танилцуулж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүллээ. ИТХ-ын хүсэлтийн дагуу Монголын эдийн засагчидтай хамтран хийсэн тус судалгаа нь Нийслэлийн санхүүгийн тогтолцоо, төсвийн орлого, зарлага төдийгүй түүний ил тод, нээлттэй байдал, хяналтын болон бүрдүүлэлтийн системд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах зөвлөмжийг гаргасан юм.

Дэлхийн банкны Хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн Мески Брахим “ Нийслэлд санхүүгийн “сахилга бат” алдагдаж, улмаар орлого, зарлага нь тодорхойгүй байна. Орлогын эх үүсвэр найдвартай биш, харин зарцуулалтын хяналт суларсан” хэмээн онцолсон. Үүнтэй холбогдуулан тус банкны Олон улсын зөвлөх Хернандо Гарзони Монгол олон улсын жишигт нийцсэн төсвийн форматтай болох шаардлагатайг сануулаад, манай улсад тохирох форматыг танилцуулсан бөгөөд хэлэлцүүлэгч оролцогчид таатай хүлээн авсан юм. Судалгааны баг холбогдох зөвлөмжүүдийг гаргажээ. Тухайлбал, нийслэл, дүүргийн байгууллагуудын чиг, үүрэг давхцаж буй нь төрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх шалтгаан болж буй. Жишээлбэл, нийгэм, байгаль орчны хамгаалал, эрүүл ахуй, замын гэрэлтүүлэг, тохижилт зэрэгтэй холбоотой асуудлууд давхцаж байгаа аж.

Олон улсын хүн амын орлогын албан татвар харьцангуй бага, харин эд хөрөнгийн татвар өндөр байдаг. Харин нийслэлийн орлогын бүрдүүлэлтийн 72 орчим хувь нь цалин, түүнтэй адилтгах албан татвараас бүрдэж буй нь дэлхийн жишигт нийцээгүй үзүүлэлт бөгөөд тулгамдаж буй асуудлын нэг болж байгаа аж. Түүнчлэн орон сууцны албан татварыг бий болгох нь чухал гэдгийг эдийн засагчид учирласан юм.

Манай улсад татвар журамлах аргачлал тодорхойгүй, үйлчилгээний зардал өндөр, татварын орчин сул байгааг судлаачид тайлбарлалаа. Олон улсын зарчмаар төсвийг ил тод байлгахын тулд найман төрлийн тайлан гаргадаг. Үүний нэг нь орлогыг хэрхэн бүрдүүлж, зарцуулж буйг иргэдэд хялбар, энгийн аргаар ойлгуулах системыг нэврүүлэх аж. Түүнчлэн урсгал болон хөрөнгийн орлогын хоорондын ангилалыг илүү оновчтой хийж, нийслэлийн төсвийг санхүүжүүлэх найдвартай эх үүсвэрийг бий болгох, төсвийн дунд хугацааны төлөвлөлт гаргах чухал болохыг тайланд дурджээ.

Дээрх судалгаа, зөвлөмжид туссан саналыг 2013 оны төсөвт суулгаж, бодлогын өөрчлөлт хийнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн. Тэрбээр Нийслэлийн төсвийн журмыг ИТХ-аар оруулж батлана гэдгээ амлахын зэрэгцээ Дэлхийн банктай судалгааны чиглэлд хамтран ажиллах гэрээгээ хоёр жилээр сунгах санал гаргасан юм.