Өвчинтэй Улаанбаатар

Энхрийхэн үр тань хорвоод мэндлэх өдрөө хүлээн хэвлийд тань бойжино. Тэнд мэдээж дулаахан, тав тухтай, хамгийн сайхан эрүүл орчин бүрдсэн байгаа. Өдөр өдрөөр энэ орчлонд ирэх гэж тэмүүлэхдээ тэр хахаж, цацмаар бохир утаа, ус, хөрснөөс болж хүн төрөлхтөн үргэлж ямар нэг өвчнөөр өвддөг гэж төсөөлөөгүй нь лавтай. Цаашилбал хөршийнхөө эсвэл ээжийнхээ асгасан угаадас дээр мөлхөж, хог хөглөрсөн хашаа, гудамж тоглоомын талбайд тэнтэр тунтар гишгэлэн алхаж сурна гэдгийг ч мэдээгүй байгаа. Гэтэл эхийнхээ ариун хэвлийгээс цэврүү шиг цэвэрхэн төрсөн нялх үрс өвчинтэй Улаанбаатарт мэндлэнгүүтээ л тархины даралт, уушгины багтраа зэрэг өвчинтэй болж байгаа нь харамсалтай. Энд утааны тухай биш, харин хөрсний бохирдлын тухай өгүүлье.

Их хотын хүмүүс амьдрал, ажил төрөлдөө түүртээд хөрс бохирдож, эрүүл мэнд нь хохирсоор байгааг анзаарах сөхөөгүй өдөр хоног үргэлжилсээр. Хөрсний бохирдлын тухай мэргэжилтнүүдийн хэлж буй тодорхойлолтыг энгийнээр илэр­хийлбэл, хүний үйл ажиллагааны улмаас хөрсөнд янз бүрийн органик болон органик биш бодис шингэж агууламж нь ургамал болон амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч, хуримтлагдах явцыг хэлдэг аж.

Үерийн биш “бохирын” далан

Хөрсний бохирдлын тухай материал бичиж байгаа гэсэн чинь Зуун айлын гудамжинд өглөө угаадас асгаж, оройд үнс асгасаар угаадас-үнс-угаадас-үнс гэсэн зузаанаас зузаан үе давхарга үүсэж хүн байтугай машин явахад бэрх болсон тухай нэгэн танил маань сонирхуулав. Тэднийх Зуун айлын орчимд орон сууцанд амьдардаг ч гэр хорооллоор хүрээлэгдсэн их хөлийн газар гэнэ. Ийм дүр зургийг нийслэлийн гэр хорооллын хаанаас ч харсан болно. Үүнээс гадна хөрсний бохирдол үүсгэж буй нэг хүчин зүйл нь үерийн нэртэй бохирын далангууд. Олон нийтийн нүдэнд хамгийн ойр байдгаар нь Баянбүрдийн уулзвараас Гэсэр сүм хүртэл үргэлжилдэг үерийн даланг онцолъё. “Бөмбөгөр” захын эсрэг талаар 100 метр орчим газарт үргэлжлэх даланд тэр хавийн айлууд өдөр шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгана. Олон жилийн хур хог, угаадас дулааны улиралд огиудас хүрэм эвгүй үнэр ялгаруулж, хөрснөөс гадна агаар бохирдуулна. Үерийн даланг үндсэн зориулалтаар нь яагаад ашиглахгүй байгааг БГД-ийн XVI хорооны Засаг дарга О.Цэндхорлоогоос асуухад “Ган­дангийн дэнжийн хөрс дагтаршсан цэвдэгтэй учир айлууд бохирын цооног, “00” ухах боломжгүй. Тиймээс үерийн далан руу бохир ус, зарим нь бохироо хийх нь ч бий. Дээр нь “Бөмбөгөр” худалдааны төвийн наймаачид хог хаягдлаа байнга асгадаг” хэмээв. Тэрбээр бохир, цэвэр усны шугаманд айл өрхүүдийг холбох нь хөрсний бохирдлыг бууруулах гарц гэдгийг онцолсон. Эмгэнэлтэй байгаа биз. Гандангийн хороолол нь хотын төвтэй хаяа нийлэн байрладаг учраас Улаанбаатар хотын нүүр царай болдог гэхэд хилсдэхгүй. Гэтэл энд хөрс цэвдэгтэй тул 00, муу усны нүх ухах боломжгүй гээд хэсэг хороогоо цэвэр цэмцгэр байлгахад айл өрхүүдийг шахаж, хариуцлага хүлээлгэх ёстой хорооны Засаг дарга нь хүртэл заваан байх хувь заяатайгаа эвлэрэн сууж таарах уу. Үнэхээр Гандангийн орчим бол нохойн хороо гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Орон сууц, гэр хороололд амьдардаг олон мянган хүн хийморын сан тавиулж, хүрд эргүүлэхээр Гандантэгчилэн хийдийг зорьдог. Хийморио сэргээсэн иргэд Гандангийн гэр хорооллын бохир гудамжаар явна гэдэг үнэхээр хүнд. Засаг даргынх нь хэлж байгаагаар хөрс нь цэвдэгтэй газар ухаж болдоггүй юм бол Гандангийн гэр хорооллыг нүүлгэн шилжүүлж болдогшүй юм уу гэж төр, засгийн холбогдох хүмүүсээс асуумаар байна.

Тос, тосолгооны материал эрүүл мэндийг дарангуйлдаг

“Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг төв­лөрсөн авто захаас гадна “Дөлгөөн нуур”-аас Дэнжийн мянгын Цагаан байр, Таван шараас 22-ын товчоо чиглэлд байрласан авто сэлбэг, дугуй засвар, тос тосолгооны жижиг үйлчилгээний 600 орчим цэг бий. Эдгээр нь хөрсний бохирдлын өөр нэг том эх үүсвэр юм. Дээр нь хотын бага тойруугийн засмал замууд, Вагон депогийн засварын газар, зарим шатахуун нөөцлөх, түгээх станцууд ч орох аж. Учир нь, эдгээр газарт бензин, масло, тос зэргийг хөрсөнд их хэмжээгээр нэвчүүлэн, дагтаршуулж, хөрсийг үхжүүлэн хар тугалга болон бусад хорт бодисын хэмжээг ихэсгэдгийг судалгаагаар тогтоожээ. Ийнхүү ялгарсан хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах саажихад хүргэдэг байна. Мөн хөрс бохирдсоноор хүний эрүүл мэндэд ямар хөнөөлтэйг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Н.Сайжаа “Хавар болохоор гэдэсний халдварт өвчин болох вируст гепатит, цусан суулгаар өвчлөгсдийн тоо эрс нэмэгддэг. Энэ нь хөрс, усны бохирдлоос шууд хамааралтай” гэв. Түүнчлэн хөрсний бохирдлоос үүдэж гэдэсний халдварт өвчин, балнад, цусан суулга, сүрьеэ, бурцеллез, халдварт шар, цагаан хорхой, боом, татран, амьсгалын замын өвчлөлүүд үүснэ. Амьдран буй орчныхоо хөрсийг бохирдлоос сэргийлэхгүй бол дээрх өвчлөлүүд танай хаалгыг тогшин буйг сануулъя.

Гарц

Хамгийн түрүүнд ил жорлон, бохир усны асуудлыг шийдэж, цэвэр бохир усны шугаманд гэр хорооллыг холбох. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, хяналтыг сайжруулах. Хог, хаягдлыг ангилдаг болох, хог тээвэрлэлтийн машины тоог нэмэх, шаардлага хангаагүй ил задгай авто засварын газруудыг хаах нь нэн тэргүүний асуудал гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Н.Сайжаа “Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгийн 70 орчим хувь нь шаардлага хангахгүй, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байна. Тиймээс иргэд нүхэн жорлонгоо сайн битүүмжлэлтэй хийх хэрэгтэй” гэв. Бохирдлын өөр нэг эх үүсвэр болох авто засвар, үйлчилгээний газрууд ашигласан масло, тосоо зориулалтын саванд хадгалж, тусгай газарт устгах шаардлагатай. Түүнчлэн гаднах талбайгаа хатуу хучилттай болгож, ШТС-ууд нефтийн гаралтай болон ахуйн хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх нь чухал гэдгийг Авто тээврийн газрын техник, технологийн хэлтсийн дарга Н.Баттулга сануулсан.

Харин иргэн таны зүгээс бохир усаа ил асгахгүй, ойр орчноо цэвэр цэмцгэр байлгаж, зүлэгжүүлэх зэргээр хөрсөө бохирдуулахгүй байх нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.