Өвөрмонголчуудыг юу уурлуулав?
Хятадын хойд муж Өвөр Монголд монгол хэлээр хичээл заадаг багш нарын анги танхим хичээлийн жилийн эхний өдөр хоосон өнжив. Хятадын боловсролын шинэ бодлогын хүрээнд түүх, улс төр, уран зохиолын хичээлийг хятад хэлээр заахаар болсонд эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж хүүхдүүдээ сургуульд явуулахаас татгалзсан байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар үндэстний цөөнхүүдээ хавчин гадуурхах алхмууд хийж, олныг хамарсан жагсаал зохион байгуулах эрхийг нь ч үгүй хийгээд буй.
Өвөр Монгол Хятадын зөрчил Төвөд, Шинжаан шиг хурцадсан түүхгүй тул энэ удаагийн сургуулийн бойкот туйлын содон юм.
Хятадын коммунист нам хэзээ ч төвөд, уйгар үндэстний бослогоос айдаг шигээ Өвөр Монголын монгол үндэстэн эсэргүүцэн тэмцэхээс айж байгаагүй юм. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд Өвөр Монголд хан үндэстэн шилжин ирж суурьших болсонтой холбоотой юм. Өдгөө Өвөр Монголын 25 сая хүний тавны нэг нь монгол үндэстэн болж буураад буй.
Үүнийг дагаад үндэстний онцлог ялгаа бүдгэрсээр буй. Тухайлбал, өвөрмонголчуудын дийлэнх нь хятад, монгол гэсэн хоёр хэлээр ярьдаг. Гэсэн хэдий ч монгол үндэстэн өөрсдийн хэл соёл, уламжлалыг дээдэлсэн хэвээр аж. Ийм учраас сургуулиудад хятад хэлийг түлхүү ашиглахыг шаардсан нь эсэргүүцэл дагуулах эрсдэл бий болгож байгаа юм.
Эл эсэргүүцэл олон сургуулийн үйл ажиллагааг гацаажээ. Мянга мянган эсэргүүцэгч Засгийн газартаа маш олон өргөх бичиг бариад байна. Зарим өргөх бичгийг уламжлалт монгол бичгээр бичиж, хэн нэгнийг нь удирдагч хэмээн харагдуулахаас нуухын тулд гарын үсгүүдээ тойрог хэлбэрт оруулан зурсан аж.
Цахим сүлжээгээр цацагдсан бичлэгээс харвал эцэг эхчүүд сургуулийн гадаа монгол дуу дуулж байв. Мөн ахлах ангийн сурагчид “Монгол хэл бол бидний төрөлх хэл! Бид үхэн үхтлээ монгол!” гэж хашгирч буй бичлэг ч байв.
Цагдаа нарын хариу үйлдлээс сэргийлэх зорилгоор хүч хэрэглэхгүй байхыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан эсэргүүцэгчид бусдадаа анхааруулжээ. “Бид бүгд хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй гэж санал нэгдсэн. Гэхдээ гудамжинд жагсвал шоронд орно гэдгээ мэдэж байгаа” гэж Шилийн гол аймгийн нэгэн малчин ярьжээ.
Өвөр Монголд хэрэгжүүлэх гэж буй боловсролын шинэчлэлийг 2017 онд Шинжаан, 2018 онд Төвөдөд эхлүүлсэн юм. Энэ хичээлийн жилд зөвхөн бага, дунд сургуулийн нэгдүгээр ангийн хичээлүүдийг хятад хэлээр орж эхэлж байгаа аж. Гэхдээ аажмаар ерөнхий боловсролын бүх ангид эл шинэчлэлийг хийх нь тодорхой. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ монгол хэлний мэдлэг муудаж, уламжлалт монгол бичгээ ашиглахгүй өсөх вий гэдэгт ихээхэн санаа зовниж буй. Өвөр монголчууд уламжлалт бичгээрээ бахархдаг хүмүүс юм. Харин ЗХУ-ын дагуул байсан Монгол Улсад кирилл бичгийг түлхүү ашигладаг байна.
Хятад хэлийг нэвтрүүлэх дээрх бодлогыг эсэргүүцэж үг хэлсэн хамаатны хоёр хүн нь наймдугаар сарын 31-ний өдөр сураггүй алга болсон гэж нэгэн малчин дурдав. Мөн өвөрмонголчуудын монгол бичгээрээ ашигладаг нийгмийн сүлжээний платформ болох “Bainu” руу нэвтрэх эрхийг хаажээ. Тэр ч бүү хэл эл эсэргүүцлийн тухай мэдээллийг олон нийтийн бусад сүлжээнээс устгасан байв. Эцэг эхчүүдээс хүүхдүүдээ сургуульд нь явуул гэж шаардахыг орон нутгийн албан тушаалтнууд багш нарт үүрэг болгожээ.
Хэрэв эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдвэл ажлаа, намын гишүүнчлэлээ алдаж магадгүй гэж монгол гаралтай багш, төрийн албан хаагч, коммунист намын гишүүдэд анхааруулга өгчээ. Төвөдүүд, уйгарууд ч гэсэн иймэрхүү төрлийн сүрдүүлэгт өртөж байсан. Ийнхүү Хятад дахь монгол үндэстнүүд мөн ижил сүрдүүлэгт дасахаас өөр аргагүй болох нь.
Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.