Өв хөрөнгийн эзэнд

Карибын жижиг арал дагуу 1.3 сая хүн амтай нэгэн улс байрлах нь Тринадад Тобаго. Хөдөө аж ахуйн орон боловч газрын тосны арвин баялагтай.Тиймээс эдийн засгийн түшиц нь газрын тос. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн багагүй орлого нь газрын тосноос хамаардаг гэсэн үг. Тобаго улс 1900 оноос газрын тос олборлож эхэлсэн түүхтэй. Тус улс 1950 он гэхэд дэлхийн газрын тосны зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж амжжээ. Байгалийн хий, нефть химийн салбарын эрчимтэй хөгжлийг даган эрчим хүчний дэлхийн шинэ тоглогч болсон юм.

Тринадад Тобаго Улсын Төвбанкны ерөнхийлөгч асан Эварт Уиллиамс “1970 оны үед манайх газрын тосны хоёр удаагийн үнийн огцом өсөлтөөр эдийн засгаа тэлсэн ч Засгийн газрын зарцуулалтын асуудлыг зөнд нь орхисон. Үүнээс улбаалан эрчим хүчний салбарын алдагдал бусад салбарын ДНБ-ий 10 хувиас хэтэрч 40 хувьд хүрсэн” гэв. Энэ үеэс л баялгийн орлогыг зохистой удирдах, сан байгуулах асуудал сөхөгдөж эхэлсэн байна. Үүнээс гадна 1980 оны газрын тосны үнийн огцом уналтад өртөхөд тус улс бэлтгэлгүй байжээ. Энэ нь эдийн засагт хүчтэй нөлөөлж, дахин сэргэх гэж 10 жилийг зарцуулжээ.

“Манай нефть, химийн салбар стратегийн ач холбогдолтой. Үүнээс гадна бид дэлхийн гол бордоо нийлүүлэгчдийн нэг” хэмээн Эварт Уиллиамс онцлов. Тринадад Тобаго харьцангуй бага газрын тос олборлогч гэж үзэх ч оргил үедээ өдөрт 230 мянган баррелийг 1970 оны дунд үйлдвэрлэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх хэмжээ өдөрт 90 мянган баррелиар хэмжигдэх болжээ. Газрын тос, байгалийн хий нийлээд өдөрт 800 мянган баррель давах Тринада Тобаго улсын Өв хөрөнгө, Тогтворжилтын сан гэж бий. Өнөөдөр манай улс ч зорьж буй Баялгийн сангаа Өв хөрөнгө, Тогтворжилтын сан хэмээн нэрлэсэн нь энэ.

Хүн амын тоо нь манай Улаанбаатар хотынхтой тэнцэх Тринадад Тобаго улсын эрчим хүчний салбар ДНБ-ий 44 хувь, төсвийн орлогын 58 хувь, нийт экспортын 83 хувийг эзэлж байна. Түүхий газрын тосны олборлолтын 60 хувь нь гадаадын компаниуд, үлдсэн 40 хувийг төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компани гүйцэтгэх аж. Тус улс газрын тос, байгалийн хийд түшиглэсэн эдийн засагтай орны нэг. Газрын тосны ашиглагдаж буй ордууд 12-14 жилийн нөөцтэй бөгөөд үүгээр 35 жил үйлдвэрлэл явуулах боломжтой аж.

1990 оны сүүлээр газрын тосны үнэ эргэн сэргэх үед Засгийн газраас Урьдчилсан Орлогын Тогтворжилтын сан гэдгийг 2000 онд байгуулжээ. Тус улсын Засгийн газраас 2007 оны гуравдугаар сард Өв хөрөнгө, Тогтворжилтын санг хуулиар баталгаажуулжээ. Сангийн зорилго нь эдийн засгийг тогтворжуулах, хуримтлуулах. Сан байгуулах шалтгаан нь олон улсын хэмжээнд газрын тос, байгалийн хийн үнэ огцом өөрчлөгдөхөд санхүүгийн бодлого, эдийн засгаа сөрөг нөлөөллөөс хамгаалах. Мөн шавхагдаж буй газрын тос, байгалийн хийн баялгийн хэсгийг ирээдүй хойчдоо хуримтлуулан хүргэх. Өөрөөр хэлбэл, өв хөрөнгийн шинж чанартай санг байгуулсан нь энэ. Тус сан нь дэлхийн баялгийн сангийн сайн жишээ болж буй.