“Өглөгч аав”, өвчинд нэрвэгдсэн ард түмэн...

Дорж их өглөгч эр л дээ. Цалин­­­гаа авангуутаа хэдэн хүүхдэдээ бэлэн мөнгө тараадаг, эхнэртээ бэлэг сэлт аваад дуусгадаг зуршилтай нэгэн. Ингэснээрээ эхнэр хүүхдүүдээ ихэд хайрлаж байгаа хэмээн баясна. Учраа мэдэхгүй бяцхан жаалууд тэр дор нь дэлгүүр орж, чихэр жимсхэн аваад мөнгөө үрж дуусгана. Гэтэл “гай газар дороос, гахай модон дотроос” гэдэгчлэн нүүрсний уурхайд ажиллаж ирсэн Дорж гэнэтхэн цомхтголд ороодхов. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ уначихсан хэрэг. Хадгалсан юмгүй Дорж хэцүүхэн байдалд оржээ. Энэ цагаас гай зовлон эдний гэр бүлийг амраасангүй. Эхнэр нь дахиад хөл хүндтэй болсон ч арван сар тээсэн үрээ амьд мэнд гаргаж чадсангүй. Бага хүүгээ бурхны оронд илгээчихээд удаагүй байтал бусад хүүхэд нь сургуульд орох цаг ч боллоо. Гэтэл сургалтын төлбөр өгөх зардал байхгүй баларч сууна.

Харин Аугусто хамаагүй өөр бодлоготой. Тэрбээр цалингаасаа хүүхдүүддээ бэлэн мөнгө өгнө гэж “гонжийн жоо”. Хийл, төгөлдөр хуур, шатар авч өгөөд юм сургахыг илүүд үзнэ. Ер нь Аугусто их алсын хараатай. Сар бүр цалингийнхаа тодорхой хэсгийг хав дарж, хожим нь хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулах бодол тээнэ. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ буурсан ч Чилийн эр нөөцөлсөн юмтай болохоор дажгүй, додигор сууна. Аугустогийн хүүхдүүд том болоод Англи, Америк, Герман руу эрдэм сурахаар явцгаав. Өндөр боловсролтой залуус болж ирээд, эх орноо хөгжүүлэх ажилд шамдан оржээ.

Уг нь чили аавын амьдралын ухааныг хүмүүс магтан сайшаахыг Дорж олонтаа сонсож, цагтаа гэрт нь хүртэл зочилж амжсан хүн. Түүний туршлагаас суралцаж, зөв замаар гэлдрэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдгийг баталсан тухай ч монгол аав сайн мэднэ. Даанч угаас ахархан ухаантай, амьжиргааны бололцоо муутай юм болохоор хэдэн хүүхдэдээ бэлэн мөнгө өгч буйгаа их юманд санаж явж л дээ...

Яагаад ийм жишээ татах болов оо? Монгол Улсын нэгдсэн төсвөөс 2011 онд дөрвөн их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөсөн нь орлогоосоо 780 орчим тэрбум төгрөгөөр давж, нийт эдийн засгийн 10 хувьтай дүйцэж рекорд тогтоосон хэрэг билээ. Жилээс жилд данхайж буй төсвийн зарлага монголчуудад юу авчрах вэ? Энэ их мөнгийг эмнэлэг, сургууль барьж, ирээдүйн боловсон хүчин, эрүүл чийрэг залуусыг бэлдэхэд зарцуулж байсан бол сайн л хэрэг. Даанч үгүй ажээ.

2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ баталсан. Үүний дийлэнх хэсгийг буюу 44.1 хувийг дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн бол эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд ердөө 10 хувь нь оногдож байх жишээтэй. Монголчууд энэ талаар нухацтай бодолцох цаг нэгэнт ирснийг сануулах сэтгэл сэрдхийм тоо баримтыг хөрвүүлье.

Эрүүл мэндийн салбарт ердөө 54.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бол улс төрийн амлалт биелүүлэхэд үүнээс 16 дахин их буюу 805.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь анхаарал татна. Гэтэл Монголын эрүүл мэндийн салбар өнөөдөр ямаршуу байгаа билээ? Халдварт өвчнөөр энэ оны эхний улиралд 9859 хүн өвчилжээ. Мөн хугацаанд тав хүртэлх насны 346 хүүхэд эндсэн байна. Гуравхан сарын дотор шүү дээ! Дотор муухайрам дээрх тоонууд дээр амьгүй төрсөн, гажигтай мэндэлсэн хүүхдүүдийг нэмээд үзэхээр юу болох бол оо? Хорт хавдар, зүрхний шигдээс, саажилт зэрэг аймшигт өвчин Монголын ард түмний дунд хүрээгээ тэлсээр. Энэ хэний буруу вэ? Дурын эмнэлгээр ороод эмч нарын ажиллаж байгаа орчин, эмнэлгийн барилгын байж байгаа царай, тоног төхөөрөмжийнх нь өрөвдөлтэй байдлыг нэг хараарай.

IV төрөх эмнэлгийн сураг дуулдаад, төсөв мөнгө нь шийдэгдэхгүй сажилж байх хооронд бид хүйн халдвараар хэдэн ч нялх амьтныг хорвоогоос хөөгөөд явууллаа даа. Уг нь тэр эмнэлгийг 19 тэрбум төгрөгт барина гэж байсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, 805.2 тэрбум төгрөгөөр бид ийм эмнэлэг 42 ширхэгийг босгочихож дөнгөх байжээ. Алт, зэс, нүүрс, уран байлаа гээд монгол хүн сэтгэл тэнүүн амьдарч, монгол үрс эрүүл саруул өсч бойжиж чадахгүй бол ямар хэрэгтэй билээ? 21 мянган төгрөг халаасандаа хийлээ гээд хэцүү цагт эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй бол ямар олиг байх вэ?

“Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс 76 гишүүн маань үүцээ задалж олсон мөнгөө үндэс нэгтнүүдтэйгээ хуваалцаж байгаа юм гэнэ. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гэх сайхан нэртэй сонгуулийн амлалт 21 мянган төгрөг болоод ард түмний гарыг цайлгаж буй. Гэтэл Үндсэн хуулийнхаа арванзургадугаар зүйлийг 76 гишүүн маань уншсан юм болов уу? Уг нь монгол хүн амьд явах эрхтэй юм байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй юм байна шүү, гишүүд ээ! Гэтэл энэ оны эхний улиралд 5091 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнээс болж 1874 хүн гэмтэж, 346 хүн нас барсан тухай Үндэсний статистикийн хороо дуулгав. Монгол хүнд ер нь амьд явах эрх байна уу?

Эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хүн бүрт амлаж, иргэдийн саналыг аван төрийн эрхэнд гардаг УИХ-ын гишүүдийн увайгүй үйлдэл Монголын ард түмний хамгийн чухал эрхийг ноцтойгоор зөрчиж буй бус уу? Үүнийг зогсооход чиглэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг бэлтгэж батлуулсан Засгийн газар улс төрийн нөлөөнд автаад таг чиг...

“2011 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төслийг хойшлуулах замаар 2012 онд 116.5 тэрбум төгрөгийн ажлыг шинээр эхлүүлэхээр санал боловсруулсан. Энэ нь хэрэгжихгүй тохиолдолд 2012, 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр төсөл хэрэгжүүлэх боломжгүй” хэмээн үзэж буйгаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон “Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” сэдвээр илтгэл тавихдаа дуулгасан юм. Юу гэсэн үг вэ? ДНБ-ий 10 хувьтай дүйцэх хэмжээний алдагдалтай батлагдсан төсвийн чадал хөрөнгө оруулалтадаа ч хүрэлцэхээ байжээ.

Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт “Бэлэн мөнгө тараах нь урт хугацаанд үр өгөөжгүй, инфляци өсгөхөөс цаашгүй. Харин эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь эсрэгээрээ, хожим нь эерэг үр дагавар авчирна” хэмээн онцолж байсан. Үнэндээ манай орон хүнсний бараа, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортолдог. Түлш, шатахуунаа тэр чигээр нь Оросоос авдаг. Ийм үед бэлнээр тарааж буй 805.2 тэрбум төгрөг урд, хойд хөрш рүү урсаад алга болох нь тодорхой бус уу? Өөрөөр хэлбэл, 802.5 тэрбум төгрөг тараахын оронд төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдээ санхүүжүүлбэл ашигтай ажээ. Энэ мөнгөөр хэчнээн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн бий болох байсан бол оо?

Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг нэмээд л бүх зүйл ОК болчихдог юм биш ажээ. Энэ тал дээр цэгцлэх ажил даанч их байгааг олон мэргэжилтэн сануулж буй. Эрх мэдэлтнүүдийн танилууд төсөвт өндөр өртөгтэй барилга, байгууламж “шахдаг”, тендер будлиантдаг, төлөвлөлтөд орон нутгийн оролцоо байхгүй байдгаас хөрөнгө оруулалт бодитой болдоггүй, давхарддаг, орхигддог, шаардлагагүй, үр өгөөж муутай төсөл олноор орж ирдэг гэх мэтийн олон зөрчил байдгийг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд ний нуугүй ярих аж. Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж, үнэлгээ өгөх систем ч байхгүйг олон улсын байгууллагууд шүүмжилсээр өдий хүрлээ. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг тарамдаж, улс төрийн хожоо хайх булхайтай үйлдэл хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд.

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл бүртгэгдсэн гэх тоо бий. “Уул уурхай шууд эерэг дүн гаргаж чадахгүй, хэрхэн удирдахаас л шалтгаална” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгч Катрин МакПайл сануулж байв. Африктаа нефтийн хамгийн том экспортлогч болох Нигерийн нийт хүн амын 95 хувь нь маш ядуу, үлдсэн таван хувь нь маш сайн амьдарч байна. Тэгвэл Венесуэлийн эрх баригчид иргэдээ бухимдуулахгүйн тулд бэлэн мөнгө тараасаар ядууруулсан билээ. Ийм зовлонг монголчууд дайрч биш, тойрч гараасай гэсэндээ учир мэдэх хүмүүс зөвлөсөөр, сануулсаар. Гэтэл “өглөгч аав” үл ойшооно. “Өрмийг нь аваад хусмыг нь ард түмэндээ өгөх” бодлогодоо төрийн эрх баригчид нэгмөр автсан бололтой.