Өдөрт хоёр удаа шинэ ажлын өглөөтэй золгодог захирал

"Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал 29-хөн настай Хангайн Алтай” хэмээн “Financial Times" сэтгүүл түүнийг “Boomtown Mongolia” нийтлэлдээ онцолсон удаатай. Манай сэтгүүл энэ удаа орчин үеийн их хөгжлийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж, тэр чинээгээрээ улсынхаа хөгжлийг урагшлуулахад өөрийн хүч оюун, хөдөлмөрөө зориулж яваа ажил хэрэгч залуусын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхлоо. Манай “Нэг өдөр” булангийн зочноор Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай уригдлаа. Тэрбээр “Би ямар сонгуульд оролцох гэж байгаа биш миний хэрэг байна уу” хэмээн инээмсэглэн биднийг угтсан.

Бага үд

Наран мандах цаг хойшилсон өвлийн улиралд жихүүн салхитай өглөө айлчлан ирнэ. Гэгээ орж гэрэлт ертөнц өнгөөр туяарах агшинтай уралдан Х.Алтай захирал ажил руугаа орж харагдана. Түүний ажил үүр цүүрээс үдшийн бүрий хүртэл тасралтгүй үргэлжлэх ажээ. Ширээнийхээ ард тухлан сууж, өнөөдрийн ажлаа жагсаан бичээд нямбай гэгч нь танилцсаны эцэст Алтай захирлын ажлын шинэ өдөр эхэлнэ. Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан түншлэлийн хүрээнд манай хөрөнгийн биржид өөрчлөлт шинэчлэл өрнөөд хөл хөдөлгөөн ихтэй байгаа билээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн МХБ гаднах өнгөө өөрчилж, гангараад амжиж. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран Арилжаа, хяналт, хадгаламжийн шинэ системээ суурилуулж байгаа тэд туршилтын ажлаа эхэлчихсэн тул тун завгүй. Х.Алтай, үгүй ээ тэд гэж ярих ёстой юм байна. Учир нь МХБ-ийн захирал “Би” биш “Бид” гэж ярих дуртай. Шинэ системийнхээ туршилтын явцыг хэлэлцэхээр товчхон бөгөөд тодорхой хурал хийв. Гарч ороод л үнэндээ түүний ажил барагдахгүй юм. Түүний энэ өдрийн шил дараалсан олон уулзалтын хамгийн чухал нь Монголбанкинд болох арга хэмжээ юм. Тус уулзалтын үеэр Алтай захирал Үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгэх, хугацааг өөрчлөх, олон улсын жишигт хүргэх талаарх шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийсэн.Таван хором ч тайван суух завгүй түүнээс сонирхсон зүйлээ тухтайхан асуухад ч хэцүү санагдах.

Тэрбээр Орос 14 дүгээр сургуулийг дүүргэсэн орос хүмүүжилтэй залуу захирал. Хангайн Алтай гэж димпломат албатай эцгийнх нь нэрээр түүнийг тодотгож ч ярих дуртай юм билээ, хүмүүс. “Financial Times “-ийн сэтгүүлч хүртэл түүний тухай нийтлэлдээ Хангайн Алтай гэж онцолсон байх жишээтэй.
МУИС-д эрх зүйч мэргэжлээр сурч байхдаа зуны амралтаараа зүгээр суулгүй орчуулагч хийж, жуулчид дагуулан, Mонголын үзэсгэлэнт олон газраар аялсан нь түүний оюутан насных нь сайхан дурсамжуудын нэг. Тэрбээр сургуулиа төгсөөд Швейцар улсын MRI уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг компанид жил гаруй хугацаанд дадлагаар ажиллажээ. Үүний дараагаар“Бороо гоулд”-ын Засгийн газартай харилцах ажилтан, С.Баярын шадар туслахаар тус тус гүйцэтгэж байжээ. Харин одоо Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал бас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн албыг хашиж байгаа юм.

Жин үд
Нар эгц дээрээс тусах авч элчээ харамлан жихүүцүүлнэ. Өвлийн өдрүүд энэ л цагт сэтгэл сэргээж дотор бүлээцүүлэх юм даа хэмээн Монголбанкнаас хөрөнгийн бирж рүү буцах замд бодогдох. Үнэт цаасны арилжаа ажлын өдөр бүр 11.00-13.00 цагийн хооронд явагддаг. Энэ том байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд өнөөдөр хэдэн төгрөгийн арилжаа явагдах бол, компаниудын маань хөрөнгө босгох үйл ажиллагаа хэр амжилттай яваа бол гэх мэт санаа зовних зүйлс олон ажээ. Түүний завсаргүй шахам болох уулзалт, хурал нь дуусахгүй үргэлжилсээр. Түүнд маргааш гэж хойшлуулах цаг зав, зуршил гэдэг зүйл байдаггүй бололтой. “Хийхгүй бол болохгүй юм чинь амжуулах л ёстой” гэж боддог аж. МХБ-ийн шинэчлэлийн ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулах тул Алтай захиралд өдрийн цайндаа ч орох зав олдсонгүй. Өдрийн хоолоо идэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг гэсэн. “Өег тэгээд амттай байдаг юм” гээд л хоолны оронд “Sneakers” идчихнэ. Зуучлалын үйл ажиллагаа явуулахаар МХБ-ийн гишүүн болох гэсэн олон тооны компанийн материал түүний ширээн дээр овоорчээ. Энэ асуудлыг хэлэлцэхээр тэрбээр захирлуудтайгаа тун ч удаан хуралдлаа.
Алтай захирал эхнэр, дэрсхэн төрсөн хүү, охиныхоо хамт амьдардаг. Хэдийгээр их ажилтай ч хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхийг байнга хичээдэг. Монголын хөрөнгийн бирж гэгч энэ их айлын хойморт сууснаас хойш түүнд өөрийн гэр бүлдээ зориулах цаг ахархан болсон хэдий ч амралтын өдрүүдэд тэдэнтэйгээ хамт гадуур явж кино үзэх,тоглуулахаар амласнаа аль болох хойшлуулахгүйг бодно. Амралтын өдрөөр малгайтай цамц, саравчтай малгай өмсчихөөд явж байх түүнд тааламжтай санагддаг ч албаны хувцсандаа илүү дасчихсанаа мэдэрдэг гэнэ.

Их үд

Наран ургасан зүгээсээ нүүрээ буруулж, ертөнцийн нөгөө чигт яаран тэмүүлсээр жарган одлоо. Өвөл цагийн өдөр богино хэдий ч өнгө өнгийн гэрэл өөрийгөө гайхуулан солонгорно. Ажлын цаг дууссан ч Алтай захирлын хувьд дөнгөж эхэлж байгаа мэт хийх зүйл ундарсаар. Таны ажил дуусах болоогүй юу гэхэд “Бид Лондоны хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа болохоор цагийн зөрүүнээс хамаараад Монголд ажлын цаг дуусаж байхад Монголын хөрөнгийн биржийнхний хувьд ажил дахин эхэлдэг” гэсэн юм. Яг одоо Лондонд өглөөний 11 цаг болж байгаа. Тэгэхээр Алтай захирал өдөрт хоёр удаа шинэ ажлын өглөөтэй золгодог ажээ. Найзуудтайгаа оройн хоол идэж, ажлаа ярих нь Алтай захирлын өнөөдрийн төлөвлөгөөнд туссан сүүлийн ажил. Түүний гэртээ харих цаг ихэнхдээ 21.00 цаг гэж бодохоор Алтай захирал өдөрт 12 цаг тасралтгүй ажилладаг юм байна.

Тэрбээр ажлын алжаалаа хөгжим сонсож, ном унших, баримтат кино үзэх зэргээр тайлдаг. Уран зохиолын гэхээсээ илүү бодит түүх, хүний намтар унших дуртай. Яг одоо уншиж байгаа номнууд дундаас хамгийн сонин нь зохиолч Эдвард С Радзинскийгийн “Сталин” хэмээх түүхэн намтар зохиол. Харин сонсох дуртай хөгжмийн урсгал нь “Алтернатив”. Тэрбээр анх хүүхэд байхдаа “Beatles” хамтлагийн дуунд дурлаж, үгийг нь ойлгохыг хүссэн учраас англи хэл маш шаргуу сурч эхэлсэн ажээ. Харин одоо түүнд “Keane”, “Kate Rusby”, “Radio Head” хамтлагийн дуунууд таалагддаг. Гарч орж, бичиг цаастай ноцолдсон энэ их ажлын дундуур хэдий заванд нь амжуулдаг юм бол оо гэж асуумаар зүйл түүнд зөвхөн ном уншихаар хязгаарлагдахгүй. Бялдаржуулах төвд очиж хичээллэхээс гадна цаг зав, цаг агаарын байдлаас хамааран хааяа хөлбөмбөг тоглохоо ч мартдаггүй гэсэн.

Өөрийнхөө талаар “Би бол” гэж ярих дургүйг дээр хэлсэн. “Хүн өөрийгөө дүгнэж цэгнээд сууна гэдэг өрөөсгөл” гэж боддог гэнэ. Олон таван юм нуршиж яриад байхыг хүсдэггүй, харин хийж буй ажлаараа өөрийгөө харуулахыг зорьдог залуухан захирал юм гэж дүгнэхэд хүргэв. Нойрмог байдалтай Монголын хөрөнгийн биржийг олон тоглогчоор хүрээлүүлсэн хөрөнгийн захын сонгодог хөгжилд аваачих нь түүний хэтийн зорилго. Гэхдээ Алтай захирал ийм сайхан үед эх орондоо энэ ажлыг хийж яваагаа их хувь тавилан гэж боддог. Одоо түүнд зорьсон ажлаа дуусгах маргаашийг хүлээх л үлдлээ.