Өмнөговь аймаг орон нутгийн анхны бондыг гарлаа
Манай улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхайн стратегийн бүс нутаг болох Өмнөговь аймаг эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэх түүхэн шийдвэр гаргаж, Монголдоо анхдагч “Өмнөговь бонд”-ыг гаргалаа. Тус аймгийн төв Даланзадгадын одоогийн дулааны цахилгаан станц анх 2000 онд ашиглалтад орж байх үедээ 3800 орчим айл өрхийг хангах хүчин чадалтай байв. Харин өнөөдөр хэрэглэгчдийн тоо 11,9 мянга давж, 3.1 дахин нэмэгдсэнээр дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр барих зайлшгүй шаардлага үүсээд байсан юм.
Тус аймаг ийнхүү хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгож буй нь Даланзадгад хотод баригдах 50 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станцын төслийг улсын төсвөөс хараат бусаар хэрэгжүүлэх зорилготой. Нийт 500 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг мега төслийн санхүүжилтийг гурван үе шаттай татан төвлөрүүлэх бөгөөд эхний ээлжид 150 тэрбум төгрөгийг ийнхүү бонд хэлбэрээр босгож байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн санхүүжилтээс хамааралгүйгээр хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох шинэлэг шийдлийг сонгосон нь Монгол Улсын орон нутгийн хөгжлийн бодлогод шинэ хуудас нээж буй хэрэг юм.
“Өмнөговь бонд” жилийн 16 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай бөгөөд зургаан сар тутамд хүүгийн төлбөрөө хийх нөхцөлтэй
Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд арилжааны банкны хадгаламжаас өндөр өгөөж юм. Хөрөнгө оруулагчид 2026 оны тавдугаар сарын 11-нээс өмнө захиалгаа өгснөөр Монгол Улсын эрчим хүчний салбарт хийгдэж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах боломжтой.
Шинэ станц ашиглалтад орсноор Даланзадгад хот болон зэргэлдээх сумдын эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэж, уул уурхай дагасан хөгжил бодит утгаараа иргэдийн хаалгаар орох дэд бүтцийн суурь тавигдана.
Өмнөговь аймаг ийнхүү өөрийн нөөц бололцоонд тулгуурлан эрчим хүчний эх үүсвэрээ шийдэж байгаа нь бусад аймгуудад бие даан хөгжих үлгэр жишээ болж байна. 50 МВт-ын станц нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдал, агаарын бохирдлыг бууруулах орчин үеийн технологийн шинэчлэлийг нэгэн зэрэг авчрах ач холбогдолтой юм.
