Өмнөд Солонгосын гадаад худалдааны ашиг хоёр дахин буурчээ


Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын компьютер, утасны чип болон газрын тосны экспорт буурсантай холбогдуулан тус улсын гадаад худалдааны ашиг хоёр дахин багасчээ. Гуравдугаар сард 2,97 тэрбум ам.доллар байсан гадаад худалдааны ашиг өнгөрсөн сард 1,78 тэрбум ам.доллар болтлоо доошилсон байна.

Азидаа эдийн засгаараа дөрөвт ноёлдог Өмнөд Солонгос нь улс орны өсөлт хөгжлийн хувьд гадаад худалдаанаас үлэмж хамааралтай билээ. Эрэлтийн уналтад орсон Европ болон Америкчууд Азитай хийдэг худалдааг дэмжих аргуудыг эрэлхийлсээр байгаа юм.
Өмнөд Солонгос улсын экспорт энэ оны гуравдугаар сард 45,8 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол дөрөвдүгээр сард 45,8 тэрбум ам доллар болтлоо буурсан байх юм. Сүүлийн саруудад экспортын өсөлт огцом саарч байгаа нь энэ ажээ. Үүнээс Европ руу гаргаж буй бараа бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар доошилсон байна. Харин Америкийг чиглэсэн экспорт дөрөвдүгээр сард дөрвөн хувиар өссөн хэдий ч гуравдугаар сартай харьцуулахад эрс унасан үзүүлэлт ажээ.
Хэдийгээр эдийн засагчид зөвхөн экспорт өссөн тохиолдолд сэргэнэ хэмээн хэлж байгаа ч Өмнөд Солонгос улсын засгийн газар 2012 онд тус улсын эдийн засаг аажимдаа сэргэнэ хэмээн таамаглаж байгаа юм. “Хумигдмал экспорт, дотоодын доогуур эрэлтээс үүдэн Солонгосын эдийн засаг энэ жилийн хоёрдугаар хагаст ч мөн шаварт зоогдсон хэвээр байх болно” хэмээн “Хьюндай” корпорацийн эдийн засагч Ли Сан Жей хэлжээ.