Өмнөд Солонгосын Монгол дахь сонирхол эрчимжлээ

Өмнөд Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг Монгол дахь салбарынхаа нээлтийг энэ сарын 26-нд хийлээ. Шинэ бизнессийн төв нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг зузаатгах зорилгоор байгуулагдаж байгаа юм байна. Уг зорилгын хүрээнд гадаад худалдааны эрэлтийг нэмэгдүүлж, Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид Монголд хөрөнгө оруулах, албан ёсны дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээх аж.

Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгчид Монголын зах зээлийг сонирхож буй бас нэг илрэл нь манай улсад удахгүй үүдээ нээх “Caffe Bene” сүлжээ кофешоп юм. Анх 2008 онд байгуулагдсан тус кофешоп өнөөдөр нийт салбарынхаа тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд дэлхийн бусад оронд үйл ажиллагаагаа тэлсээр байгаагийн илрэл энэ аж. Одоогоор “Caffe Bene” Америкт долоо, Хятадад 55, Филиппинд хоёр салбартай. Энэ жилдээ багтаан тус компани Камбодж болон Монголд салбараа нээхээр холбогдох дотоодын компаниудтай гарын үсэг зуржээ.