Өмнөд Солонгосын төлөөлөгчид Ким Чен Унтай уулзав

Өмнөд Солонгосын иргэдийн төлөөлөгчид Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн залгамжлагч болох түүний хүү Ким Чен Унтай уулзахаар даваа гаригт Пхенянь хотод ирээд байна. Бага хүү Кимийн хувьд аавыгаа нас барснаас хойш Өмнөд Солонгосын зочид төлөөлөгчидтэй хийж буй анхны уулзалт нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт олонд ил болсон Ким Чен Ирийн үхэл дэлхий хамгийн “зожиг” орнуудын нэг болох Хойд Солонгос улсын ирээдүйд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Тэгвэл энэхүү явдалтай холбогдуулан тэргүүн хатагтай асан төдийгүй тус улсын тэргүүлэх бизнес эрхлэгчээр удирдуулсан Өмнөд Солонгосын төлөөлөгчид эмгэнэл илэрхийлэхээр хойд зүгийг зорьсон юм. Тэд орон нутгийн цагаар үдэш Кумсусан дурсгалын ордонд байрлуулсан түүний цогцост хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Ким Чен Унтай уулзлаа.


18 хүний бүхэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг хоёр Солонгосыг эвлэрүүлэх асуудалд нөр их сэтгэл зүтгэл гаргасныхаа төлөө Нобелийн энхтайваны шагнал хүртсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүний эхнэр, тэргүүн хатагтай асан Ли Хуй Хо болон Солонгосын хойд хэсгийн хүнд аж үйлдвэрийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт татсан гэдгээрээ онцлог “Хьюндай” группын дарга агсан Чун Мон Хуны эхнэр тус группын одоогийн дарга Хьюн Чун Юн нар ахлан явж байв. “Энэ үйл явдал хоёр Солонгосын харилцаанд дэвшил авчирна гэдэгт найдаж байна” хэмээн хатагтай Ли Хуй Хог явахын өмнө түүний туслах албан ёсны мэдэгдлийг нь уншиж өгсөн юм. Энэхүү айлчлал цаг хугацааны хувьд эгзэгтэй үед таарсан бөгөөд хоёр Солонгосын харилцааны нарийн утсыг хөндсөнөөрөө онцлог байлаа. Өмнөх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 19-нд Ким Чен Ирийн таалал төгссөн явдал тус бүс нутгийг хадны ирмэгт түлхсэн юм. Дэлхий нийт өнөөдөр хаалттай, хязгаарлагдмал энэ орны дараагийн удирдагч улсаа хэрхэн авч явах бол гэдгийг амьсгаа даран харж бас хүлээж сууна.


Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ким Чен Ир нас барсны дараагаас л түүний хүүг илт дэмжин магтаж, энэхүү шаталсан дэглэмийн хүрээнд улс орноо амжилттай авч явж чадна гэсэн утга агуулга бүхий мэдээллийг хүргэж эхэлсэн юм. Харин амралтын өдрүүдэд тус улсын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдээр залуу Кимийг дараагийн “Дээд командлагч” -аар тодорлоо хэмээн мэдээлсэн байна.

Хойд нутгийн тааварлашгүй байдлыг зөв зүгт чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Сөүл Хойд Солонгосын иргэдэд сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэх ялдамд Ли болон Хьюн нарын айлчлалыг дэмжиж байгаагаа хэлсэн байна.Гэвч хүндэтгэл үзүүлэх албан ёсны төлөөлөгчид илгээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.Харин Пхенянь 2009, 2003 онд ерөнхийлөгч агсан Ким ба Хьюндай группын дарга асан Чун нарыг таалал төгсөхөд албан ёсны төлөөлөгч илгээж байсан удаатай.

Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеняньд орон нутгийн цагаар үдийн цайны үед ирсэн бөгөөд хоёр орныг тусгаарладаг хойд хэсгийн “Кейсон парк”-д орших хилийн зурвасаар дайран өнгөрчээ. Тэдний айлчлал мягмар гаригаар дуусгавар болсон юм.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус айлчлал болохоос өмнө төлөөлөгчид айлчлалын үеэр Ким Чен Унтай уулзаж чадах эсэх дээр өргөн хүрээнд таамаг дэвшүүлж байсан билээ.