Өмнөд хөршийн сэргэлт

Евро бүсийн боловсруулах үйлдвэрлэлийн PMI нь наймдугаар сард сүүлийн 26 сарынхаа дээд хэмжээнд хүрч 51.3 нэгжид хүрчээ. Европын эдийн засгийн сэргэлтийн талаар олон улсын Маркет судалгааны агентлаг "Сэргэлт Германаас эхэлжээ. Ийнхүү удаан хүлээсэн сэргэлт бодит биеллээ оллоо” гэж мэдээлсэн байна. Европ болон АНУ-ын эдийн засаг сэргэж, мөн дотоодын эрэлтийг дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан нь Хятадын үйлдвэрлэл өсч, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хүлээлтийг олон улсын зах зээлд бий болгожээ. HSBC-ээс тооцдог Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн PMI нь наймдугаар сард огцом өсч сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа урд хөршийн эдийн засаг тэлж байгаа дүн гарсан байна. Тухайлбал, HSBC-ийн индекс долдугаар сард 47.7 нэгж байсан бол наймдугаар сард 50.1 нэгж болж өссөн бол Статистикийн хорооны индекс 51 болж өсчээ.
Хятадын экспортын жилийн өсөлт 5.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 10.9 хувиар өсчээ. Ийнхүү АНУ, Европ, Хятад руу хийж буй экспортын хэмжээ он гарсаар анх удаа өсч байгаа юм. Ганц удаагийн өсөлтөөс эдийн засаг сайжирч байна гэж болохгүй ч АНУ, Европын орнуудын индекс ч мөн өсөлттэй байгаагаас харвал Хятадын хоёрдугаар хагасын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна инфляцийн түвшин ч таамаглаж байснаас бага буюу 2.7 хувьтай байгаа нь эдийн засаг өсөх таатай нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Аж үйлдвэрийн компаниудын цэвэр ашиг нь зургадугаар сард жилийн 6.3 хувийн өсөлттэй байсан бол долоодугаар сард 12 хувьд хүрч өмнөх сараасаа огцом өсчээ. Энэ нь тус улсын эдийн засаг тогтворжиж буйг илтгэж байна. Гэхдээ Хятадын Төвбанкны дэд ерөнхийлөгч Yi Gang “АНУ-ын мөнгөний бодлогын өөрчлөлт бусад хөгжиж буй орнуудтай адил хүчээр Хятадад нөлөөлөхгүй” гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.
Мандал Женерал Даатгал