“Өнөөдөр би ажилдаа нийтийн тээврээр ирсэн”

“Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ-ын тэргүүн “Эко-Ази” дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэнтэй ногоон эдийн засгийн талаар ярилцлаа.

-Байгаль орчны гавьяат гэдэг эрхэм хүндтэй шагналыг дөнгөж аваад буй танд баяр хүргэе. Та өөрийгөө Монголын байгаль орчны салбарт ямар үүрэг гүйцэтгэсэн гэж боддог вэ?
-Баярлалаа. Саяхан Монгол Улсад анхны ардчилсан үндсэн хууль батал­сны 20 жилийн ойн баяр болж өнгөрлөө. Үндсэн хууль гэдэг бол Монгол Улсын түүхэнд үлдэх үнэт зүйл. Тиймээс анхны ардчилсан Үнд­сэн хууль батлалцахад бусдаасаа илүү хувь нэмэртэй оролцсон гэж үзэж зургаан хүнийг төр шагналаа.

Би 1975 оноос эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль орчны чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Өөрийгөө энэ олон жил ажилласны хувьд байгаль орчны асуудалд дөрвөн гол үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж боддог. Нэгдүгээрт, анх ажиллаж эхэлснээс одоог хүртэл байгаль орчны сансарын тандан судалгааг Монголд хөгжүүлэх шинэ технологи, арга туршлагыг төлөвшүүлэх чиглэлд багагүй зүйл хийсэн. Энэ нь байгаль орчинд мониторинг хийх, нөөцийг судлах зэрэг ажил юм. Энэ ажлыг Монгол Улсад хөгжүүлэхэд салбарын хамтран зүтгэгчидтэйгээ ажиллаж, удирдаж явлаа. Хоёрдугаарт, 1990-ээд оноос БОАЖЯ, Байгаль орчны хяналтын Үндэсний хороо гээд олон төрийн байгууллагатай одоо ч хамтран ажиллаж байна. Эдгээр яам, тамгын газартай байгаль орчны талаар тө­рийн бодлого боловсруулахад өөрийн гэсэн хамтын ажиллагаа, хувь нэмрийг оруулсан гэж бодож байгаа. Гуравдугаарт, байгаль орчныг хамгаалахад олон талын орол­цоог өндөрсгөхөд хувь нэмрээ оруул­сан. Тэр дундаа байгалийн нөөцийг ашиглахад хамтын менежмент чухал асуудал байсан юм. Энэ талын үзэл баримтлалд төрийн бодлогыг чиглүүлэхэд хүчин зүтгэж байна. Энэ санаагаа өнгөрсөн онд Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээ­лэн, БОАЖЯ-наас гаргасан Бай­галь орчны мастер төлөвлөгөөнд тусгаж оруулсан. Дөрөвдүгээрт, Байгаль орчны салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж үзэж болох байх. 2000 онд байгаль орчин менежментийн “Эко-Ази” дээд сургуулийг үүсгэн байгуулж одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 1000 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргаад байгаа. Эко­логи байгаль хамгаалал, үнэлгээ мониторинг, газрын зохицуулагч, аялал жуулчлал гээд дөрвөн чиглэлээр мэр­гэжил эзэмшүүлж төгсгөдөг. Тус сур­гууль нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл гэх гурвалсан сургалтыг явуулдгаараа онцлог юм. Манай оюут­нуудын хамгийн гол давуу тал нь дэлхийн нийтийн яриад буй ногоон сэтгэлгээтэй болж төгсдөг.

-Ногоон сэтгэлгээ гэж юу вэ?
-Хүний амьдрал өнөөдөр үйлд­вэрлэл, хэрэглээ хоёр дээр л явж байна шүү дээ. Үүнийгээ эдийн засаг гэдэг. Тиймээс энэ хоёрын тэнцвэртэй байдлыг хангах тал дээр анхаарч эхэлсэн. Тийм ч учраас илүү зүйл үйлд­вэрлэхгүй, үйлдвэрлэсэн тэр бүтээг­дэхүүнээ аль болох хэмнэлттэй, урт удаан хугацаанд олон дахин хэрэглэх зорилгыг бий болгоод байгаа юм. Үүнийг ногоон эдийн засаг гээд байна. Гэхдээ ногоон эдийн засаг нь өргөн ойлголт л доо. Харин байгалийн нөөц, түүхий эд, эрчим хүч гээд бүгдийг хэмнэх шаардлага байна. Үүнийг л ногоон үзэл санаа гэж нэрлээд байгаа юм. Хамгийн энгийн жишээ гэхэд Та нэг удаагийн цаасан аяга хэрэглэх үү, аль эсвэл эдэлгээ урттай олон дахин ашиглаж болох шаазан аяга хэрэглэх үү гэдэг дээр л сонголт хийх юм. Өнөөдөр дэлхий нийт нэг удаагийн хог ихээр бий болгодог хэрэглээнээс татгалзаж эхлээд байна. Хоол идэхдээ ч гэсэн өөртөө тохирсон хэмжээтэйг сонгох нь чухал. Зарм хүмүүс учиргүй их хоол хийчихээд хаях тохиолдол цөөнгүй. Тэр нь эргээд эдийн засгийн хувьд үргүй зардал, байгаль орчны тухайд бохирдол нян үүсэх шалтгаан болж байна гэсэн үг. Энэ мэт энгийн зүйлс л ногоон сэтгэлгээ юм даа. Түүнээс биш, тийм айхтар хол чанадын зүйл биш л дээ.

-Та өнөөдөр өглөө босоод ногоон хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Би дээр хэлсэн дээ. Ногоон сэтгэлгээ, ер нь ногоон гэх ойлголтууд маш энгийн зүйлээс эхэлдэг гэж. Тэгвэл ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах гэдэг ч энгийн зүйлээс эхэлнэ. Тухайлбал, өнөөдөр би ажилдаа нийтийн тээврээр ирсэн. Энэ нь агаа­рын бохирдлоос эхлээд эдийн засагт хэмнэлттэй. Ер нь ажлын таван өдрийн хоёроос гурван өдөр нийтийн тээврээр зорчдог. Өнөө өглөө бас Ойн бодлого боловсруулах хуралдаанд оролц­­сон юм байна.

-Та ярьж байна л даа ногоон хөгжил энгийн зүйлээс эхэлнэ ээ гэж. Тэгвэл манай залуучууд ногоон хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?
-Өглөө босоод шүдээ угаах усаа хэмнэхээс авахуулаад олон зүйл дээр ярьж болно л доо. Оройдоо хүн байхгүй өрөөнийхөө гэрлийг унтраах гэдэг ч юм уу. Аль болох нийтийн тээврийн хэрэгслээр зорчих. Бүр боломжтой бол унадаг дугуй унах гээд энгийн хэрнээ олон шийдэл байж болно. За тэгээд томоохон хувь нэмэр оруулъя гэвэл мод тарьж болж байна. Гэхдээ мод тарих үйл ажиллагаанд хүн бүр оролцоно гэхэд жаахан учир дутагдалтай. Тиймээс гэрэл, цахилгаанаа хэмнэхээс л эхлэх хэрэгтэй. Хоолны зохистой хэрэглээ ч чухал. Сүүлийн үед тамхидалт газар авч байна. Энэ нь таны эрүүл мэндэд хортойгоос гадна эдийн засагт ч гарзтай зүйл. Хог хаягдал ч их гарна. Бид ногоон хөгжил, ногоон хүмүүжил, ногоон эдийн засаг, ногоон боловсрол гэж яриад л байна. Энэ бүхэн бидний амьдралд байдаг л энгийн хэвшлийг төлөвшүүлэхийг хэлж байгаа юм.
Манайд нэг тийм зүйр үг байдаг даа “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэж. Тиймээс бид сайн ухуулан таниулж чадахгүй байгаа болохоор иргэдийн амьдралд төлөвшихгүй байх шиг. Аж ахуйн нэгж, албан байгууллагын хувьд ч мөн адил. Бид нийгмийн хариуцлага гэж ярьдаг. Компаниуд энэ талаар ажлууд хийдэг. Тэгвэл бид компанийнхаа үйл ажиллагаанд ногоон бодлогыг тусгаж өгөөд энэ тал дээр өөрсдийн ажлын үйл явцыг чиглүүлээд хөрөнгө оруулаад явах хэрэгтэй. Төр, засгийн хувьд урамшууллын системийг нь бий болгоод өгөх хэрэгтэй. Төр гэдэг чинь ер нь бол үйлчилгээний байгууллага шүү дээ. Тиймээс хүнд сурталгүй байх учиртай. Мөн эрх зүйн талаас нь таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд өмнөх хуулиудад үнэлэлт дүгнэлт өгч шинээр гарч ирж байгаа хуулиндаа ногоон сэтгэлгээгээр хандаж, баталж хянадаг байх нь чухал.

Мөн ногоон бүтээмжийг дэмжсэн урамшууллын систем хэрэгтэй байна. Манайд өнөөдөртөө тийм зүйл алга. Түүнчлэн эдийн засгийн үзүүлэлтүүдээ эргэж харах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувь нь ногоон бүтээмж шингэсэн байх ёстой гэдэг ч юм уу. Тэгж чадвал жирийн иргэнээс аваад, банк санхүүгийн томоохон нэгдлүүд ч өөрсдөө үйл ажиллагаандаа тусгаад л явчих зүйл.

-Саяхны судалгаагаар дэлхий дээр байгаа долоон тэрбум хүн, долоон их наяд хүний хэрэглэх хэмжээний илүүдэл хэрэглээтэй байна гэж гарсан байсан. Та ч хэлж байна хэмнэх гамнах талаар. Тэгвэл монголчуудын хамгийн их илүүдэл хэрэгцээ хаана байна вэ?

-Өнөөдөр хамгийн их илүү байгаа анхаарал хандуулах ёстой хэрэглээ бол түлш, эрчим, усны хэрэглээ байна. Хямд төсөр байгаа болоод ч тэр үү, эрчим хүчний хэмнэлт гэдгийг мэдэхгүй байна. Маш их үрэлгэн загнадаг. Энэ тал дээр анхаарах нь туйлын чухал. Дараагийн чухал зүйл бол ус. Өнөөдөр ус хямдхан байна. Энэ байдлаараа удаан үргэлжлэх юм бол цэвэр ус алтнаас үнэтэй болох вий. Нөөц дуусна. Одоо бол яах вэ байгаль өөрөө зохицуулаад үйлдвэрлэж байгаа. Энэ зохилдолгоо алдагдах магадлал тун өндөр байна. Алдагдаж ч эхэллээ. Туйлын мөс хайлж байна, дэлхийн дулаарал хурдасч байгаа гээд л экологийн тэнцвэр алдагдаж байгаа баримт олон бий.

-Мэдлэгийн эдийн засаг, ногоон эдийн засаг юугаараа ижил төстэй болоод ялгаатай вэ?

-Нэг зоосны хоёр тал гэж хэлж болох юм. Сүүлийн үед мэдлэг шин­гэсэн, хүний тархи оюуныг хөгжүүл­сэн тийм бүтээгдэхүүн, эдийн засаг руу явж, энэ зүгт уриалж байгаа. Оюуны чадамжаар бий болсон үйлдвэрлэл, санаа санаачлагыг дэмжиж байна. Энэ бол чухал салбар. Тухайн салбарыг хөгжүүлэхийн тулд мэдээллийн тех­нологи ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ нь өөрөө ногоон эдийн засгийг дэмжиж байгаа хэрэг юм. Тухайлбал, сүүлийн үеийн техник, хэрэгсэл цахилгааны хэмнэлттэй болсон. Мөн бага зардлаар өндөр чанартай бүтээгдэхүүн хийхийг дэлхий нийт зорьж байна. Эрдэмтэд энэ талаар судалдаг болчихож. Хамгийн чухал нь байгальд ээлтэй үйл ажил­лагаа. Байгалиа хэрхэн сахин хам­гаалж, арчилж тордох вэ гэдэг дээр тархиа ажиллуулдаг болсон. Энэ хоёр ойлголт нь хоёулаа тархиа ажиллуулж мэдлэг бий болгоод түүнээсээ баялаг бүтээж байна. Ер нь бид үр ашиг зардлын тооцоог алхам тутамдаа хийж байх ёстой юм. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэр алдагдал, хаягдал гарч байгаа,түүнийг яаж мөнгө бол­гож болох вэ гэдэг арга замыг олох хэрэгтэй. Энэ нь менежментийг сайж­руулж ашигтай, байгальд ээлтэй ажил­лах бололцоог буй болгож байдаг. Эдгээртэй холбоотой өнөөдөр гурван “Э” гэх ойлголт гарч ирсэн. Энэ нь Эрс багасгах, эдэлгээг уртасгах, эргүүлж ашиглах гэж буй юм. Дэлхий нийт өдгөө хогийг шууд булж устгадаг арга барилаас татгалзаж дахин боловсруулж түүнийгээ эргүүлэн ашиглаж эхлээд удаж байгаа. Энэ бүгд ногоон эдийн засаг, мөн мэдлэг шингэсэн эдийн засаг юм.

-Дэлхийн хэмжээнд ногоон хөгжлөөр тэргүүлж, үлгэр дууриал болж байгаа ямар орон байна вэ?

-Бид евро стандарт гэж ярьдаг. Ер нь бол Европын орнууд энэ тал дээр стандарт бий болгочихсон гэж хэлж болно. Энэ нь хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэх тал дээр ихээхэн анхаардаг бодлоготой уялдаатай. Азийн орнуудаас БНСУ, Япон байна. Ногоон хөгжил дэлхий нийтэд ихээхэн хурдтай хөгжиж байна. Тиймээс монголчууд энэ тал дээр анхаарч үзэх нь чухал. Огт ярихгүй биш ярьж байна л даа. Гэхдээ илүү өргөн фронтоор давших хэрэгтэй. Тэр дундаа уул уурхай ингэж хурдтай хөгжиж байгаа өнөө үед ногоон хөгжлийг үүнтэй яг адил хөл нийлүүлэн хөгжүүлэх нь чухал. Монгол Улс ногоон хөгжлөөс хоцорвол хохироод л дуусна. Хуучны хомхой сэтгэлээр хандаж огт болохгүй.

-Таны бодлоор хамтад нь хөгжүүлэх ямар боломж байна вэ?

-Түрүүний хэлдгээр хууль эрх зүйн орчин нь бүрдээд, сэтгэлгээ нь суугаад, хамгийн гол нь уул уурхай ярьж байгаа учраас технологийн хөгжил чухал. Байгальд ээлтэй дэвшилт технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллах нь зүй ёсны хэрэг. Түүнчлэн ил тод байдал гол хөшүүрэг юм. Ямар ашиг олж байна, хэр зэрэг татвар төл­сөн, түүний хэдэн хувийг нийгэмд зориул­сан гэдэг ч юм уу. Ингэж чадвал хариуц­лагатай уул уурхай бий болно. Мөн монгол хүний байгалиа дээдэлсэн зан заншил, сэтгэхүй дээр тулгуурлах хэрэгтэй.

-Монгол зан заншил гэлээ. Олон хүний хэлж байгаагаар монгол уламжлалаа сэргээж чадвал ногоон өсөлт тэр бололтой. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Ер нь бол тийм. Монгол хүний олон мянган жил амьдарч ирсэн дадал заншил нь байгальтайгаа илүү ойр, хамгийн бага хэрэглээтэй, байгаль орчноо тогтвортой ашигладаг тийм л ард түмэн байсаар ирсэн. Энд яриад байгаа ногоон хөгжил тэнд агуулагдсан байгаа юм. Тухайлбал, монгол хүн өөрийн гэсэн аяга, халбагатай явдаг байсан. Энэ нь нөгөө эдэлгээ уртасгах арга хэмжээ. Малаа мориор хариулж ирсэн. Гэхдээ сүүлийн үед мотоциклиор малдаа явдаг болж. Гэх­­дээ мориороо хариулж яагаад бо­лохгүй гэж. Хэдийгээр шууд утгаараа мотоцикль байгальд үзүүлэх хор нөлөө бага ч ажиллуулах бензинийг гаргаж авахаас эхлээд байгаль хортой үйл ажиллагааг дэмжиж байна гэсэн үг л дээ. Тиймээс эрдэмтэн судлаачид монгол зан заншлын талаар судалж, орчин үеийн нийгэмд нутагшуулах ажлыг хийх нь чухал болоод байна. Энгийн амьдралын хэвшлээс гадна ком­паниудын менежментэд нэвтрүүлэх шаардлагатай.

-Саяхан “Тогтвортой хөгжил”-ийн талаар хурал болж өнгөрсөн. Тэгвэл манай улс тогтвортой хөгжиж чадсан болов уу?

-Миний хувьд чадаагүй гэж хэлнэ. Бүх талаараа зөв тогтвортой хөгжих хэрэгтэй. Тогтвортой гэдэг чинь бүх талаараа тодорхой баланстай. Эрсдэл даах чадвартай байх нь чухал. Харин ингэж чадахгүй байгаа учраас л бид өнөөдөр хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатай. Ногоон төрийн бодлого, үзэл бодлын талаар яриад зарим нь үйл ажиллагаандаа тусгаад байгаа юм. Хамгийн наад зах нь бид байгаль эхдээ хоргүй үйл ажиллагаа явуулах учиртай.

-Ногоон хөгжилд “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ-ын оролцоо үүрэг юу байх вэ?

-Төрийн бус байгууллагын хувьд нэн түрүүнд хийх ёстой ажил бол олон нийтэд ногоон хөгжлийн талаар сурталчлах явдал юм. Энэ тал дээр “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон ихээхэн үүрэг хүлээн ажиллана. Иргэний нийгмийн зүгээс энэ төрлийн төрийн бус байгууллага байгуулж байгаа нь ихээхэн сайшаалтай. Тиймээс бид өөрсдөө бусдад үлгэр дууриал болох учиртай юм.