Өрийн сүлжээ үүсчихэн нь үнэн

Эрчим хүчний үнийг нэмэх талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн ч ажил хэрэг болоогүй. Харин 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлаж байгаатай холбоотой энэ сард эрчим хүчний үнэ нэмэгдэх нь дамжиггүй болсон байна. Тиймээс эрчим хүчний үнийг нэмэх асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос тодрууллаа.

-Эрчим хүчний салбарын хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг чухал асуудал. Тэгвэл эрчим хүчний үнийг нэмснээр салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд дэмжлэг болох уу?

-Үнийг нэмээд л салбарын бүх асуудал шийдэгдэхгүй. Эрчим хүчний салбарт хийх олон зүйл байна. Гэтэл тэдгээр ажлыг хийхэд хөрөнгө мөнгө их шаарддаг. Тухайлбал, цахилгаан станциудад технологийн шинэчлэл хийх гэдэг салбарын тулгамдсан асуудлын нэг. Гэвч эрчим хүчний үнийг нэмлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Гэхдээ үнийг нэмэх нь байнга алдагдалтай ажилладаг тус салбарт нэмэр болох уу гэвэл болно. Хамгийн наад зах нь үйлдвэрлэсэн өртгөөсөө хямд өртгөөр цахилгаан худалддаг байдал өөрчлөгдөхөөр салбар хоорондын өр, төрөөс авах татаас гээд олон зүйл хөнгөрнө.

-Та сая салбар хоорондын өр гэлээ. Өнөөдрийн байдлаар нүүрсний уурхай, цахилгаан станц, төмөр зам гэх гурван том салбарын хооронд “гурвалжин” өрийн сүлжээ үүссэн гэдэг. Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Үнэхээр энэ гурван салбарын дунд өрийн сүлжээ үүсчихэн нь үнэн. Гэхдээ аажмаар асуудлыг шийдэж болно. Нэг амьсгаагаар шийдэхэд бэрх ч эрчим хүчний үнийг нэмэх нь аажмаар үр дүнгээ өгнө гэж бодож байна. Эрчим хүчний үнийг нэмснээр орж ирэх хөрөнгийн 40 хувийг эрчим хүчний станциудад зориулах бол 20 хувийг төмөр зам мөн үлдсэн 20 хувийг уул уурхайн компаниудад хувиарлана. Ингэснээр өрийн асуудал бага багаар цэгцрэх байх. Ер нь цахилгаан станциуд зах зээлийн үнээр эрчим хүчээ худаалдаад эхлэх нь өрийн асуудлыг шийдэх нэг том гарц мөн.

-Манай улсын эрчим хүчний үнийг дэлхийн жишгээс хэтэрхий доогуур гэдэг. Гэхдээ эрчим хүчний үнийг нэмэх нь хүн амын амьжиргааны түвшинтэй шууд холбоотой асуудал. Өнөөдөр монголчуудын амьдрал тийм ч сайн биш байна. Тиймээс эрчим хүчний үнийг ямар хэмжээнд нэмэхээр төлөвлөж байгаа бол?
-Өнөөдөр манайд зах зээлд ороогүй ганцхан салбар байгаа нь эрчим хүч. Өнгөрсөн онд гэхэд л эрчим хүчний салбар 54 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн дүн гарсан байна. Тиймээс тодорхой хэмжээнд үнийг нэмэх нь зайлшгүй асуудал юм. Эрчим хүч бол хүн амын амьжиргааны түвшинтэй холбоотой асуудал мөн. Энэ утгаараа төрөөс үнийг тогтоож ирсэн. Үнийг нэмэхдээ ч энэ асуудлыг бодолцсон байгаа. Эрчим хүчний зохицуулах газраас иргэдийн цахилгааны хэрэглээг тооцсоны үндсэн дээр 200 кВт-аас хэтэрсэн цахилгааныг нэмэгдсэн өртгөөр бодно гэсэн. 200 кВт дотроо багтаад явбал иргэд өндөр үнээр цахилгаан худалдан авахгүй гэсэн үг. Мөн өдөрт 200 кВт хүртэл цахилгаан хэрэглэдэг айл нийт хүн амын 80 хувийг эзэлж байгаа юм. Тиймээс эрчим хүчний үнийг нэмэх асуудал иргэдийн амьдралд дарамт болохгүй гэсэн үг. Харин ч үнийг нэмэх нь томоохон үйлдвэр, аж ахуй нэгжид эрчим хүч хэмнэх ухааныг суулгаж өгөх юм.

-Энэ удаа тогтоож байгаа үнэ ч гэсэн зах зээлийн ханасан үнэ биш гэсэн. Хэрвээ эрчим хүчний үнийг зах зээлийн горимд шилжүүлнэ гэвэл одоо байгаагаас хэр үнэтэй болох вэ?
-Иргэдийн хэрэглээний хувьд 5-15 төгрөг. Хувиар бол 10 орчим хувиар үнэ нэмэгдэнэ. Харин томоохон үйлдвэр, аж ахуй нэгжийн хувьд 30 орчим хувь ч гэдэг юм уу. Ер нь нийтдээ 30-50 хувиар эрчим хүчний үнийг нэмэхэд зах зээлийн үнэдээ дөхөж очих юм. Ингэж чадвал нөгөө салбар хоорондын өр амархан цэгцэрч чадна. Хэдийгээр үнийг энэ мэт нэмлээ ч гэсэн олон улсын түвшинд аваад үзвэл хямд гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Үнийг нэмэх асуудал өнгөрсөн оны сүүлчээс яригдсан. Гэхдээ өнөөдөр ч нэмэгдээгүй л байна. Яг хэдийгээр нэмэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Эрчим хүчний үнийг уг нь өнгөрөгч оны долоодугаар сарын 1-нд нэмэх ёстой байсан. Гэхдээ зарим нэг асуудал тэр дундаа сонгуулиас болоод тухайн асуудал хойшлогдсон. Харин одоо бол энэ сардаа багтаагаад бүх зүйлээ жин тан болгох төлөвлөгөөтэй байна.

-2013 оныг эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарлалаа. Харин монголчуудын дунд энэ талын ойлголт сайнгүй. Тэгвэл эрчим хүчний хэмнэлт гэж чухам юу вэ?
-Манайд байдаггүй нэг ойлголт бол эрчим хүчний хэмнэлт юм. Ард иргэд, аж ахуй нэгж гээд бүгд л ямар ч ашиггүй цахилгаанаа гүйлгэх нь элбэг. Энэ нь нэг талаар эрчим хүчний үнэ хэтэрхий хямдхан байгаатай холбоотой. Дээрээс нь эрчим хүчээ хэмнэх нь ямар их ашгийг араасаа дагуулахыг мэдэхгүй байна. Хэрвээ бид эрчим хүчийг хэмнэлттэй ашиглаад сурчихвал 10-15 мВт-ыг хэмнэх боломж бий. Энэ чинь жижиг хэмжээний цахилгаан станц гэсэн үг. Дээрээс нь эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа энэ үед шинээр цахилгаан станц ашиглалтад орох хүртэл бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол эрчим хүчний хэмнэлт юм.